Авлигын дарга нарыг хувийн сонирхлоор шүүсэн гэв үү

Авлигатай тэмцэх газрын дарга нарыг “аавынд цоожлоод” яг нэг сар болж байна. Тагнасан чагнасан, төсвийн мөнгө идэж уусан гэхчилэн болохгүй бүтэхгүй бүхнийг үйлдсэн учир шударга шүүхээр буруу зөвийг нь дэнсэлнэ хэмээж баахан сүржигнэсэн ч эцэстээ улсын нууц задруулсан гэх тодорхойгүй хэргийн буруутнаар тодруулаад торны цаана суулгаж амжсан. Хэдийгээр өмгөөлөгчид нь давж заалдах өргөдлөө Нийслэлийн шүүхэд өгсөн ч одоогоор хурлын тов нь тодроогүй байгаа.

Гэтэл яг энэ үед АТГ-ын дарга нарын хэргийг шүүсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Д.Цогтсайхантай холбоотой нэгэн сураг сонсогдож эхэллээ. Түүнийг уг хэрэгт хувийн сонирхлоор хандсан байж болзошгүй хэмээж байна. Үүнийг дараах баримтаар баталж болно гэсэн юм.Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас 2010 оны зургадугаар сарын 26-нд АТГ-ын нууц ажилтнуудыг баривчилсан. Ингэхдээ Авлигын эсрэг хуулийн 31.1-д заасан “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр бусад ажилтныг АТГ-ын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулж, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэснийг зөрчиж эрүүгийн хэрэгт татан улмаар цагдан хорьсон.

Хууль зөрчсөн энэ үйлдлээ долдугаар сарын 28-нд АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, 2011 оны гуравдугаар сарын 22-нд АТГ-ын. дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг цагдан хорьсноор үргэлжлүүлсэн. Мөн Ө.Алтангадасыг үндэслэлгүйгээр цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээ авсныг эсэргүүцэн Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгч Д.Цогтсайханд хандахад уг хэргийг шийдвэрлэх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан Ө.Алтангадас, түүний өмгөөлөгч С.Цэдэндамба нарыг байлцуулалгүйгээр ердөө таван минутын дотор өмгөөлөгчийнх нь гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан гэхчилэн хууль зөрчсөн үйлдэл нэг бишийг хийжээ.

Чухам яагаад ийн хуулийг үл тоон асуудалд хандсаны учрыг олохоор мөшгиж үзвэл анхаарал татахгүй байх аргагүй зүйл ч дуулдсан юм. Ерөнхий нгүүгч Д.Цогтсайханы төрсөн ах Д.Чинзориг хамгаалалтын компанитай. Тэрбээр АТГ-ын дарга нарыг “аавынх” руу илгээсэн хэргийн гол хохирогч Э.Амарбаттай нийлж, тус газрын нууц ажилтнуудыг саатуулах үед эрх чөлөөнд нь халдсан хэрэгт холбогдсон. Тэдэнтэй хамт АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайханыг ч байсан гэх.Ж.Батсайхан, Д.Цогтсайхан нар өмнө нь ЦЕГ-ын тусгай тасагт хамт ажиллаж байсан нөхөд юм байх.

Түүнээс гадна АТГ-ын ажилтнуудыг саатуулах гэж буй тухай ч шүүхээс ямар шийдвэр гарахыг ч мэдэж байсан хүмүүсийн нэг нь өнөөх хохирогч ЭАмарбат. Тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сарын 28-ны өглөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хоёр тасгийн дарга, мөрдөн байцаагч Б.Шинэбаатар нарт “Өнөөдөр Ө.Алтангадасыг цагдан хорино” гэж ярьсныг нь батлах хүн байгаа аж.

Мөн энэ хэргийг Нийслэлийн прокурорын газар 2011 оны нэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн атал 14 хоногийн дараа дахин Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлснийг процедурын дагуу явсан гэж хэлэхэд хэцүү. Өөр нэг “но”-той зүйл нь прокурорын яллах дүгнэлтийг2011 оны гуравдугаар сарын 11-нд хүлээлгэн өгсөн байтал Нийслэлийн прокурорын газраас 2011 оны нэгдүгээр сарын 12-нд шууд Чингэлтэйн шүүхэд шилжүүлсэн байдлаар яллах дүгнэлт үйлдсэн нь ч хачирхалтай.  Шүүх  хуралдөмнө нь ямар нэг яллах цагаатгах ажилд оролцоогүй шүүгч оролцох ёстой журмыг ч зөрчсөн гэхчилэн Д.Цогтсайханыг энэ хэрэгт хувийн сонирхлоор хандсаныг батлах баримт олон байгаа гэнэ.

Н.Саран

soninmn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих