Дарангуйлагчийн сүүлчийн өдрүүд…

Адольф Гитлер 1945 оны 4-р сарын 30-нд газар доорх хоргодох байрандаа амиа хорлож нас барсан юм. Түүнийг товчхон тодорхойлбол, XX зууны хамгийн харгис бас агуу хүн. Цэргийн жанжин, мөн цэргийн гэмт хэрэгтэн.

Үнэхээр Оросуудын олсон цогцос Гитлерийнх мөн гэж үү? Гитлерийн амьдралын сүүлчийн өдрүүд, хаана оршуулсан зэрэг олон асуулт хөшигний цаана байсаар. Москвагийн музейд хадгалагдаж байгаа гавлын ясны  хэсэг Берлинд амиа хорлож нас барсан Гитлерийнх мөн үү?

Бранденбургийн хаалга. Нэгдсэн хоёр Германы төвд байдаг юм. Олон түүх туулсан хот нууцаа дэлгэх болов уу. Дэлхийн II дайнаас өмнө Бранденбургийн хаалга огт өөр утга санаа, агуулгатай байлаа. Гитлер энэ хаалгыг 1000 жилийн хаанчлалт III Рейхийн бэлэг тэмдэг гэж үзэж байсан гэдэг. Яг энэ хаалганаас дорно зүгт Урал, баруун зүгт Атлантын далай  хүртэл эзэлнэ гэж тэр тооцоолжээ. Гэтэл дорноос баруун хүртэл ширүүн тэмцэлтэй тулсан юм.

1945 оны 4-р сарын 30-ны өдөр Бранденбургийн хаалга ялагдал, буултын илрэл болж, юу ч үгүй болтлоо шатлаа. Мянган жилийн хаанчлал мөрөөдсөн Рейх 13 жилийн дараа ялагдал хүлээж байгаа нь энэ. Цэцэглэн мандаж байсан газар хоосорч, дэлбэрэлтэд өртөж, үнс нурам болжээ. Тэр үед Фюрерийн төв штаб Берлин хотын төвд байрлаж байлаа. Дайны жилүүдэд Батлан хамгаалахын сайд байсан Гитлерийн итгэлт уран барилгач Альберт Шпеер тусгай загвар гаргаж, шинэ хот байгуулахаар мөрөөдөж байсан гэдэг. III Рейхийг унахад мөрөөдлийн хот нь ч газар булагдаж, мартагдлаа.

Энэ бүхнийг хадгалж, нууцалсан газар доорх хоргодох байрыг дайны жилүүдэд бүрэн олж илрүүлж чадаагүй юм. Удтал эрж судалсны дүнд 1988 онд хоргодох байрыг олж, бүрэнмөсөн устгасан. Хоргодох байрны хананд нацистуудын мөрөөдөл болсон бүхнийг буулгаж, ур чадвар муутай зурсан СС-ийн цэргүүдийг өнгө өнгийн будгаар буджээ. Чийг үнэртсэн энэ хоргодох байр сүүлчийн Рейхийн амьдралынхаа эцсийн мөчийг өнгөрөөсөн газар.

Гэхдээ Берлин хот хэзээ ч нацизмыг дэмжиж, таашааж байгаагүй юм. II дайны сүүлчийн буун дуу намжсанаас хойш тэр үеийн Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталин, Гитлерийн цогцосны эрэлд гарлаа. Адольф Гитлер үхсэн юм бол цогцос нь хаана байна? Энэ асуултыг дагаад хэвлэлүүд янз бүрээр бичиж эхэллээ. Амьдралд нь ямар ч зөвшөөрөлгүй орж ирсэн Гитлер амьд юм биш биз гэсэн эргэлзээ хүмүүст түгшүүр төрүүлэв. Гэсэн атлаа тэд бас Гитлерийг тийм ч амархан явуулчих хүсэлгүй байв.

 Адольф Гитлер албан тушаал ахих анхны алхам эхэлсэн газраа дууссан юм. 1918 оны Берлин хот. Дэлхийн I дайны дараа эмх замбараагүй байдал гаарсан газар. Амьд үлдсэн цэргүүд буцаж, цуст дайн дуусчээ. Гитлер найз нөхдөөсөө үргэлж ялгарч, онцгойрохыг хүсэгч нэгэн. 1914 оны 8-р сарын халуу шатсан Вена хотод Гитлер бага насаа эргэлт буцалтгүй үдлээ. Дайн тулаанд хөөрсөн Гитлерийн төрхийг тодруулцгаая. Тэр үед бага дарга байсан Гитлер баруун фронтод юу чаддагаа харуулж, төмөр загалмайн I зэргийн одонгоор шагнуулжээ. Эндээс л цэрэг дайны салбарт шат шатаар дээш өгсөх эхний алхмаа хийсэн гэдэг.

1920-иод он гэхэд ирээдүйн хүчирхэг, хэт үндсэрхэг намын дарга боллоо. Жинхэнэ хүчирхэг удирдагч байж, Германыг дэлхийн тэргүүлэх гүрэн болгох уриатай хэт үндсэрхэг үзэлтнүүдийн нам эдийн засаг, ядуурлын гол шалтгаан болж байлаа. 1923 онд Мюнхенд болсон хуйвалдаан илэрч, бүтэлгүйтсэний дараа Гитлер Үндсэн хуулийн дагуу ардчилсан сонгуулиар төрийн толгойд гарав. Гэхдээ энэ нь хүчирхийлэл, үзэн ядалт дагуулсан сонгууль болсныг хэлэх хэрэгтэй. Гитлер ардчилллыг таашаадаггүй нь удалгүй тодорхой боллоо. Хүссэн улсаа байгуулахад хүч чадал л түүнд чухал ажээ.

 1933 онд Германд эдийн засгийн хямрал болж, холбооны канцлер огцров. Хуйвалдагчид ч зүгээр суугаагүй нь тодорхой. Ингээд Гитлер хүссэн ёсоороо бүхний эзэн болсон юм. Зэвсэгт хүчин ерөнхий командлагчдаа үнэнч байхаа амлаж тангараг өргөлөө. Ингэж Гитлер Герман улсын, германы ард түмний дарангуйлагч болон хувирчээ. Гэхдээ Германы олон мянган жирийн иргэний хувьд дарангуйлагч гэдгээсээ илүү 1918 оны дэлхийн I дайнд ялагдан гишгэгдсэн үндэсний бахархал, нэр төрийг нь сэргээж чадах хүчирхэг удирдагч байсан юм. Олон түмний гомдол цөхрөл, ялалтын төлөөх хүсэл сэтгэл, нэг талаар сул талыг ашиглаж Гитлер нэрд гарчээ.

Адольф Гитлерийн хувийн бие хамгаалагч Генрих Гиммлерийн хүчин зүтгэлээр СС-ийн цэргүүд улс доторх улс болов. Тэд хэт үндсэрхэг үзэл буюу нацизмын гол үлгэр жишээ болжээ. Гэхдээ тухайн үед хэн ч СС-ийг хэдхэн жилийн дараа Германы шүдний өвчин, цаашлаад эзлэгдсэн Европын аймшгийн мангас болж хувирна гэж таамагласангүй. Тэгж таамаглах сөхөө ч байсангүй. Нацистуудын гол тулгуур болгосон үзэл  баримтлал бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах. Чухам энэ балагт бодлогын харгайгаар Освенцим, Треблинк, Майданекийн бөөнөөр хорих газарт мянга мянган еврей хүн амь насаа алдаж, тамлагдан зовсон юм.

Гитлер байнга нэмэгдэх цэрэг зэвсгийн хүчээрээ үндэсний нэгдмэл үзэл санааг харуулахыг оролдлоо. Энэ нь германчуудын дунд аль хэдийнэ асаасан үндсэрхэг үзэлд тулгуурлан эрх мэдлээ хадгалахад Гитлерт нөлөөлсөн юм. Хүчтэй зэр зэвсгээр цэрэг, армиа хангах явц хурдацтай үргэлжилж байлаа. Эхлээд нууцаар л даа. 1935 оноос дэлхий нийтэд ил болж, сайтар боловсруулсан ухуулга сурталчилгааны ачаар өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа Германы армийн доторх зарим нэг сул талыг нууцалж чадсан юм.

Барууны ардчилагчид хэдхэн жилийн өмнөх цус урссан дайн, цэрэг армиас эмээсэн хэвээр байлаа. Гитлер ч энэ байдлыг овжин ашиглаж, цус асгаруулахгүй ялалт байгуулах эхний алхмуудаа хийж эхэллээ. 1936 оны 3-р сард генералуудынхаа эсэргүүцлийг үл тоож, Рейний бус нутагт цөмрөн оров. Энэ хэсгийг цэрэг зэвсэггүй бүс гэж зарласан байсан юм. Хоёр жилийн дараа Австрийг эзлэн авч, Чехословакийн герман хэлтэй иргэд оршин суудаг Судет рүү орох замаа нээлээ. Улмаар 1939 оны 3-р сард Чехословакийг бүрэн эзэлж авчээ. Одоо хаачих бол? Энэ удаад Германы хэзээний дайсагнагч орон байсан Польшийг сонгожээ. Польшийн газар нутгаар дамжиж Германаас тусгаарлагчсан дорнод Прусс, далайн гол гарц Данциг боомтыг эзлэн авахыг санаархсан нь тэр. Нацист үзэлтэй олон тооны герман иргэн амьдардаг боомт хот Данциг, Польш, Германы хоорондын байнгын маргааны гол сэдэв байжээ.

1939 оны 8-р сарын 23-нд Гитлер нэгэн түүхэн гэрээнд гарын үсэг зурсан юм. Бие бие рүүгээ үл халдах гэрээг Зөвлөлтийн талтай байгуулжээ. Гэрээнд ЗХУ-ын гадаад хэргийн сайд Молотов, Германы гадаад хэргийн сайд фон Риббентроп нар гарын үсэг зурсан байдаг.

1939 оны 9-р сарын 3-нд Германы арми Польшийн хил рүү цөмрөн орлоо. Польш зургаан долоо хоног л тэсч чадсан юм. Орчин үеийн зэвсэг техникгүй, дайны бэлтгэлгүй байсан Польшийг буулгаж авах гол хүчин нь хуягласан танк, агаарын дайралтууд байлаа. Тэр үед Германы цэргүүд юунд ч дийлдэшгүй хүчтэй байв.

1940 оны дунд гэхэд Гитлер баруун Европын ихэнх хэсгийг эзэлжээ. Цэрэг зэвсгийн хүчээр болон Италийн дарангуйлагч Бенито Муссолинитой холбоотон болж эзэлсэн орныхоо тоог нэмсээр. 1941 оны 4-р сард “Цахилгаан” төлөвлөгөөнийхөө ачаар Гитлер Югослав, Грекийг ердөө хоёр долоо хоногийн дотор буулган авав. Дараагийн алхам эх газрын Болгар, Унгар, Румыньд хүртэл герман цэргүүд хүнд гутлынхаа мөрийг гаргасан юм.

 Ла-Маншийн хоолойн нөгөө эрэгт орших Англи улс энэ үед Гитлерийн анхаарлыг татлаа. Ерөнхий сайд Уинстон Черчиль Гитлерийн дараагийн алхмуудыг анхааралтай ажиглаж байсан гэдэг. Ингэхээс ч аргагүй. Англи улс түүхий эд зэрэг амьдралд нэн шаардлагатай зүйлсээ АНУ-аас усан замаар татдаг байсан үе. Хэрвээ Германы шумбагч онгоцууд далайн энэ тээврийг нь зогсоож, гадаад ертөнцөөс тасалбал Английг тоглоомоос хасагдсанд тооцож болохоор үе. Товчхондоо бол, энэ улсын хувь заяа хаашаа эргэх нь мэдэгдэхгүй дэнжигнэж байлаа. Гэхдээ англичууд гар хумхин суусангүй. Тэдэнд ч бас германчуудын мэдэхгүй нэг зэвсэг байсан юм. Германы цэргийн холбоогоор дамжих нууц мэдээллийг Англичууд тайлж чадсан юм. Германчууд холбооныхоо кодыг хэн ч тайлж чадахгүй гэж итгэж байжээ. Морз үсгээр дамжин эзэддээ очиж байгаа нууц мэдээллийг Английн холбоочид бүгдийг нь алдалгүй уншиж байв. Үүний дүнд Германы цэргүүд хаана байрлаж байгаа, ямар хүчин чадалтай, цаашид ямар төлөвлөгөө гаргасан гээд багагүй мэдээлэлтэй болжээ. Ийм боломж байлаа ч гэсэн Англи улс их газрын Европ руу дайрах чадал, боломж байсангүй. Германчууд эзэрхлээ тогтоожээ. Гагцхүү “Ультра” нууц мэдээлэл тайлах ажиллагааныхаа тусламжтайгаар аюулгүй байдлаа хангаж байлаа. Хэрвээ англичууд ийм мэдээлэл авч чадаагүй байсан бол Германы ноёрхол дахиад хэчнээн жил үргэлжлэх байсныг тааварлах аргагүй. Германы арми “Барбарос” тусгай төлөвлөгөөний дагуу Зөвлөлтийн газар нутаг руу дайрах гэж байгааг Английн холбоочид урьдчилан мэдэж чадсан түүхтэй.

1941 оны 6-р сарын 22-нд тэд тусгай ажиллагаагаа эхлүүлж, ЗХУ-ын газар нутаг руу цөмрөн орлоо. Зуны нар шатсан халуун өдөр ширүүн дайралт эхэлжээ. Зөвлөлтийн сая сая цэрэг бүслэгдэн олзлогджээ. 10-р сард “Барбарос” төлөвлөгөө цасанд боогдож, удааширлаа. Гэлээ ч ухарсангүй. 12-р сар гэхэд ЗХУ-ын хэд хэдэн томоохон хотод Германы цэргүүд тулж ирэв. Ганцхан удаа хүчтэй дайралт хийчихвэл германчууд ялахад ойрхон санагдаж байж. Энэ үед дайны үйл ажиллагаа улам тэлж, өргөн газар нутаг хамарчээ.

1941 оны 12-р сарын 7-нд Хавайн арлын Сувдан эрэгт байрлах Америкийн усан цэргийн томоохон боомт руу Японы арми халдсан юм. Америкийн байлдааны зориулалтын 8 онгоц устгасныхаа дараа япончууд улам цаашилж, Номхон далай, Алс дорнодод эзэрхлээ тогтоов. Энэ явдлаас 4 хоногийн дараа Гитлер стратегийн хувьд маш том алдаа гаргаж, АНУ-д дайн зарласан байна. Германыг өөрийг нь устгах их салхины эхийг ингэж тавьсан юм.
Энэ оныхоо 12-р сарын 19-нд Гитлер зэвсэгт хүчний ерөнхий командлагч фельдмаршал Браухичийг огцруулж, ЗХУ-тай дайтах ажиллагааг биечлэн удирдаж эхлэв. Түүхчдийн үздэгээр, энэ үед Гитлер үйл явдлыг хяналтдаа байлгаж чадсан, харин хожим нь үйл явдал, нөхцөл байдал Гитлерийг удирдах болсон юм.

1942 онд Гитлер дайралтаа ширүүсгэж, Германы танкууд Зөвлөлтийн өмнөд нутгаар хөлхөлдөж байлаа. Өвөл нь Сталинградын ойролцоо Германы арми бүслэгдэв. Амьд хүнгүй болтлоо бут цохиулсан нь Гитлерийн дорнод фронт дахь хамгийн эхний бүтэлгүйтэл байлаа. Энэ үеэс эхлэн Гитлер газрын зургаар байлдаж эхэлжээ. Дорнод Пруссын шигүү ойд Растенбургт байрлах штабдаа, бодит байдал, дайны утаанаас хол төлөвлөгөө гаргаж, тушаал өгч эхлэв. Өнөөдөр бетон хананы үлдэгдлээс өөр юу ч үгүй чухам энэ газарт Гитлер ялагдсан юм. 1943 оны сүүлээр Америк, Английн онгоцууд Германыг бөмбөгдөн, олон хот балгас болж хувирчээ. Дорнод хэсэгт Зөвлөлтийн танкууд Герман цэргүүдийн эсрэг хүчтэй довтолгоо хийж, дайны байдал анхныхаасаа эсрэг байдалд шилжих нь тэр. Энэ үеэс Бранденбургийн хаалганы дүр төрх өөрчлөгдөж эхэлсэн ч ялагдана гэж хэн ч төсөөлж байсангүй.

1944 оны 4-р сарын 25. Германчууд Гитлерийн 55 насны ойг тэмдэглэлээ. Нурж сүйдсэн байшингуудын хананд хас тэмдэгт туг далбаа хатгасны дотор “Хана нурсан ч бидний итгэл сэтгэл нураагүй” гэсэн бичиг өлгөөстэй. Гурван сарын дараа холбоотны цэргүүд Нормандад ирснээр Европ дахь Гитлерийн эзэгнэл ганхаж эхэллээ. Гэхдээ энэ бол ширүүн тулааны өмнөх эхлэл байсан юм. Хамгийн өндөр хүчин чадалтай техник технологи ашигласан ч гэлээ германчууд байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадахаа хэдийнэ больжээ.

 1944 оны 12-р сард Гитлер баруун фронт Арденний ой дахь Англи, Америкийн холбоотны цэргийн эсрэг ширүүн дайралт хийх сүүлчийн тушаалаа өгсөн байдаг. Сар орчим үргэлжилсэн цус асгаруулсан ширүүн тулаанд аль аль тал бүх хүчээ шавхаж, Гитлерийн ялалтаар дууссан юм. Шинэ жил гэхэд дорнод фронтод улаан арми дайралтаа ширүүсгэж, Вислагаас Одер хүртэл эзлэн авсан байна. Тэд одоо Берлин хотод тулж иржээ. Ердөө 50 милл л үлдээд байлаа. Германд эзлэгдсэн газруудыг чөлөөлөх үед бөөнөөр хорих лагериудын аймшигт үнэн ил болсон юм. 1-р сарын 27-нд улаан арми Освенцимийн бөөнөөр хорих лагерийг чөлөөллөө. Энэ үеэр яс арьс болтлоо турж, үхлээс бусдыг үзэн ядарч туйлдсан 7600 хүнийг сулласан гэдэг. Хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүд… хоёр сая хүний цогцос, тэднээс үлдсэн араг яс… Дайны сүүлийн өдрүүдэд хүмүүсийг байнга үхэл дагаж явсан гэж хэлж болно. Зөвлөлтийн цэргүүд Берлин рүү дайрахаар бэлдэж байлаа. 23 анги нэгтгэл Одерт байрласан байна. Барууны холбоотнуудын арми удирдаж явсан генерал Эйзенхуар Берлинийг эзлэхийн төлөө Зөвлөлтийн талтай өрсөлдөхийг хүсээгүй гэдэг. Холбоотнууд дайны дараа Германыг хэрхэн хуваахаа урьдчилан тохиролцсон байжээ.

 1944 оны 11-р сард Гитлер төмөр тороор хүрээлсэн Растенбург дэх хоргодох байраа сүүлийн удаа орхиж явав. 1-р сарын 16-нд Берлинд иржээ. Ажиллах, амьдрах өргөөгөөрөө Рейхстагийг сонгосон байна. Хэдхэн жилийн өмнө ялалт, амжилтын бэлгэ тэмдэг байсан энэ газраас урьдын юу ч үлдсэнгүй. Хагарч эвдрэн, эвлүүлж битүүлсэн цонхны цаана нурж сүйдэн үнс нурам болсон эзэнгүй гудамж л харагдана. Холбоотны цэргүүдийн зогсоо чөлөөгүй бөмбөгдөлтөөс зугтахын тулд Гитлер Рейхстагийн цэцэрлэгт газар дор байгуулсан хоргодох байранд хамгаалагчдын хамт шилжин оржээ. Цагтаа энэ байрыг дотнын хүмүүсийнх нь нэг байсан уран барилгач Альберт Шпеерийн зураг төслөөр босгожээ. Газар доор 55 футын гүнд байгуулсан хоргодох байр Гитлерийн 13 дахь буюу хамгийн сүүлчийн штаб болсон юм. Хоргодох байранд орсон хэн ч болов энэ газрыг сэтгэл зүйн дарамт, айдас хүйдэс дүүрсэн газартай адилтгаж байжээ. Бие хамгаалагчдынх нь нэг бетоноор барьсан шумбагч онгоцтой хоргодох байрыг зүйрлэсэн байдаг. Шөнөдөө ноёлох эвгүйцэм чимээ аниргүйг хөдөлгүүрийн дуу л эвддэг байж. Агааржуулалт муу учраас бүгчим, хүйтэн, чийгтэй. Савхин гутлын хурц үнэр, хөлс шингэсэн цэргийн хувцас, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин. Хоргодох байрыг дүрсэлбэл ийм дүр зураг л харагдана. Хоргодох байр хоёр давхартай. Дээд хэсэгт гал тогоо, үйлчилгээний ажилтнууд байрлана. Доошоо явах эргэдэг шатаар буухад фюрерийн өөрийнх нь хоргодож байгаа өрөө рүү шууд очиж болно. Энэ хэсгийн баруун талд эрчим хүчээр хангах хөдөлгүүр, Гитлерийн эмч нарын өрөө. Зүүн талд зочны, уулзалтын, ажлын, унтлагын өрөөнүүдтэй Гитлерийн томоохон байр байжээ. 1942 оны Гитлерийн тушаалаар Атлантын далайгаас Кавказын уулс хүртэл өргөн газар нутаг хамарсан холбооны сүлжээ байгуулсан. Учир нь түүний тушаалыг хамгийн хол цэгт байлдаж буй цэргийн жижиг анги ч хүлээж авах ёстой байлаа. Одоо энэ бүхэн үгүй болж, дунд зэрэглэлийн зочид буудлын хэмжээнд ашигладаг утсан холбоо л Гитлерийн мэдэлд үлджээ. Түүний хэр муу байгааг гаднаас нь харахад л андашгүй байсан гэдэг. Эмчийн бичиж өгсөн хар тамхийг өдөр бүр хэрэглэсээр үхээд боссон хүн шиг царайтай болсны дээр
паркинсоны өвчнөөсөө болж зүүн гар нь байнга татганан чичирч байжээ.

Берлин хотыг хэн ч нэвтрэхгүй чанд хатуу цайз болгох тушаал буулгасан нь Гитлерийн үл гүйцэлдэх мөрөөдлийн хамгийн сүүлийнх. Энэ хотын зүг бүрт байрлах хамгаалалтын зургаан том байгууламж хэнд ч нууц биш байсан юм. Агаарын довтолгооноос хамгаалах энэ байгууламжийг бетоноор босгож, ямар ч бөмбөгдөлтийг тэсч гарахаар хийжээ. Тэднээс хамгийн том нь Берлиний амьтны хүрээлэнгийн дэргэд байрлана. Гэнэтийн дайралт боллоо гэхэд 100 хүнтэй цэргийн анги, эмнэлэг, 15 мянган энгийн иргэн нуугдах багтаамжтай. Хамгаалалтын цамхгууд хотыг аварна гэдэг үнэндээ бүтэшгүй мөрөөдөл байсан юм. Хотоо бүтэн авч үлдэхийн тулд Гитлерт сайтар зэвсэглэж, сургууль хийсэн хамгийн багадаа 200 мянган цэрэг хэрэгтэй. Энэ ч боломжгүй. Бут цохигдсон анги нэгтгэлүүдийн үлдэгдэл, нацист намын залуу гишүүд, насанд хүрсэн эсэх нь эргэлзээтэй багачууд, фольксштурм буюу өөрийгөө хамгаалах иргэдийн бүлгүүд л Берлинд байлаа. Хөгшид, хүүхдүүд хүртэл фронт руу байлдахаар явжсан тул энэ иргэд л хамгаалалт босгож байжээ.

Хоргодох байранд өдөр хоног өнгөрүүлж суусан Гитлер дээр 4-р сарын 15-нд Ева Браун ирж, хамт байх болов. 1932 оноос хойш тэр Гитлертэй амрагласан юм. Энэ бүсгүйн тухай мэдээлэл хангалттай биш. Ганц нэг баримт сэлт, аман яриагаар дурлалын сэдэвт кино, зохиолд дуртай хөнгөн явдалт нэгэн бололтой. Дайны турш тэр Бавари муж, Альпийн нуруун дахь Гитлерийн Брехстегаденийн хоргодох байранд амьдарчээ. Түүнийг Гитлер дээр ирж амьдрахад СС-ийн олон хүн төгсгөлийн мөч ойртож байгааг ойлгосон гэдэг. Тиймдээ ч Ева Брауныг “үхэл авчрагч тэнгэрийн элч” гэж нэрлэсэн байдаг. Гитлерт үнэнч гэдгээ зөвхөн Ева Браун харуулсангүй. Суртал ухуулга хариуцсан сайд Иозиф Геббельс бас нэгджээ. Геббельс сүүлийн мөч хүртлээ өөртөө үнэнч байхыг оролдсон байна. Түүнчлэн, Гитлерийг хоргодох байранд байх үед нарийн бичгийн дарга нь болох Мартин Борман огт холдоогүй гэдэг. Намхан махлаг Борман хорон санаат үйлдлээрээ нэрд гарсан нэгэн. Гитлерийн бүх хөрөнгө мөнгийг хариуцаж, СС-ийн залуу офицер Фегелайнтай Ева Брауны эгч гэрлэхэд  хуримын гэрч болж явжээ. Түүнийг бүгд үзэн яддаг байв. Хоргодох байрнаас гарах л юм бол эрх ямбаа алдаж, хэн ч биш болно гэдгээ Борман ч сайн ойлгож байж.

4-р сарын 22-нд хоргодох байранд гэнэтийн хоёр зочин иржээ. Тагнуулын “Физиалс торч” нисэх онгоц газардахад туршин нисэгч болон нацизмын төлөө тууштай тэмцэгч Ханна Рейч, хүнд шархадсан генерал Роберт Риттер фон Грейм нар буув. Үгүй болсон Люфтфафын фельдмаршал, зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар томилохын тулд Гитлер Греймийг дууджээ.

 Гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, мөнхийн харанхуй ноёрхсон хоргодох байранд цахилгаан гэрэл л ганц гэгээ байв. Энд хуралдах цэргийн зөвлөлийн хурал өглөө зургаан цагт дуусах нь ердийн үзэгдэл. Эцэстээ тултал туйлдан өлсөж ядарсан Гитлер хурлын дараа буйдан дээр хэвтэж, цөцгийтэй бялуу идэх дуртай байжээ. Сульдаж дордсон ч гэлээ Гитлер хурц дайчин яриагаараа уулзсан хүмүүстээ итгэл үнэмшил төрүүлсээр. Ганцхан Альберт Шпеер л хоргодох байрны агааржуулалтын системийг хорт хийгээр дүүргэх зөвшөөрөл Гитлерээс байнга гуйж байсан аж Фюрерийн орлогч Герман Геринг, СС-ийн тэргүүн Генрих Гиммлер нар яагаад ч юм хоргодох байранд үзэгдэж байсангүй. Хамгийн сүүлчийн удаа тэд Гитлертэй 56 насны ойг нь урьдчилан тэмдэглэх баярын үеэр буюу 4-р сарын 22-нд уулзжээ. Уулзалтын дараа Геринг Германы өмнөд хэсэг рүү явж, Гиммлер СС-ийн мэдлийн Шлезвиг-Гольштейнд нуугдсан аж. Бүгд цугласан энэ уулзалтын үеэр Гитлер сүүлчийн удаа олны өмнө гарч, өөрийнх нь буюу III Рейхийн хамгаалагч гэх насанд хүрээгүй хөвгүүдийн хацрыг чимхэж, алгадан баяр хүргэж байжээ.

Энэ үед Английн Блечли парк дахь холбооны нууц код тайлах албаны ажилтнууд 12 мянга болтлоо өсөөд байлаа. Тэд Германы олон нууц мэдээг уншиж, “Лоренц” машин дээр бичигдсэн Гитлерийн тушаалуудыг тайлан тун чиг амжилттай ажиллана. Эхэндээ мэргэжлийнхнийг ч энэ машин сандралд оруулж байв. Удалгүй холбооны нууц мэдээлэл унших “Колосс” машин бүтээв. Энэ бол дэлхийн хамгийн анхны тоон системт цахилгаанаар ажилладаг компьютер. Английн нууц код уншигчид III Рейхийг унагахад багагүй хувь нэмэр оруулсан. 4-р сарын 15-нд тэд фюрерийн сүүлчийн тушаалыг тайлж уншсан юм. Тушаалд “Большевизм энэ удаад ч Азид нөлөөлөх нь. Рейхийн нийслэлийн үндсийг тавина. Берлин германчуудынх хэвээр үлдэнэ. Вена хот буцаад Германых болно. Европ тив хэзээ ч оросуудынх болохгүй” гэжээ.

Үнэн хэрэгтээ энэ үед “Уай” тусгай хэлтсийн ажил бараг дуусаад байв. Гитлерийн сүүлчийн тушаалын маргааш буюу 1945 оны 4-р сарын 16-нд улаан арми Берлин хотыг эзлэх дайралтаа эхэлсэн юм. Берлиний дорнод хэсэг орох зам дахь Зееловын өндөрлөгийг эзлэн авснаар хотын зах руу нэвтэрлээ. Берлинчүүд төгсгөлд бэлдэх л үлдлээ. Долоо хоногийн дараа хоргодох байранд байдал тун хэцүүдэв. Хот гурван талаасаа бүслэгдэж, Зөвлөлтийн танкууд баруун талаас орж иржээ. Үд дундын үед болсон цэргийн хурлын үер Гитлер “Дайнд ялагдлаа” гэж хэлсэн гэдэг. Энэ өдөр Гитлерийн дайны зөвлөх Кейтилл, Иодла хоёр хоргодох байрнаас гарчээ.

4-р сарын 23-нд Геринг Берхстегаденаас Гитлерт цахилгаан ирлээ. Рейхийн эрх мэдлээ өөрт нь шилжүүлэхийг уг цахилгаанд санал болгосноороо тэр Гитлерийг бухимдуулж, албан тушаалаасаа огцорсон юм. Үнэн хэрэгтээ Геринг холбоотны цэргийн удирдагч Эйзенхауртай уулзахаар нисэх гэж байв. Ингэхдээ бүх асуудлыг эвийн журмаар шийдэх санал тавихаар зорьсон юм. Герингийн сэтгэлийг энэ үед юу хамгийн их шаналгасан гээч. Аль хувцастайгаа бууж өгөх вэ гэдэг асуудал шүү. Геринг Эйзенхуартай уулзаж чадсангүй. Ла-Маншийг нууцаар гатлахад нь америкчууд барьжээ. Энэ үед Геринг хар тамхинд хүчтэй орсон нэгэн байлаа. Түүнийг барьсан америкчууд хар тамхинаас гаргаж, цэргийн шүүхэд бэлдсэн юм.

Дээгүүр ийм явдал болж байх үед Берлинчүүд гудамжны дайнд бэлдэж байлаа. Амиа алдах эрсдэлтэйг бүгд сайн ойлгож байв. Бөмбөгдөлт, буудалцаан өдрөөс өдөрт ширүүсэхэд оршин суугчид цэвэр ус, хоол хүнс, хоргодох байр хайн хаа сайгүй гүйлдэнэ. Нар шингэж шөнө болоход Берлин хот жинхэнэ там болж хувирч байсан гэдэг. “Дундад зууны үеийн зураач Босхын бүтээл дээр гардаг шиг” гэж хожим хүмүүс дурсчээ. Шатаж буй байшин, эмх замбараагүй гүйлдэх хүмүүс. Заримдаа хэзээ ч буудалцаагүй юм шиг нам гүм. Гэхдээ түрхэн зуур. Учир нь энэ бол дараагийн агаарын дайралтын өмнөх нам гүм юм. Гитлер ч хоргодох байрнаасаа ховорхон гарах болов.

Гитлерийн сүүлчийн найдвар баруун Берлинд тулалдаж яваа генерал Венкийн 12-р анги байлаа. Фельдмаршал Кейтель генерал Венкийн штаб дээр ирж, ямар ч аргаар хамаагүй Берлинийг чөлөөлөхийг тушаав. Венк олон талаас нь тунгаан бодсоны эцэст байрнаасаа нэг ч алхам хөдлөхгүй гэж шийджээ. Энэ үед Белоруссын I фронт удирдан “ялагдашгүй” хэмээгдсэн маршал Жуков Берлинийг эзлэх төлөвлөгөөнийхөө сүүлийн хэсгийг хэрэгжүүлж дууслаа. Өөрсдийгөө хамгаалах хүч дутуу Берлинчүүд улаан армиас хүнд цохилт авав. Гэхдээ л хотыг эзлэх үед улаан армийн 300 мянган хүн алагдаж, ор сураггүй алга болж, шархадсан гэдэг.

4-р сарын 25-нд Америк, Оросын цэргүүд Эльба арал дахь Каргаод нийлж уулзжээ. Берлин хотоос өмнө зүгт 60 милл зайд гэсэн үг л дээ. Энд зэвсэг нэгт ахан дүүсийн тун богинохон уулзалт болов. Удалгүй хүйтэн дайн эхэлж, АНУ, ЗХУ-ын нэгдэл  бүрмөсөн нуран унасан юм.

 Берлинд байдал дээд цэгт тултлаа хүндрэв. Усан хангамж, нийтийн тээвэр үгүй болж, ердөө гурав хоногийн хүнсний нөөц үлджээ. Энэ хэцүү байдалтай зэрэгцэн СС- ийнхэн гудамжаар бөөнөөр алхлан, таарсан хүн бүрийг тагнуул туршуул хэмээн сэжиглэж, буудан алж, дүүжилж байлаа. Шархадсан хүмүүсийг ч хөнөөнө.

Зөвлөлтийн найман анги нэгтгэл Берлин хотын хамгаалалтын байгууламж руу дайрахаар бэлдлээ. 460 мянган хүн, 13 мянган зэр зэвсэг, 1500 танк хотын сүүлийн найдвар луу нэгэн зэрэг тал бүрээс нь дайрчээ. Хамгаалалтын хоргодох байр найдвартай газар байхаа болив. Улаан армийнхан хамгаалалтын байгуулламжийн эхний хэсэг болох гудамжны хамгаалалтыг устгаж, зарим газраар нэвтэрлээ. Чухам энэ үед л Берлин хотын иргэд Оросын ард түмний сэтгэлийн гайхамшгийг мэдэрсэн гэдэг. Зэрлэг балмад шиг мөртлөө тусархуу, үнэнч сэтгэл тэднийг гайхашруулжээ. Улаан армийн цэрэг гудамжинд тааралдсан эмэгтэйг хүчирхийлсэн ч удалгүй ихээхэн хүнстэй эргэж ирж, мөнөөх үйлдлийг давтахыг завдсан бусад цэргээсээ хамгаална. Энэ нь Берлинчүүдийн байнга хардаг явдлын нэг боллоо. Мөн энэ үеэр айж балмагдсан Гитлерюгенд буюу гитлерийг дэмжигч залуусын бүлгийн зэвсэг хурааж, гэр гэрт нь тараалаа. Төгсгөл ойртжээ.

4-р сарын 28-нд Гитлерийн үнэнч анд, нацист нам анх байгуулалцсан Гиммлер бууж өгөх гэрээг холбоотнуудтай байгуулахаар оролдсон гэх мэдээг фюрер хүлээж авав. Энэ үйлдлийн эхний золиос хоргодох байран дахь Гиммлерийн төлөөлөгч, Ева Брауны хүргэн Герман Фегеляйн болов. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт нуугдсан Фегеляйн Берлин дэх нууц амрагийндаа зугтан иржээ. Бүгдийг орхин явахад бэлдэн халаасаа мөнгө, үнэт эрдэнэсээр дүүргэсэн байсан ч Гитлерийнхэн түүнийг олж, тэр дор нь буудан хороов. Ева Браун нөхрөө аврахын тулд хүргэнээ хөнөөлгөжээ.

4-р сарын 29-нд Рейхстагийн ойролцоо дайтах үед Гитлер, Ева Браун хоёр гэрлэлтээ батлуулсан байдаг. Дайны үед болсон хамгийн алдартай, бас хамгийн хурдан дууссан гэрлэх ёслол гэж болно. Ёслолын дараа хоргодох газар дахь Гитлерийн байранд хүлээн авалт болжээ. Гайхалтай нь, хүлээн авалтын үед Ева бүгдийг хөгжөөж, сэтгэлийг нь засахыг оролдсон гэдэг. Яг энэ мөчид Рейхстагаас 200 ярд орчимд улаан арми III Рейхийн сүүлчийн мөчийг харахаар улам хүчтэй довтолгоо хийж байлаа. Хуримын хүлээн авалтын дараахан Гитлерт Итали дахь холбоотон Бенито Муссолини нууц амрагийн хамт алагдсаныг мэдээлжээ. Тэднийг партизанууд баривчилж, буудан хөнөөгөөд цогцсыг нь Милан хот дахь онгоц байрлуулдаг газар доош харуулан хөлнөөс дүүжилсэн байна. Үүнийг сонссон Гитлер “Москвагийн амьтны хүрээлэнгийн үзмэр болгож амьдралаа дуусгахыг хүсэхгүй байна” гэж хэлсэн гэдэг. Дараахан нь амиа хорлоход шаардлагатай бүхнийг бэлтгэх тушаал хүмүүстээ буулгаж, тун удалгүй Ева Браунтай цуг уухаар бэлдсэн хороо овчарка нохой Бондидаа эхлэн өгч туршсан гэдэг. Энэ үедээ тэрээр Берлинийг орхиж, нацистуудын хамгийн сүүлчийн аюулгүй газар болох Бавари мужийн ууланд гарч нуугдах саналыг эрс эсэргүүцсэн гэдэг.

 4-р сарын 30-ны өдрийн 15 цаг 20 минутын орчимд Ева Браун, Адольф Гитлер нар хоргодох газар дахь фюрерийн байранд орлоо. Ева фюрерийн дуртай гүн ухлаадсаа тойрсон ягаан сарнайтай хар даашинз өмсчээ. Гоёл чимэглэлээ зүүсэн тэд гар буу, цианит калитай сав авч орсон аж. Хүнд хаалга хаагдлаа. 10 минут өнгөрөхөд хаалганы дэргэд хүлээн зогсоо хүмүүсийн хэн нь ч буун дуу сонссонгүй. Гитлерийн урьдчилан тушааснаар тэд удалгүй дотогш оров. Шүдэндээ цианит калитай эм зуусан Ева Брауны цогцос буйдан дээр хэвтэж байлаа. Гитлер толгой руугаа буудсаны дээр цианит калитай эм хага зуужээ. Цус газраар нэг урссан байв. Тэдний цогцсыг бүтээлэгт ороон цэцэрлэгт гаргаж ирлээ. Гитлер 170 орчим фунт жинтэй учраас нарийхан шатаар гаргахад тун төвөгтэй байсан гэдэг. Гитлерийн гол зарцуудын нэг байсан Хайнц Линге 1960 онд энэ тухай ярьсан нь ийн үлджээ.

Хайнц Линге: Би Гитлертэй хамгийн сүүлд салах ёс хийсэн хүмүүсийн нэг. Цогцсыг нь анх харсан хүмүүсийн ч нэг. Ева Браун, Гитлер хоёр ганцаардал дунд нас барсан юм.
Шүүгч: Гитлер танд хамгийн сүүлчийн үүрэг, заавар өгсөн үү?
Хайнц Линге: Тийм ээ, хувийн эд зүйлсийг нь устгаж, цогцсыг нь шатаахыг үүрэг болгосон.
Шүүгч: Та үүнийг биелүүлсэн үү?
Хайнц Линге: Тийм ээ. Би шатахуун ашигласан. Гэсэн ч цогцос хэтэрхий том болохоор бүрэн шатаагүй.
Шүүгч: Гитлерийн цогцос одоо хаана байгаа вэ?
Хайнц Линге: Холбооны канцлерын цэцэрлэгт хүрээлэнд булаатай байгаа. Оросууд Гитлерийн цогцсыг олж чадаагүй.

 Лингегийн ярианы нэг хэсэг нь л үнэн бодитой юм. Шатахуун цацаж, цаас ашиглан шатаасан хоёр цогцсыг муу усны нүхнээс олсон нь үнэн. Үнэхээр ч бүрэн шатаагүй байсан. Тэднийг өөр өөр газар оршуулсан ч тэндээ удаан байгаагүй юм. Оросууд шарилыг олжээ. Гитлер амьдралаа өөрийн гараар дуусгах тэр мөчид Рейхстагийн ойролцоо дайн үргэлжилж байсан ч 4-р сарын 30-ны оройдоо л улаан арми Рейхстагийн оройд тугаа мандуулсан юм. Дараагийн өдөр нь энэ явдлыг дүрс бичлэгт үлдээхээр бүх үйлдлийг нягт нарийн давтаж хийсэн байдаг. Улаан армийхны баяр баясгалан, зугтаж амиа аврахаар оролдох хоргодох байрныхан, Гитлер үхсэнийг радиогоор сонссон Германы ард иргэд. Энэ өдрийн дүр зураг ийм л байжээ. Хоргодох байр эзлэхэд ямар ч тулаан болоогүй юм. 5-р сарын 2-ны өглөө эрт хоргодох байр луу хамгийн түрүүнд улаан армийн сувилагч эмэгтэй оржээ. Тэндээс Ева Брауны эд зүйлсийн үлдэгдэл сүлжмэлтэй хөхөвч хэдэн ширхгийг авсан байдаг. Дараа нь цэргийнхэн ирж, хоргодох байранд ажиллаж байсан зарц, үйлчлэгчдийг байцаахаар Москва руу авч явжээ.

Нэгэнт эзэлсний дараа Жуков том асуудалтай тулгарлаа. Иосиф Сталинд Адольф Гитлерийн цогцсыг олж аваачих. Гитлер амиа хорлосон мэдээг Сталинд 5-р сарын 1-ний өдөр дуулгаснаар цогцос олох ажил толгойн өвчин болжээ. Жуков канцлерын байр үзэж байх хооронд Гитлерийн цогцсыг олох ажил Оросын нууц цагдаагийн газарт шилжив. Зөвлөлтийн нууц цагдаагийн газар буюу НКВД харгис хэрнээ ур чадвар муутай байлаа. Дээрээсээ доош хүртэл орвонгоороо эргэсэн канцлерын байранд ийм нэг явдал болсон байдаг. Тэд Гитлерийн цогцсыг хайх таван хэсэг байгуулжээ. Хамгийн түрүүнд 4-р сарын 29-нд амиа хорлосон Геббельсийн цогцос олдов. Хэдийгээр тэр гэх тэмдэггүй, шатаж аймшигтай болсон ч Геббельс мөн гэдэг нь танигдахаар байжээ. Хоргодох байранд мөн эхийнхээ өгсөн хоронд амиа алдсан Геббельсийн зургаан хүүхдийн цогцос байж.

 Маргааш нь оросууд устай савнаас Гитлертэй төстэй нэгний цогцос олжээ. Яг л Гитлер шиг харагдах ч НКВД-гийнхэн итгэсэнгүй, эргэлзэв. Цогцост хэтэрхий муу, цоорхой оймс өмсгөсөн нь эргэлзээ төрүүлжээ. Гитлертэй тун төстэй энэ хүн хэзээ яаж амиа алдсан нь одоо хүртэл нууц хэвээр. 5-р сарын 3-нд эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос гарч ирэв. Энэ хоёрын учрыг олтол эрлийн ажил дахин хоёр хоног үргэлжилсэн байна. Цогцсуудыг улаан армийн эзэлсэн эмнэлэгт аваачин, 5-р сарын 8-нд задлан шинжилгээ хийв. 1944 онд фюрерт хиймэл шүд тавьсан хоёр эмч задлан шинжилгээнд оролцжээ. Цогцсыг дараагийн шинжилгээнд оруулахаар авч яваад удалгүй орон нутгийн аюулаас хамгаалах газрынхан оршуулжээ. Маршал Жуковынхаар бол энэ хэрэг ингээд дуусав. Харин 5-р сарын дундуур Англи, Америкийн цэргийн эрх мэдэлтнүүд ирж, Гитлер хоргодох байран дотор үхсэн хэмээн ярьжээ. Үүний дараа Жуков эргэлзэж эхэлсэн аж.

7-р сарын дундуур Английн ерөнхий сайд Уинстин Черчиль Потсдаммын уулзалтад оролцохоор Берлинд ирлээ. Энэ үеэр Эйзенхуар Черчильд Гитлер үхсэн гэх баримтад эргэлзсэнээ ярьжээ. Черчиль канцлерын байр, оршуулсан гэх газрыг үзээд нэг зүйлд сэтгэл хангалуун бус байгаа нь ажиглагдсан гэдэг. Тэр дундаа Сталин Гитлер үхсэн гэх бүх баримтыг үгүйсгэж, өст дайсан нь амьд гэж бат итгэн ярьсаар байжээ. Энэ бүхнээс үүдэн англичууд Гитлерийн сүүлийн өдөртэй холбоотой бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийджээ.

Оксфордын их сургуулийн багшийн ажлаа тагнуулчаар сольсон Хью Травер Роупер энэ ажиллагааг гардан явуулав. 1945 оны 11-р сард Травер хэвлэлийн бага хурал хийж, албан ёсны баримтуудыг дэлгэсэн юм. “Гэрлэсэн, хоёулаа зэрэг амиа хорлосон, канцлерын байрны гадаа цэцэрлэгт оршуулсан”. Гитлерийн сүүлийн өдрийг товчхондоо ингэж илтгэлд бичжээ. Энэ илтгэл хожим нь Гитлерийн тухай мянга мянган номын нэг болон хэвлэгдсэн юм. Фюрерийн хувьд энэ бүхэн үхлийн дараах амьдрал болон хувирсан гэж хэлж болно. Дайны дараах эхний жилүүдэд бүгд л Гитлер амьд гэж бодож байв. Паркинсоны өвчин хурцдаж амийг нь авч болох тухай бодол хэний ч толгойд орж ирсэнгүй.

Хэрвээ Гитлер тэр үед зугтсан бол 21 хамсаатных нь нэг адил 1945 оны 11-р сарын Нюрнбергийн шүүх хурал хүлээх байв. Энэ шүүх хуралд хар тамхинаас гарсан Геринг шүүгдэгчээр оролцжээ. Генрих Гиммлер хэдийнэ нас баржээ. 5-р сарын 23-нд хойд Германд нуугдаж байхад нь барихаар очиход хор ууж амжсан гэдэг. Нюрнбергийн шүүх хуралд Мартин Борман ч байсангүй. Хоригдож, олзлогдохыг төсөөлж чадаагүй Борман хоргодох байрнаас зугтаж яваад алагдсан аж. 1946 оны 9-р сарын 30-нд Нюрнбергийн шүүх хурал шийдвэрээ уншсан юм. 21 хүний 11 нь цаазаар авахуулах ял сонслоо. 10-р сарын 15-нд Геринг шоронд хор ууж амиа хорлож, бусад нь маргааш нь дүүжлүүлэв.

Адольф Гитлерийн хийсэн бүхэн Европын түүхэнд ийнхүү цусаар бичигдсэн юм. Хэзээ ч арилгаж болохгүй аймшигт түүх гэж өнөө хүртэл нэрлэгдэж байна. Гитлер, Ева нарын цогцос хоёр ч удаа галд шатжээ. Тэдний цогцсыг 1970 онд нэр нь үл мэдэгдэх хүмүүсийн оршуулгаас гаргаж, дахин шатаасан байна. КГБ-д ажиллаж байсан генерал Сергей Кондрашевын яриаг хүргэе. “Тэднийг юу ч үгүй устгах шийдвэр 1970 онд гарсан. Юу ч үлдээхгүй хийх бүх л арга хэрэглэсэн. Юу ч үгүй болтлоо устсан гэдгийг итгэлтэй хэлж чадна. Ямар ч ул мөр үлдээгүй”.

Генерал үнэхээр үнэн ярьсан уу. Москвагийн архивт Сталин хэрхэн Гитлерийн цогцсыг сонирхсон тухай баримт хадгалагдаж үлджээ. Үнэхээр Гитлерийн гэж нэрлэгддэг гавлын яс энэ хүнийх мөн гэж үү. Ялзарч муудсан энэ хэсэгхэн яс 1945 оны 4-р сарын 30-нд тархиндаа буудаж, хор ууж амиа хорлосон харгис хэрцгий Адольф Гитлерийн үлдэгдэл мөн болов уу?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.