Ж.Батзандан: Монголд чадвартай улс төрч дэндүү цөөхөн байна
Нэг хэсэг хүмүүс Ж.Батзандан гэх энэ эрийг карьер хөөж, улс төрд шургалахыг хичээнгүйлэн оролдож яваа нэгэн хэмээн үздэг байхад нөгөө хэсэг нь “Энэ нөхөр бас л худлаа ярьсан тэнэгүүдийн нэг” хэмээн дүгнэж байх юм. Үгүй яахав ээ, түүний эх орныхоо дугаараад байгааг бас үнэлэх хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болуутаа хэл амаа алт, мөнгөөр таглуулчихсан гэж хардагсдад тэрээр хариу өглөө. “Би “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-д орохдоо хэдэн дарга нарыг аялдан дагахыг хүсээгүй. Хэдэн сарын турш төрийн ажлыг ойроос, дотроос нь харлаа. Монгол төрийн ажил явахгүй байна. Шийдвэр гаргалт дэндүү удаан. Чадвартай улс төрчид нь дэндүү цөөхөн байна. Монгол төр нэг гараараа ард түмнээ дэмжиж, нөгөө гараараа ард түмнээ унагаж байна. Төрийн шийдвэрүүд дэндүү тодорхойгүй ухвар мөчид юм. Монголын төрд урт хугацааны төлөвлөгөө, алсын хараа алга. Миний бие ТУЗ-ийн гишүүн болоод зургаан сар болж байна. Зургаан сарын дотор төр зургаа хуваагдахыг харлаа. Тогтсон бодлого, жанжин шугам, зарчим алга. Ийм байдлаар бид урт хугацааны бодлого, алсыг харсан хөгжлийг авчирч чадахгүй. Монголын улс төрчид билгийн нүдээ нээх хэрэгтэй” гэв. Тэрээр Тавантолгой, төслийн ажлын явц удаашралтай байгаа талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлээд байгаа билээ. Түүний хүсэлтийн гол агуулга Тавантолгой төслийг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах аж. “Эрдэнэс Тавантолгой” тав, зургаан том ордоос бүрддэг, тэдгээрийн лицензийг УИХ-ын 39 дүгээр тогтоол дагуу “Эрдэнэс МГЛ”-ээс “Эрдэнэс Тавантолгой” руу шилжүүлэх ёстой гэж тэрээр үзэж байна.
URL:













