Буяны тарга уу, булшлах өөх үү?

АНУ-д жилдээ чихрийн шижингээс болж 50000 хүн хөл, гар зэрэг эрхтнээсээ салахад хүрч байгаа нь Вьетнамын дайнаас ч илүү хохирол юм гэсэн мэдээ 2005 онд АНУ-д „New York Times“ сонинд гарч дуулиан болж байжээ. Өнөө үед дэлхийн хэмжээнд 285 сая хүн чихрийн шижингээр өвдсөн байгаа ба энэ нь өдөр бүр 18000-ар нэмэгдэж байгаа юм.

Дараагийн хорин жилд энэ тоо 380 сая болж өснө гэсэн тооцоо байдаг. Жилд АНУ-д 3,8 сая хүн энэ өвчнөөс болж нас барж байна. Гэтэд ДОХ-оор дэлхий даяар 1,8 сая хүн нас барж байгаа гэхээр чихрийн шижин ямар аюултай өвчин болох нь харагдана.
Энэ өвчнөөр өвдөгсдийн 80% нь хөгжиж буй орнуудад ноогдож байна. Хойд Африк болон Гольфийн бүсийн орнуудад одоо 26,6 сая хүн өвчилж, 2030 он гэхэд хоёр дахин их болно гэж тооцоолжээ. Арабын Эмиратад нас барагсдын 31% нь энэ өвчнөөр нас барж хамгийн их үхэл дагуулсан аймшигт өвчнөөр тодорсон байна. Гольфийн бүсийн орнуудад биеийн хүчний ажлуудыг цагаач иргэдээр хийлгэн, амьдралын хэвшил эрс өөрчлөгдөн хоол хүнс ч мөн дагаж өөрчлөгдсөнөөс таргалалт маш их болжээ.
2025 он гэхэд эрүүл мэндийн зардлынхаа 13 %-ийг чихрийн шижинг эмчлэхэд зарцуулахад хүрэх төлөвтэй гэсэн судалгаа гарчээ. Өндөр хөгжилтэй орнуудад бол боловсрол багатай давхаргынхан үүнд ихэд өртөж байна. Харин Энэтхэг, Хятад, Өмнөд Африкт болохоор шинэ тутам бий болсон дээд болон дунд давхаргынхан урьд өмнө нь тэгж их элбэг олддоггүй байсан хоолны амтанд орж таргалалтанд өртөж буй ажээ.
“Төв Европт сүүлийн 150 жил өлсгөлөн гараагүй, өнөөдөр энэ асуудалтай нүүр тулаад буй орнуудыг бодвол бидний бие махбод хангалуун амьдралд аажмаар дассан” гэж Мюнхений ТИС-ийн профессор Ханс Хаунэр ярьжээ. Энэтхэгт гэхэд 40 сая хүн чихрийн шижингээр өвчилсөн бөгөөд илүүдэл өөхөө ихэвчлэн гэдсэндээ хураадаг Энэтхэг, Пакистан хүмүүсийн физиологийн онцлог ч энд нөлөөдөг байж болох юм. Тун эрүүл хооллолттой гэгдэг байсан Хятад улсад ч энэ өвчин ихээхэн дэлгэрч, 2015 он гэхэд энэ улсад чихрийн шижин өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдах болон эмчилгээний улмаас 100 тэрбум доллар зарцуулагдана гэж ДЭМБ тооцоолжээ.
Чихрийн шижин бол 21-р зууны аймшигт тахал боллоо гэж мэргэжилтнүүд үзэх болжээ. Монгол улсад 1999 оны тандалт судалгаагаар манай орны 35-аас дээш насны нийт хүмүүсийн 3.1 хувь, чихрийн шижин өвчтэй байсан бол 2005 оны шаталсан судалгаагаар 8.2 хувь болж өссөн байна. Мэргэжлийн эмчийн хяналтанд дөнгөж 3500 орчим өвчтөн бүртгэгдсэн байдаг байна. Улс орон бүрд нийгэм эдийн засгийн олон асуудал байгаа нь ойлгомжтой.
Ер нь бол буруу хооллолт үүнээс үүдэн таргалалт болж улмаар чихрийн шижинд хүргэдэг гэхээр үүнээс сэргийлж бүрэн болохоор зүйл юм. Чихрийн шижин бол таргалалтаас үүдэлтэй нэг л өвчин. Цаана нь зүрхний шигдээс, цус харвалт гэх мэтээр хөвөрч өгнө шүү дээ.
Хэдэн үеэрээ өлсөж байсан ард түмэн одоо цадталаа хооллох боломжтой болмогц язартлаа идэхийг ойлгож болох юм. Өлсгөлөн гэдгийг тэгтлээ үзээгүй монголчууд буяны таргаа хэмээн өөрсдийгөө хууран хайран биеэ өвчний үүр болгож байгаа нь тун хариуцлагагүй бөгөөд харамсалтай хэрэг юм. Яахав иддэг уудаг зүйлсийн маань төрөл зүйл цөөн л байсан байх, гэхдээ энэ нь одоо тааралдсан болгоноо ходоод уруугаа хэт ихээр чихэх шалтаг биш юм.
Үе үе цаддаг үхэр идэхээр нэг цаддаг гэдэг шиг хааяа жаахан тансаглалаа ч үүнийгээ хөдөлгөөнөөрөө нөхөөд “илүүдэл өөхөө хайлуулаад” байж болохоо доо.

URL:

Сэтгэгдэл бичих