ЛЕДИ ГАГА МОСКВАД АНХ УДАА ТОГЛОНО

Америкийн дуучин Леди Гага өнөөдөр Москва хотод анх удаа тоглолтоо хийнэ. “Born This Way” аялан тоглолтынхоо хүрээнд хийж байгаа түүний цорын ганц тоглолт “Олимп” цогцолборт болох ажээ.
Поп дива өмнө нь Санкт-Петербург хотод тоглолтоо хийсэн юм. Леди Гага Москвад хүрэлцэн ирэхэд хэдэн зуун шүтэн бишрэгчид нь угтан авчээ.

Дуучин даваа гарагт Орост ирсэн бөгөөд нийслэл хотын төвд оршдог зочид буудалд байрласан байна.
Леди Гагагийн тоглолтод Британийн алдарт хамтлаг “The Darkness” болон DJ Lady Starlight нар оролцох ажээ. Тоглолт Москвагийн цагаар 19 цагт эхлэх боловч Леди Гага тоглолт эхэлснээс хоёр цагийн дараа тайзнаа гарах гэнэ. Тэрбээр хит болсон дуунуудаасаа гадна, “Born This Way” цомогт нь орсон дуунуудаа дуулна.
Өдгөө 26 настай Стефани Анжелина Жерманотта буюу Леди Гага нь Грэммигийн шагналыг 5 удаа, “МТV Awards”-ын шагналыг 30 удаа хүртсэн юм. Тэрбээр бүжгийн поп хөгжмийн хэмнэлийг глэм-рок, диско, электро болон R&B урсгалтай хослуулдаг. Шүтэн бишригчид нь түүнийг “шинэ Мадонна” гэж нэрлэж байгаа бол харин дуучин Дэвид Боу, Фреди Меркьюри нарыг өөрийн багш гэж үздэг байна. Чухам тэд надад поп болон теартын урлагийг яаж хослуулж болохыг анх харуулсан гэж Леди Гага ярьжээ.
Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих