Цалингийн доод хэмжээг өсгөж ядуурлыг бууруулах боломжтой

Баялаг шударга хуваарилагдаж байна уу


Манай улс хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй. Иймээс ойрын жилүүдэд уул уурхайгаас орж ирэх баялгаас олон хүн хувь хүртэж, улс орны хөгжил хурдасна гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ баялаг үнэхээр шударга хуваарилагдаж чадаж байна уу гэх асуултыг тавих шаардлагатай болж байгаа юм.

Учир нь сүүлийн жилүүдэд эдийн засаг жил бүр 6-8 хувиар өссөөр ирсэн хэдий ч ядуурал буураагүйгээр барахгүй, хямралын жилүүдэд гурван хувиар өсч 38 хувьд хүрсэн дүнтэй байна.

Эдийн засаг өсөөд байхад ядуурал яагаад буурсангүй вэ. Эндээс манайд баялаг цөөн хүний гарт төвлөрч, ядуу хэсэгт үр өгөөж нь буухгүй байна гэсэн товч дүгнэлт хийж болно. Өөрөөр хэлбэл, баян хоосны ялгаа нэмэгдэж байна гэсэн үг. Байгалийн баялаг ихтэй, хүн ам цөөтэй улс орны хувьд энэ нь үнэхээр халагламаар зүйл юм.

Судалгаанд юу гэж тусав

Манай улсад баялгийн хуваарилалт тэгш бус байгааг олон улсын байгууллагууд батлан хэлж байна. Үүнээс Дэлхийн банкны судалгаанаас иш татъя.

Тэд “Өсөлт байсан ч баялаг хуваарилалт тэгш бус байгаагаас үүдэж ядуурал буураагүй дүр зураг ажиглагдаж байна. Ерөнхийдөө баян, ядуугийн ялгаа нэмэгдэж байгааг хэлэх хэрэгтэй. Ялангуяа, нийгэм дэх тэгш бус байдал нийслэл, орон нутгийн оршин суугчдад илүүтэй ажиглагдаж байна” хэмээн дүгнэжээ.

Судалгаанаас харахад 2002-2008 оны хооронд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 800 мянган төгрөг байснаа 1.4 сая төгрөг болтол өссөн байна. Мөн малын тоо толгой бараг хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн өрхийн хэрэглээ хоёр дахин өссөн байна. Эдгээр баримтаас хүмүүсийн орлого өсч, түүнийгээ дагаад хэрэглээ нэмэгдсэн дүр зургийг харж болно.

Мэдээж үүнээс өнгөцхөн дүгнэлт хийвэл ядуурал буурчээ гэж болохоор байна. Гэхдээ энд нэг чухал тоо баримтыг дурьдахгүй өнгөрч болохгүй. Тодруулбал, сарын дундаж бодит хэрэглээг тооцож үзвэл 2002-2008 оны хооронд хамгийн баян хүмүүсийн хэрэглээ хоёр дахин өссөн байна. Харин хамгийн ядуу хүмүүсийн хэрэглээ ойролцоогоор 40 орчим хувиар өссөн агаад хэрэглээндээ зарцуулж буй мөнгийг нь хамгийн баян хүмүүсийнхтэй харьцуулахад 6-7 дахин бага байгаа юм.

Эндээс баян, ядуу хүмүүсийн хэрэглээ асар зөрүүтэйгээс гадна түүнд зарцуулах мөнгөний хувьд ч томоохон ялгаа байгааг харж болно.

Үүнээс гадна бүс нутгаар нь авч үзвэл хөдөө, хотод баян, ядуугийн эрс ялгаа хэдийнэ бий болжээ. Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзэхэд нийслэлтэй харьцуулахад хөдөөд ядуурал 10 орчим хувиар өндөр буюу бараг 50 хувьтай байна. Энэ нь арга ч үгүй юм. Ажилгүйдэл хамгийн өндөр байгаа бүс нутаг бол хөдөө. Мөн дэд бүтэц, зам харилцаа хөгжөөгүй, үүнийг дагаад бараа таваарын ханш өндөр байгаа зэрэг нь тус бүс нутгийн ихэнх хүн амыг ядуурал руу түлхэж байгаа юм.

Мөнгө тараах нь шударга хуваарилалт уу

Манай орон эдийн засгийн өсөлтөөр улсын хөгжлийг хэмжиж байна. Тухайлбал, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 4-9 хувиар өссөөр ирсэн хэмээн ярьж байгаа юм. Гэтэл эдийн засгийн өсөлт нь улс орны хөгжлийг ерөнхийд нь харуулах үзүүлэлт болохоос бус түүний цаана байгаа нарийн зүйлсийг илэрхийлж чаддаггүй. Тиймээс макро эдийн засгийн түвшинд нарийн судалгаа хийж, түүний үр дүнгээс бодитой дүгнэлт гаргаж, ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлогыг оновчтой болгох шаардлагатай байна.

Хүний хөгжил сангаас тарааж байгаа мөнгө баялгийг тэгш хуваарилж буй явдал биш үү хэмээн эргэлзэж болох юм. Зарчмын хувьд энэ нь зөв. Гэхдээ бэлэн мөнгө тарааснаас үүдэлтэй нөлөөллийг тооцож үзэх нь зүйтэй. Яагаад гэвэл тухайн баялгийг цөөн хүн бус, бүх нийтээр тарааж байгаа тул сөрөг үр дүн нь ч тэр хэмжээгээр өргөн цар хүрээтэй байдаг.

Тухайлбал, бэлэн мөнгө тараах нь тухайн өрхийн эдийн засагт нэмэр болж буй хэрэг боловч түүнийг дагаад инфляци хөөрөгдөж байна. Инфляцийн хөөрөгдөл нь хүнсний бараа таваар, тэр дундаа махаар илэрч байна. Гэтэл ядуу өрхийн зарлагын ихэнх хувийг (жирийн өрхтэй харьцуулахад 20 хувиар илүү) хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Үүнийг дагаад инфляцийн хөөрөгдөл нь эргээд ядуу өрхийг улам хүнд байдалд оруулах нөхцөл бий болгож байгаа юм.

Иймээс баялгийн хуваарилалтыг зөвхөн тараах байдлаар хийх бус тухайн өрхийн амьжиргааг урт хугацаанд хэрхэн дэмжих, хувь хүнийг хэрхэн чадваржуулах вэ гэдэг талаас нь хийх шаардлагатай мэт.

Ялгааг хэрхэн арилгах вэ

Бид байгалийн баялгаас олсон ашгаар бэлэн мөнгө тарааснаар баян, хоосны ялгааг арилгаж чадахгүй гэдгийг дээрх байдлаас харж болохоор байна. Тэгвэл нийгмийн энэ шударга бус ялгааг цаашид хэрхэн бууруулах вэ. Үүнд дээр хүмүүсийг ажлын байраар хангах, улмаар цалингийн хол зөрүүтэй ялгааг арилгах явдал хамгийн чухал юм.

Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Манай улсад баян хоосны ялгаа их байна. Энэ нь тухайн ажил олгогч эзэн нийт ашгийн 80 хувийг авч үлдсэнийг нь цалин болгон өгч байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, ажилчин хүний хөдөлмөрийг хэтэрхий бага үнэлж байна. Дээрх харьцааг ядаж 50:50 хувь болгох хэрэгтэй. Тэгж байж шударга хуваарилагдах болно” хэмээж байна.

Түүнийг хэлснийг судалгаа баталж байна. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар нийт ажиллагсдын найман хувь нь 108 мянган төгрөг хүртэлх цалинтай бол 13.7 хувь нь 108-150 мянган төгрөгийн цалин авч байна. Өөрөөр хэлбэл, нийт ажиллагсдын 20 гаруй хувь нь сарын хүнсээ арай ядан залгуулах цалин авч байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин авч байгаа хүмүүсийн ихэнх нь хувийн компани, хоршоо зэрэгт ажиллаж байна. Гэтэл үүний цаана тухайн компани хэчнээн их ашиг олж байгааг тааварлахад бэрх билээ.

Ерөнхийдөө ихэнх хүн 150-300 мянган төгрөгийн цалин авч байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Харин 450-500, 500 мянгаас дээш төгрөгийн цалин авч байгаа хүмүүс дөрөв хүрэхгүй хувийг эзэлж байна. Энэ нь манай улсад өндөр цалинд тооцогдож байгаа боловч бусад улс оронтой харьцуулбал хэд дахин бага байгаа юм. Иймээс л ажлын байраар хангахаас гадна хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Г.Батзориг http://www.niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих