Хоёр толгой үүцээ задаллаа

Аравдугаар сарын 6. Энэ өдөр бол яах аргагүй 2009 оны онцлох үйл явдлаар тодроод зогсохгүй Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх ёстой өдөр.
Учир нь хоёр парламент, гурван ч Засгийн газрын нүүр үзэж эдүгээг хүргэсэн Оюутолгойн зэс, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал ажил хэрэг болж, Монгол Улсын Засгийн газар Канадын “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компанийн удирдлагуудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэв.

Ийм л өнө мөнхийн түүхтэй энэ орд газрын хувь заяа удтал дуншсаны эцэст батлагдаж шийдвэрлэгдсэн нь улс төрийн гол хүчнүүд хамтарч Засгийн газраа байгуулсаны үр дүн хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Өмнийн их говийн энэхүү баялаг гадныхны арааны шүлсийг асгаруулдаг. Харамсалтай энэ онд дээрх гэрээний талаар таагүй мэдээлэл ар араасаа хөвөрсөөр байгаа билээ.

Ямартай ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн олборлолтын ажил эхэлмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэж гурван тэрбум ам.долларт хүрэх аж.

Түүнчлэн Оюутолгойн галт тэрэг нэгэнт хөдөлж, түүний араас 40 жил бууриа сэлгээгүй Тавантолгойн чулууг энэ парламент мөн л хөдөлгөөнд оруулав. Монголчуудыг 200 орчим жил тэжээх их баялаг бол Тавантолгой.

Ийнхүү Монгол Улс хоёр толгойн үүцээ задлаад байгаа билээ. Гэхдээ хамтарсан Засгийн газрын тэргүүн С.Батболд “Хоёр толгой бус Монгол хүний толгой Монголыг хөгжүүлнэ” хэмээн онцолсон билээ.

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт шорооны алтны 254 лицензийг цуцлав. Харамсалтай нь шийдвэр нүдээ олсонгүй. Уул уурхай болон арилжааны банкныхныг элгээр нь мөлхүүлэх дээрээ тулав. Мөн гадны хөрөнгө оруулагчдыг үргээсэн шийдвэр болсон юм.

http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих