МАН-ынхан хорооны Засаг дарга нарт авлига өгч эхэлжээ

Сонгуулийн салхи сэвэлзээд, байгальтай зүйрлэх юм бол мод гөлөглөчихсөн энэ үед нам гээч “гэмт хэргийн бүлэглэлүүд” янз бүрийн зүйлийг сэдэж, иргэдийн анхаарал татах аяныг эхлүүлээд байна. Саяхан улс төрийн намуудын дарга нар ирэх сонгуульд бэлэн мөнгө амлахгүй хэмээн гар хөлөө барилцав. Ингээд бидний их мөнгө санал болгосных нь хариуд саналын хуудас бөглөдөг үе “дуусчээ” хөөрхий. Уг нь, амлалтаа биелүүлдэггүй улстөрчдийн тухай бид ч бичих зүйлтэй, улс орныхоо энхийг сахиулагчид хэмээн гарч ирээд улаан мөнгөний хойноос гүйдэг жагсагчид нь төв талбай дээр цуглах шалтгаантай байсан юмсан даа. Ядахад л 21 мянган төгрөгөн дээр иргэд хэрхэн алалцаж байгаа тухай бид сурвалжлага хийгээд л, улстөрчид хамгаалалтгүй нэг хөнжилд орон байж дундаасаа өгсөн өчүүхэн мөнгөөрөө “Хүний хөгжил сан” гээч сүрхий нэртэй хуримтлал үүсгэн хүн амынхаа өсөлтөд анхаарч байгаа дүр эсгээд л нэг хэсэг хэн хэнд нь л хийх ажил их байж дээ, улстөрчид бид хоёрт.
Гэхдээ намын дарга нар ингэж гар хөлөө барилцлаа гээд улс төр цэвэр болж байгаа хэрэг биш л дээ. Харин ч “гэмт хэргийн бүлэглэлүүд” нэгдэж, маш нарийн луувирын аргыг боловсруулж буйг монголын ард түмэн бүгдээрээ харж байна.
Улстөрчид нэгээрээ бас нийтээрээ сонгуульд амжилттай оролцох тухайгаа аль эртнээс төлөвлөсөн. Тэр төлөвлөгөө нь ч эхнээсээ биелэлээ олж байгаа. Тэд маш олон хууль бус хувилбарыг авч үзсэний нэг нь хороон даргаар биднийг хорлуулах санаа юм.
Муу зүйлд гаршиж, луувирын арга барилаар олон жил “тулаанд” орсон туршлагаараа МАН, оройхон гараад асар их туршлага хуримтлууж чадсан өсөх ирээдүйтэй “луувирчид” болох АН-аас төрийн албан хаагчдын амьжиргааг дэмжих нэрийн ард хороодын Засаг дарга нарыг эхнээс нь өгөөшинд оруулж эхэлжээ. Өнгөрсөн жилээс эхлэн Баянзүрх дүүргийн бүх хороодын Засаг дарга нарыг машинжуулах хөтөлбөрт хамруулж дуусмагцаа Сонгинохайрхан дүүргийн 25 хороо руу довтолж эхэлсэн байна. Уг нь Засаг дарга солигдоход машин нь шилжин явах цом шиг үлдэх болзолтой юм гэсэн, харж л байхаас. Ийнхүү жил гаруй хугацаанд Засаг дарга нарт ивээлээ “хайрлах” бэлгийн аян үргэлжилсэн гэж бодохоор “луувирын бүлэглэлийнхэн” ажиллагаагаа маш цэвэрхэн хийж байгаа юм шүү. Тэгсэн атлаа өнгөн дээрээ шударга сонгуулийн зарчим, аль хувилбарыг сонговол иргэдийн маань санал эзнээ олох вэ? Ард түмнээ мөнгө амалж зовоохгүй байх гарц нь хаана байна вэ? гэх мэт нээх бодлогоширсон дүр үзүүлэн үгээ зөөж ядаад л. Нээрээ тэд үнэн жүжиглэж чадаж байгаа юм шүү.
Тэгээд ч иймэрхүү жүжиг тавихыг юман чинээд бодохоо байсан “луувирын бүлэглэлүүд” Сонгинохайрхан дүүргийн 25 хорооны Засаг дарга нарын халаас тус бүрт нь хоёр сая төгрөг шургуулж, “Цалин хөлс багатай, цаг наргүй ажилладаг юм. Төрийн зүгээс харж үзэж байгаа болохоор амьжиргаагаа дээшлүүл” гэсэн утгатай үг унагасан байх юм. Үнэндээ энэ нь тэдний амьжиргааг бодсондоо бус луувирынхаа талбарт хүчээр уруу татаж оруулж байгаа хэлбэр нь энэ л дээ. Тэгээд ч хорооны Засаг дарга нарт маш их үүрэг гүйцэтгэх луувирын замыг “луувирын бүлэглэлийнхэн” өөрсдөө зааж сонгуульд оруулдаг болохоор тэднийг дайчлахгүй үлдээнэ гэж үгүй л дээ. Жинхэнэ хорыг хороон дарга гардаг хийдэг учраас тусламжийн гараа сунгасан дүр эсгэж, эгнээндээ элсүүлэх нь нэн тэргүүний үүрэг байхаас гарцаагүй.
Ингээд хөөрхий хороон дарга нар “энхрий хайрт нам”-ынхаа даалгавраар авлигын их оргил өөд хормойгоо шуугаад мацаж эхлэв ээ. Цөөн үгээр хэлбэл, хороон дарга гэдэг авлигын, хорын, луувирын бүгдийнх нь эхний шат болж таарч байгаа юм л даа.
Гэхдээ их ажлынхаа дараа “луувирчдын бүлгийнхэн” бага үнэ ханшаар ихийг бүтээж өгснийх нь хариуд муусайн хороон дарга нарыг хоморголон дарж чадах л улс даа. Угаасаа энэ үзэгдэл нам нэртэй “луувирчдын” саяхан нэвтрүүлж байгаа шинэ арга барил биш болохыг өнгөрсөн зуунаас эхлээд өнөөдрийг хүртэлх түүх гэрчилнэ шүү дээ. Гэхдээ л шинэ ч бай, хуучин ч бай луувирын арга барилын хүчинд энэ цаг үед байгаа хороон даргын ходоод хангалттай цадах нь тодорхой боллоо. Хүний өөрийнгүй, улаан цэнхэр үзэлтэн гэлтгүй бүгдийнх нь хорыг хайр гамгүй “цутгасны” хүчинд авлигын эхний шатыг алхсан хүмүүс цаашид ихийг “хийх” нь гарцаагүй.
Харин олон жилийн дундаж үзүүлэлтээр ирэх сонгуулийн дараагаас хороон Засаг даргын суудал үнэд хүрч мэдэхээр байгаа юм. Учир нь, “луувирчид” хаялга их өгөх учраас эрэлт ихэсч, зарим нэг нь халдалгад өртөж ч болох. Ийм цаг үе тулж ирэхэд тийм ч их гайхах хэрэггүй л дээ. Энэ чинь л өнөөгийн улс төрийн араншин шүү дээ. Яагаав, бизнесмэнүүд нэг хэсэг УИХ-ын суудалд бүгж, өөрсдөдөө ашигтай олон хууль батлуулдаг болсны дараа яалаа. Ухаантай нь биш, мөнгөтэй тэгээд хувьдаа томоохон бизнестэй нөхөд л нэр дэвшдэг болоо биз дээ. Тэгээд бусдаасаа түрүүлж, өөртөө ашигтай хууль батлуулж чадсан сүйхээтэй нэгийгээ толгой дараалан хороогоод сүйд болсон юмдаг. Яг түүнтэй адил бага гэлтгүй Засаг даргын суудалд сууж, халаас руугаа хэдэн төгрөг чихүүлэх хүсэлтнүүдийн дунд бяцхан бяцхан өрсөлдөөн бий болно л доо. Харин урьдын цусан сонгууль шиг буун дуу л бага гараасай билээ.
Д.Ганбаатар
Asunews.mn

URL:

Сэтгэгдэл бичих