Монгол улс “Мандаж” болохгүй нь ээ

527-1363951595pictureАливаа зүйлийг өөрчилж шинэчлэхээр дандаа сайн юм руу гарч өөд нь татаж байх учиртай. Өнөөгийн нийгэмд тийм эерэг тохиолдол зөндөө байна. Олон түмэн ч тэр бүхэнд талархдаг бас дэмждэг. Гэтэл хэрээс хэтэрсэн хэний ч санаанд багтамгүй шийдвэр заалт хааяа гарах юм.

Түүний нэг нь саяхан шинэчлэлийн Засгийн газар, Харилцаа холбооны зохицуулах газрынхан цахим сайтуудын сэтгэгдэлд сүрхий цочиж улмаар тэнд хэрэглэж үл болох үгийн жагсаалтыг гаргасан явдал. Энэ шийдвэр гуравдугаар сарын 15-наас хэрэгжих ёстой гэнэ.
Хэрэв хориглосон 750 үг, өгүүлбэрийг сайтдаа хэрэглэсэн байвал тэр хэрэглэгчийн хаягийг бүртгэж шүүхэд өгөх бололтой. Хүнийг “муу муухай үгээр зодож” нэр хүндэд нь халдсан гэх юм байна л даа. Энэ заалтыг уншихуйд дээдсүүдийн хэн нэг нь л өөрийгөө элдвээр хэллээ гэж ундууцан доошоо лүндэн буулгасан биз.
Нэг бол тэрнийг маань муу хэллээ гэж долигносон байж ч болох. Тийм ч байх. Уг нь ийм зохицуулалт байх нь буруу биш. Хэдэн жилийн өмнө дээд даргын өөдөөс маанаг гахай, хулгайч худалч гээд хэлчихсэн хүн яалт ч үгүй ял зэм хүртдэг байсан.
Тэгвэл өнөөгийн цахим ертөнцөд компьютерийн араас ганц хоёр хуруугаа хөдөлгөхөд л үг, өгүүлбэрийн “гэмт явдал” үйлдэгдэж байна. Нүүр далд нүгэл үйлдсэнтэй адил. Зарим сэтгэгдлийг уншихад үнэхээрийн бохир бүдүүлэг үг хэллэгтэй байдаг нь үнэн л дээ.
Өмхий баасаа, новшоо, хачин ….ална хядна гэсэн зэрлэг үг тааралддаг. Тэр бүхэнд дээрх шийдвэр хязгаар тавих гэсэн байх. Зөв өө. Харин хориглосон үгийн жагсаалтад ажил, амьдралд байж болох зарим үг орчихож. Нөгөө тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг. Тухайлбал, “Мандтугай” гэсэн уриа үг байна.
Энэ үгийг яагаад хэрэглэж болохгүй гэж. Үндэс нь мандах, мандуулах гэсэн язгууртай үг. Тэгэхээр өнөө үед мандуулж, уриалж болохгүй гэдгийн учир юу юм бол. Нэг бол өмнөх нийгэмд дэндүү олон хэрэглээд “хэлэх бичигдэх” лимит нь дууссан гэж бодов уу.
Аягүй бол хэт ардчилагчид нөгөө муу Ю.Цэдэнбал даргын олон хэлж байсан үг гэж голсон хэрэг үү. Хэрэв тэгж бодвоос туйлын инээдэмтэй хэрэг л дээ. Тэр хүн тухайн үеийн удирдагчид “Монгол Улс мандтугай” гэж хэлдэг байсан. Тэгснээр ч улс орны хөгжил 70 жил ургаж дэвшиж өнөөг бий болгосон шүү дээ.
Тэгэхээр одоочилж бодвоос хуучирсан үг хэллэг гэж эндүүрсэн байж болно. За тэгээд “Мандтугай” гэж цахим хуудсандаа бичсэн хүн “Ганцын” хаалга татаж магадгүй нь. Ингээд бодохоор эмгэнэлтэй, бас инээдэмтэй байгаа биз. Бас Бүгд найрамдах ардчилсан Солонгос улс” гэж болохгүй нь.
Бүгд найрамдах Солонгос улсын Ерөнхийлөгч гэхгүй гэнэ. Хойд, Умард гэсэн тодотгол хэрэглэх юм байх. Тэгэхээр манай улс бас Бүгд найрамдахаа нөгөө “ард” гэсэн үгнийхээ хойноос “cop залах” болж байнауу. БНХАУ гэж хэлэхийг харин хорьсонгүй. Идэх, уух, илүү дутуугаа тэндээс авдаг бас манай дээдчүүл тэднийд талтай болохоор тэр үгэнд халдсангүй шиг.
Харин хужаа, хуйхуй гэж бичиж болохгүй юм билээ. Тэгэхээр дээр үеийнхний хэлээр “дотор хүн” гэх үү. Хятад гэх дуудлага ч бас бий. Энэ мэт хачирхалтай үгийн тоонд жагсая, цуглая гэж бичихийг хорьжээ. Уг нь жагсах ч байх, цуглах ч байх. Тэр үгийг цээрлээд жигдэрье, бөөгнөе гэх болж байна уу.
Монгол хэл ядуурч байгаа гэдэг. Тэгвэл амьдралд байдаг жирийн хэвшмэл олон үгийг хэлэх бичихээс хорьчих юм бол өсөхөөс сурсан монгол хэл минь улам хомсдон цөөрөх нь ээ. Хүнээ хүмүүжүүлэх, зан араншинг нь засах олон талын арга хайхын оронд үгээр хөөцөлдсөн агуулга нь зөв ч зарим үгээр, өгүүлбэрээр оролдох нь нэг талдаа хийх ажлаа олж ядсан мэт юм даа.
Харин хориглосон 750 үгтэй дөрвөн хуудас материал цахим хуудсуудаар тархаж олны амны зугаа, шүүмжлэлийн бай болж байна. “Тосоор гоож” гэсэн үг тийм муу үг гэж үү. Өвөг дээдэс маань хараал хэлэхийн оронд билгэ дэмбэрэлийг бодож тэгж хэлдэгсэн.
Зөв үгийг буруутгаж усаар урссан цаг зав гарзадсан юм бас байх юм даа. “Мандтугай” гэдэг үгийг бичиж, хэлж болох-гүй гэснээр Монгол Улс мандаж болохгүй нь ээ гэсэн санаа төрөөд байна. Би тэнэглэж байна уу. Ай бас тэнэглэж гээд биччихлээ. Муу мангар чинь…
Д.Бичээчхүү
Эх сурвалж: “Зууны мэдээ”

URL:

Сэтгэгдэл бичих