Мэдэгдэл

Шинэ он гарсны дараах долоо хоногоос эхлэн

нийгмийн тэргүүн магнайд явдаг сэтгүүлзүйн салбар, сэтгүүлчдийг хиртхийлгэсэн үйл явдал удаа дараалан өрнөлөө. 2013 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр Tsag.mn сайтын захирал, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг хэвлэн нийтлэх үйл ажиллагааныхаа явцад бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн, эрх чөлөөнд нь санаатайгаар халдсан гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийн 111.2 хэсэгт зааснаар хэрэг үүсгэн 2013 оны нэгдүгээр сарын 8-нд баривчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр ангид хорилоо.

Сэтгүүлч Б.Цогтгэрэл МАН-ын хэлтэсийн даргаар томилогдоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр улстөрийн байгууллагын хэлтсийн дарга гэхээсээ илүү 1998 оноос хойш Монголын сэтгүүлзүйд хүч хөдөлмөрөө зарцуулсан, ардчиллыг бүтээлцсэн шинэ үеийн сэтгүүлзүйн төлөөлөгчдийн нэг юм. Энэ бүх хугацаанд Б.Цогтгэрэл телевиз, FM радио болон интернэт орчинд идэвхтэй хэвлэн нийтэлж ажилласан нь нийтийн сэтгэлд хүрсэн учраас өөрийн уншигч, сонсогчтой болсон. Хэвлэн нийтлэх үйл ажиллагаагаараа ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой болох үйлст үнэнчээр, гар бие оролцсон сэтгүүлч байсны нь илэрхийлэл юм. Гэтэл сэтгүүлч Б.Цогтгэрэлийг хорих шалтгаан болоод байгаа Tsag.mnсайтад гарсан Орхон аймагт АН-аас нэр дэвшсэн н.Улаанхүүгийн талаарх мэдээлэл нь тухайн үед бусад мэдээллийн хэрэгслүүдээр ч цацагдсан бөгөөд анхны эх сурвалж нь ямартай ч Tsag.mn сайт байгаагүй юм. Нэгэнт олон нийтэд олон сувгаар хүрсэн мэдээллийг ганцхан Tsag.mnсайттай холбогдуулан сэтгүүлчийг хорьж, цагдаж байгаа нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд санаатайгаар халдаж, ардчиллын хэм хэмжүүрийг үгүй хийж буйн зэрэгцээ улстөрийн зорилготой байж ч болох талтай байна. Учир нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болох буюу эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болох, эсхүл гэмт хэрэг үйлдэж болох үндэслэлтэй бол нэгдүгээрт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах, хоёрдугаарт батлан даалтад өгөх, гуравдугаарт эд хөрөнгө барьцаалах, дөрөвдүгээрт цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх, тавдугаарт таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай заасан. Гэтэл сэтгүүлч Б.Цогтгэрэл интернэтээр мэдээлэл түгээснийхээ төлөө шууд хамгийн хүнд хэлбэрээр  буюу цагдан хоригдож байгаа нь улстөрийн зорилгоор сэтгүүлзүйн хэвлэн нийтлэх эрх чөлөөг цензурлэж буйн илрэл. Цагдан хорих арга хэмжээг 72 цагаар авах боломжтой байхад 14 хоногоор хорих шүүгчийн захирамж гаргасан. Үүнийгээ ч албаны эх сурвалжууд одоог хүртэл сэтгүүлчдэд үнэн бодитоор мэдээлэхгүй нуун далдалж байна.

Мөн энэ цаг хугацаатай давхцуулан Хадгаламж зээлийн хоршооны хөрөнгө мөнгөнөөс завшсан хэмээн Монгол Ардын Намын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга асан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарт хаягласан, чиглэсэн ор үндэслэлгүй гүтгэлгийг нийтийн дунд түгээж байна. Ийн өнөөдрийг хүртэл улам батжин бэхжиж ирсэн Монголын сэтгүүлзүйн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд аймшиггүйгээр халдаж, улстөрийн зорилгоо хэрэгжүүлэх, баталгаажуулах арга хэрэгсэл болгон ашиглаж байгаад харамсч байна.

Дээрх үйл явдлуудын хамгийн төгсгөлд буюу өчигдөр үдээс хойш сэтгүүлч Б.Цогтгэрэлийг эдийн засгийн хэргээр шалгуулахаар намынх нь удирдлагууд Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргасан гэх ташаа мэдээлэл цацагдлаа. Б.Цогтгэрэлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдалд Улсын мөрдөн байцаах газар ямар ч хамааралгүй Монгол Ардын Намын удирдлагын зүгээс хэлтсийнхээ дарга Б.Цогтгэрэлд хаягласан эдийн засгийн асуудал бүхий гомдол огт байхгүйг иргэд, олон нийтдээ хариуцлагатайгаар сонордуулж байна. Харин ч энэ мэт эх, захгүй гүтгэлэг нь үйл явдал улстөрийн зорилгоор өрнөөд байна уу гэсэн нийтийн дунд хэдийнэ үүссэн хардлага, хандлагыг баталж байх шиг. Энэчлэн улстөрийн зорилгоор зохион байгуулалттай гэмээр үйл явдал, дүгнэлт шийдвэр, мэдээлэл ар араасаа түгээгдэж буйн зоргоор Монгол Ардын Нам няцаж, ухарч, улстөрийн хариуцлагаасаа хазайхгүй. Хазааргүй, захиалгад үйлчлэх болсон эрүүл бус цаг хугацаа, нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө улстөрийн ууган хүчнийхээ үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэх болно. Цаг ямагт хүний эрх, эрх чөлөө, эрүүл сэтгүүлзүйн хэвлэн нийтлэх эрхийг хамгаалах болно.

 

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн

Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл,

олон нийттэй харилцах хэлтэс


URL:

Сэтгэгдэл бичих