Агаар бохирдлын мэдээг зарладаг болно

utaa-middleЖАЙКА-гийн техник хамтын ажиллагааны төсөл 2009-2013 оны хооронд Нийслэлийн агаарын чанарын албан дээр “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” чиглэлээр хэрэгжиж дуусаад байна. Өчигдөр “Монгол-Японы төв”-д уг төслийн хурлын үр дүнгийн талаарх хурал боллоо.

Энэ үеэр уг төслийн ач холбогдол, үр дүнгийн талаар Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайханаас тодрууллаа.

-Уг төслийн гол ач холбогдол нь юу байна вэ?

-Өнгөрсөн гурван жил хэрэгжсэн уг төслийн ачаар багагүй үр дүн бий болсон. Тодруулбал, утааны хийн хэмжилт, эрчим хүчний оношлогоо зэрэг зургаан зүйлийг нэрлэж болно. Түүнчлэн Нийслэлийн агаарын чанарын алба хамгийн орчин үеийн бохирдлыг тодорхойлдог багаж, тоног төхөөрөмжтэй болсон. Мөн энэ чиглэлээр үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэж авсан зэрэг олон үр дүн гарсан.

-Эдгээр мэргэжилтнүүд бүгд агаарын чанарын албанд ажиллах уу?
-Бүгд нэг газраас биш янз бүрийн чиглэлээр бэлтгэсэн. Тухайлбал, Цахилгаан станцуудаас дөрөв, Улсын агаарын чанарын албанаас хоёр, Нийслэлийн агаарын чанарын албанаас хоёр хүн ту тус бэлтгэсэн байгаа.

-Өнөөдрийн /өчигдөр/ үр дүнгийн хурлаар ямар илтгэл үүд тавигдаж байна вэ?
-Агаарын бохирдлын үед авах арга хэмжээний талаар зөвлөмжүүд боловсруулсан. Үүнд усан халаалттай буюу нам даралтын зуухнуудыг төвлөрүүлэх мөн хуучин нам даралттай зуухнуудыг цахилгаан баригчтай болгох, гэрийн зарим зуухнуудыг усан халаалттай зуухаар солих, циклон үнс баригч суурилуулах зэрэг саналыг дэвшүүлсэн. Мөн дулааны цахилгаан станцаас ялгарах үнсийг хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зуухны бүртгэл хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг илтгэлүүд тавигдана.

-Япон улсын агаар нь их хэмжээгээр бохирдож байсан гэсэн. Тэд энэ байдлаасаа хэрхэн гарч байсан юм бол?
-Япон улс 1970-аад оны үед яг одоогийн манай Улаанбаатар шиг байдалтай болсон. Гэхдээ тэднийх химийн гаралтай байсан учир агаарын бохирдлоос үүдэлтэй өвчин үүсч байсан. Энэ байдлаас гарч чадсан гол арга зам нь хяналтын тогтолцоог нэлээд сайжруулсны үр дүнд тэр байдлаасаа гарч чадсан юм. Тиймээс бид тэднээс туршлага судалж байгаа учир тэдний арга замаар л явж байна.

-Уг төсөл нийт хэчнээн төгрөгийн санхүүжилтээр хийгдэв?
-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын шугамаар хэрэгжсэн техник туслалцааны төсөл юм. Өөрөөр хэлбэл, Япон улсаас манай улсад үзүүлсэн техникийн буцалтгүй тусламж гэсэн үг. Нийтдээ 650 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байгаа.

-Агаарын бохирдлыг бууруулахад агаар бохирдлын хяналт тийм чухал байдаг юм уу?
-Өнөөдөр хүн бүр агаарын бохирдол гэж ярьж байгаа ч хэмжилт хийж чаддаг хүн хэд байгаа билээ. Монгол Улсын хэмжээнд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль нэг ч байхгүй байна. Тиймээс “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”- ийн нэг том үр дүн нь үндэсний мэргэжилтэн бэлтгэсэн асуудал юм. Өөрөөр хэлбэл, өвчтэй хүнийг эмчлэхийн тулд эхлээд оношлох хэрэгтэй байдаг. Хэрэв оношлогоо зөв бол эмчилгээ үр дүнгээ сайн өгнө. Үүний нэгэн адил агаарын бохирдлын хэмжилтийн үр дүн хэдий чинээ сайн байна. Төдий чинээ богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулж чадна гэсэн үг.

-Одоо агаарын бохирдлын хяналтын асуудалд толгой өвдөхөөргүй боллоо гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Үндэсний хэмжээний мэргэжилтнүүдтэй болсон. Гэхдээ сур сур бас дахин сур гэдэг биз дээ. Манай мэргэжилтнүүд Японы мэргэжилтнүүдээс дутахгүй чадварлаг болсон. Тухайлбал, утааны хийн хэмжилт гэдэг нь маш олон аргачлалтай амаргүй ажил болох дулааны цахилгаан станцуудын яндан, нам даралтын зуухнууд дээр манай мэргэжилтнүүд хийж байгаа. Ер нь Нийслэлийн агаарын чанарын алба төдийгүй дулааны цахилгаан станцуудын зуухны цехийн мэргэжилтнүүдийг мөн бэлтгэсэн. Одоогоор 10 гаруй хүн байна. Цаашдаа 20-30 мэргэжилтэнтэй болох шаардлага байгаа.

-Уг төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө агаар бохирдлын хэмжээг хэрхэн хэмжиж байсан юм бэ?
-Энэ төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө бид Улаанбаатар хотын агаарын бохирдол их байна гэж яриад л, хоёрхон үзүүлэлтээр хэмждэг байсан. Гэтэл одоо агаарын чанарын үндсэн үзүүлэлт болох 7-8 үзүүлэлтээр хэмжиж байгаа. Тухайлбал, нарийн ширхэгтэй, бүдүүн ширхэгтэй тоосонцор зэргийн хэмжиж чаддаг болсон. Эдгээр тоосонцорууд нь хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл нь угаарын хийн хор хөнөөлөөс их байдаг гэдгийг тогтоож байна. Өөрөөр хэлбэл, агаарт агуулагдаж байгаа нарийн бүдүүн тоосонцорууд нь шууд амьсгалын замаар дамжиж элэг, уушгинд наалдаж байдаг. Хамгийн хортой нь байх жишээтэй. Энэ мэтээр маш нарийн зүйлүүдийг тогтоож чадаж байгаа.

-Цаашдаа агаарын бохирдлын хяналтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Японы ЖАЙКА-гийн хоёрдугаар үе шат хэрэгжиж магадгүй байгаа. Тиймээс цаашдаа олон мэргэжилтэн бэлтгэгдэх байх. Ер нь нэг байгуулагад хэдхэн хүн байна гэдэг хангалттай тоо биш. Учир нь нэлээд хэдэн аймгийн төвүүд агаар нь бохирдож эхэлж байна. Тиймээс тэдгээр аймгуудад очиж хэмжилтээ хийж, агаарын чанарыг нь тодорхойлоод ажиллах олон мэргэжилтэн шаардлагатай байна.

Ер нь цаашдаа цаг агаарын мэдээ шиг агаарын чанарын мэдээг бэлтгэдэг болно. Бид одоо нийт агаарын бохирдлын 60 хувийг гэр хороолол бүрдүүлж байгаа гэж ярьж байна. Гэтэл энэ тоо нь аль эрт 2008 онд гаргасан судалгаа юм. Харин одоо уг төслийн ачаар агаар бохирдлын хэдэн хувь нь авто машин, хэдэн хувь нь нам даралтын зуух эзэлж байна гэдгийг нарийн тогтоох болно.

Ж.Отгонмягмар


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.