Хүч тэнцвэргүй тулаан гэгч энэ буюу

Хөдөөгийн бэсрэгхэн тосгоны 10-аадхан настай жаал хүү газар нутгаа хамгаалан өөрийнхөө хэмжээнд тэмцэж буй тухай өгүүлдэг “Зохион бичлэг” богино хэмжээний уран сайхны киног хэсэг залуус нийлэн бүтээжээ. Уурхайн эксковаторын аварга том шанагаар төрсөн нутгийнх нь уул толгодыг ухан сэндийчэж, хар нүх үлдээж байхад хүү бяцхан хоёр гараараа шороо авч нүхийг булахыг оролдож байна. Энэ бол өөрийгөө хүчирхэг гэж тодорхойлдог төр, жирийн нэгэн сурагч хүү хоёрын хооронд өрнөж буй тэмцлийн өрнөл  аж. Газрын доорхи байгалийн баялгаа гадаадынхны өгөөш болгож өгөхөөр бялдуучлан гүйгч улстөрчдийн эсрэг бяцхан хүү яахан тэмцэх билээ дээ. Хүчин мөхөстөнө. Гэхдээ л түүний эх орноо гэх зүрх сэтгэл, ирээдүйд итгэх итгэл найдвар нь түүнийг бага биш “том хүн” болгон өөрчилж байна. Уг киноны зохиолыг Б.Баярхүү бичиж, Э.Алтаннаран найруулжээ. Гол дүрд Э.Чилүгэн тоглосон. Хүү баян аав ээждээ эрхэлж өссөн, танхил үр биш. Ядруухан ээж нь гудамж цэвэрлэдэг. Гэхдээ л тэр мөнгө, эд хөрөнгө залгамжилж авдаг баячууд, улстөрчдийн хүүхдүүдээс илүү нутаг орон минь гэсэн хүн чанар, өрөвч зөөлөн ёс суртахууныг өвлөн авчээ. Энэ бол өнөөгийн чулуужсан нийгэмд маш ихээр дутагдаж буй, их элбэг болсон “роботон” хүүхдүүдийн эсрэг зогсч буй ганц баатар аж. Ийм олон баатруудыг үндэсний хэмжээнд төрүүлэх багш харин хэр олон байгаа бол. Энэ асуултыг киног сонирхон үзэгчдэд үлдээмээр санагдлаа. Учир нь сурагчаараа зохион бичлэг бичүүлж буй багшийн дүрийг төдийлөн тод гаргасангүй гэж дүгнэлээ. Мэдээж дүр болгон өөрийн гэсэн тод мөрийг жижиг боловч хэсэгт үлдээх үүрэгтэй. Магадгүй би анзаараагүй байж ч мэднэ. Ямартаа ч хүүхдийн сэтгэлийг өвтгөж байгаа энэ агшин бол төр засгийнхны мэдрэх ёстой агшин гэж би бодож байна. Мөнгө үү, эх орон уу. Аль нь бидэнд хэрэгтэйг ухаантай дарга нар биш жирийн бяцхан Чилүгэн мэдэрч байгаа нь бидний олз юм даа. Тэр Монголын ирээдүй.


URL:

Сэтгэгдэл бичих