Таксидах зовлон
Амьдрал асар баян. Тиймээс жаргал, зовлон ээлжилнэ. “Хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон ч бас амттай” гэж Р.Чойном шүлэглэсэн ч Улаанбаатарынхан бид хэт их зовлон дунд байна гэж хааяа муугаар бодох юм. Утаа , хөрсний бохирдол, замын түгжрэл, хог, төрийнхний хүнд суртал гэх мэт хэцүү асуудлаас гадна таксигаар зорчих гэдэг маш ээдрээтэй даваа бидэнд байна.
Яагаад гэвэл манай нийслэлд албан ёсны такси үйлчилгээ бараг үгүй. “Улаанбаатар такси” гэх ногоон канттай хэдэн цагаан “Элентра”-г эс тооцвол. Тэд нь баригдахаасаа баригдахгүй нь олон байдаг юм. Тиймээс хувийн таксичдийг царай алдах шаардлага гарна.
Гараа өргөж замаар нэг зогссон хөөрхий машингүйчүүдийн өмнө хувийн таксичин ирж зогсоод машиныхаа цонхыг үл ялиг буулгана. Түүнийхээ дараа “Хаашаа явах юм” гэж ууртайгаар асуух нь тодорхой байдаг. Зүг нийлэхгүй бол ширэв татаад л сүн хийтэл алга болж өгнө дөө. Тэд дараагийн зорчигч дээр очиж хүйтэн хахир дуугаар өнөөхөө давтан асууна.
Ийм хэд хэдэн асуултын дараа арай гэж нэг хувийн таксичны, хувийн машинд суух боломж гарлаа. Ашгүй тэр таксичинтай зүгнийлсэн хэрэг. Харин өнөөх жолооч маань зорчигч биш өөрөө хаан гэдэг зарчмыг баримтална. Хөгжимнийхөө дууг эцэс дээр нь тавина, тамхи татна, утсаар чанга чанга ярина.
Энэ бүх араншинг нь тэвчихээс өөр аргагүй. Яагаад гэвэл надад өөр боловсон такси олдохгүй шүү дээ. Ийнхүү хүний эрхшээлд явсаар арай гэж зорьсон газраа ирлээ. Хувийн таксичин мэдээж километрээ гүйлгэж хэд гурван төгрөг нэмж хэлнэ. Хөлдөж үхчихэлгүйхэн шиг хүрч ирсэн учир хэл, амгүй мөнгийг нь өгөхөөр хэтэвчээ ухлаа.
Гэтэл задгай мөнгө байсангүй. Бүхэл мөнгөө өгвөл хувийн таксичин “Задлахгүй,энэ хавиар дэлгүүр, ТҮЦ байвал ороод ир” гээд л гэдийчихэв. Ингээд л мөнгө задлуулах ажлаар хэд хэдэн дэлгүүрийн хаалга татлаа. Нөгөө худалдагч нарч хувийн таксичны адилаар “Ямар нэг юм худалдаж авахгүй бол задлахгүй” гэнэ.
Тэгээд өөрт хэрэггүй ч гэсэн бохь, чихэрхэн авч байж хувийн таксичинд мөнгийг нь өгч санаа амарлаа. Нөгөөх чинь ч мөнгөө шүүрч аваад алга болов. Энэ бүхний дараа бугуйн цагаа харахад ажлаасаа аль хэдийнэ хоцорсон байх ажээ. Ийм л таксидах зовлон нийслэлийнхэн бидэнд байна даа, хотын дарга минь.
Ө.Батхүү
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL:













