“Хэн нэгэн албан тушаалтны заавраар нислэг үйлдээгүй” гэв

Улаанбаатар-Берлин чиглэлд ниссэн МИАТ-ийн онгоц замдаа Новосибирскт саатсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байсан билээ. Чухам ямар шалтгаанаар нислэг саатсан тухай өчигдөр ЗТЯ болон МИАТ-ийн удирдлагууд албан ёсны мэдээлэл өглөө.

Нислэг аравдугаар сарын 3-нд болсон бөгөөд аравдугаар сарын 5-ны өдөр ЗТЯ-ны шуурхай хурал дээр энэ талаарх мэдээллийг МИАТ-ийн удирдлагууд тодорхой өгч чадаагүйн улмаас буруу ташаа ойлголтод хүрсэн аж. Улаанбаатар хотоос аравдугаар сарын 3-ны өглөө ниссэн онгоц Новосибирскт нэг цаг зогсоод цааш Берлинд хүрэх төлөвлөгөөтэй байжээ.

Учир нь, Новосибирск хотод болж буй Монголын соёлын өдөрлөгт нийслэлийн ЗДТГ-ын 24 төлөөлөгч оролцох ёстой байсан бөгөөд тэднийг буулгаад нисэх гэтэл ОХУ-ын хил гаалийн хяналтыхны шаардлагаар нислэг цаг гаруй хоцорчээ. Үүний улмаас Берлинд хүрэх ёстой байсан зургаан зорчигч нислэгээсээ хоцорсон байна.

МИАТ-ийн зүгээс хоцорсон зорчигчдын зардлыг холбогдох журмынхаа хүрээнд зохицуулсан байна. Энэ талаар МИАТ-ийн дэд захирал Н.Ганболд“Энэ бол төлөвлөгөөт нислэг байсан. Нийслэлийн ЗДТГ-ын хүсэлтийг бид есдүгээр сарын17-нд албан ёсоор хүлээн авсан юм. Новосибирскт буусантай холбоотой нислэгийн цаг сунжирсан.

Зөвшөөрлийг бид таван улсын иргэний нисэхийн байгууллагаас есдүгээр сарын29-нд авсан. ОХУ-аас ирсэн зөвшөөрлийн дагуу бид Новосибирск хотод нэг цаг зогсох ёстой байсан. Гэтэл аравдугаар сарын2-ны орой бидэнд мэйл ирээд онгоцыг хил гаалийн үзлэгт оруулах шаардлага гарсан тул хоёр цаг зогсооно гэсэн.

Ингээд бид Новосибирскт хоёр цаг зогсоно гэж төлөвлөөд ниссэн юм. Дурдсан хугацаанд бүх зорчигчийг буулгаж, ачаа барааг хилийн үзлэгт оруулсан. Энэ нь нислэг хоцрох шалтгаан болсон. Түүнээс биш хэн нэгэн албан тушаалтны заавраар нислэг үйлдээгүй. Нислэг хоцорсны улмаас гарсан зардал нь 1,600 евро болсон бөгөөд холбогдох журмын дагуу шийдвэрлэлээ.

Манайх ашгийн төлөө байгууллага учраас уг нислэгийг үйлдсэн. Зургаан иргэний хохирлыг барагдуулсан ч бага зэргийн ашигтай ажилласан” гэв. Харин ЗТЯ-ны Тээврийн хяналт, бүртгэлийн газрын дарга Н.Жаргал“Бид холбогдох бүх бичиг баримтыг нь шалгаад энэ асуудал хууль дүрмийн дагуу байна гэж үзсэн.

Мөн МИАТ компанитай ойлголцолд хүрлээ. Бид МИАТ компанид үүрэг өгсөн бөгөөд цаашид тусгай захиалгын нислэг боллоо гэж бодвол бусад байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулах, зорчигчдын цагийг тооцоолж үйл ажиллагаагаа зохицуулах, урьдчилж мэдээлэх ёстой гэдгийг ч анхаарууллаа” гэсэн юм.

Ц.Заяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих