О.Магнайгийн судалгаагүй шийдвэр урлагийнхныг бухимдуулж байна
Ам барьдаг дуучдыг цэгцлэх талаар О.Магнай дарга хэсэг уран бүтээлчдийн хамтаар хөдлөх гэж байгаа. Энэ нь ч нийгэмд олон байр суурийг бий болгож, хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээн аваад буй. Ямар нэгэн болохгүй зүйлийг сөхөж гаргаад хийнэ гэдэг хамгаас зөв. Гэхдээ өмнө нь хийх гэж байгаа ажлаа тодорхой хэмжээнд судлаад учир начрыг нь тунгаасныхаа дараа оролдож эхэлбэл тун дорвитой ажил болмоор.
Өнөөдөр урлагийн салбарынхан утгаа алдаж байна гэж үзэх хүмүүс олон байдаг ч нөгөө талаар энэ салбарыг аврахын тулд зүгээр л нэг туйлбаргүй шийдвэр гаргана гэдэг бол дарангуйллаас ялгаагүй зүйл юм. Юу хэлэх гээд байна вэ гэвэл урлагийнхан ам барьж дуулахад юу нөлөөлөв гэдгийг эхлээд ярих нь зүйн хэрэг байх. Дуучид мэргэжлийн сургууль төгсч шалгуураар орон дипломоо аваад дуучин гэж цоллуулах эрхтэй болдог. Сонирхлоороо энэ салбарт орж ирсэн хүмүүс байгааг үгүйсгэхгүй ч мэргэжлийнхнийг гүйцэхээр олон биш.
Хамгийн гол нь хүн болгон ресторан ажиллуулдаг болсон, урлаг шоуны үйл ажиллагаа эрхэлж байгаа цагт хөгжим, техник, тоног төхөөрөмжийн асуудал хамгаас чухал гэдгийг урлагийн салбарынхан найман настай балчраасаа 80 настай буурал хүртлээ нэгэн дуугаар хүлээн зөвшөөрнө. Мэргэжлийн хэмжээний дуугаралт, өсгөгч, чанга яригч гээд дуучин дуулж байгаа дуугаа сайхан чигээр нь үзэгчдэд хүргэхийн тулд бүхэл бүтэн баг, чанартай техник, тоног төхөөрөмж ажиллаж байж бий болдог зүйл гэдгийг ойлгох, цаашлаад ийм газруудаа цэгцэлж шалгаад дуучдын амьд дуулах орчинтой болгосных нь дараа амьдаар дуулуулъя гэдэг шаардлагаа тавибал зөв бөгөөд цагаа олсон сайхан шийдвэр байх болов уу.
Монголдоо л хамгийн томд тооцогдох УБ Палас нь хүртэл стандартад хүрсэн үйл ажиллагаа явуулдаггүй учраас зарим нэг тоглолтод МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нар ч ам барих тохиолдол бишгүй байдаг гэсэн. Баяр ёслолын арга хэмжээгээ ресторанд тэмдэглэж байгаа үед ч тоног төхөөрөмж, дууны инженерээс эхлээд олон зүйл хэрэг болдог учраас яалт ч үгүй бичлэг тавих тохиолдол гардгийг урлагийнхан үгүйсгэхгүй. Үгүй дээ л монитор ажиллуулж байж дуучид дуулдагийг тогтоож судалгаа хийж байж амьд, үхсэний зэрэглэл тогтоохгүй юм бол зүгээр л нэг сэтгэлийн хөөрлөөр дуучдыг хязгаарлах гэж ийм шийдвэр гаргавал цаашдаа урлагийнхны багагүй эсэргүүцэлтэй О.Магнай дарга тулгарах бололтой. Алсын хараатай, бүгдэд таалагдсан шийдвэр гаргахын тулд эхлээд орчин, нөхцөл, ядаж л шоу, саунд арга хэмжээ явуулж байгаа газруудыг стандартжуулах нь зөв юм шиг.
http://amur77.miniih.com/index.php/home/post/1448
URL:






