Зээлийн цаадах “ЗЭС”

Бид хөнгөлөлттэй зээлийг хөл алдан авсаар нэлээд олон жилийн нүүр үзжээ. Харамсалтай нь өнөөг хүртэл авахдаа л анхаарч байснаас үр ашиг, хэрэгжилт, эргэн төлөлтийг нэгдсэн байдлаар дүгнэж цэгнэлгүй явж ирсэн аж. Яг л том халаастай, тооцоо муутай хүн шиг. Аваад л халааслаад байдаг, чухам юунд үрж зарснаа мэдэхгүй дуусчихдаг. Нэг л мэдэхэд бөөн хүү, өр, эргэн төлөлт үлдэнэ.
Сүүлийн хорин жилд манай улс Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гээд олон улсын байгууллагуудын 224 сая ам.доллар, Япон улсаас 50 сая ам.доллар, ОХУ-ын хөдөө аж ахуйг дэмжих 300 сая ам.доллар, БНХАУ-аас авах 300 сая ам.доллар гээд олон зээлийг “халаасалжээ”. Гэвч энэ бүх зээлийг хэрхэн ямар байдлаар төлөх тухай нэгдсэн төлөвлөгөө битгий хэл энэ хугацаанд хичнээн улсаас хэдий хэр хэмжээний зээл, тусламж аваад юунд зарцуулсан талаар нарийн тооцоо, судалгаа байхгүй аж.
Хамгийн сүүлд л гэхэд өнгө­рөгч оны сүүлчээр Монгол Ул­сын Засгийн газар, Олон улсын хөгж­лийн ассоциаци хооронд бай­гуулсан “Хөгжлийн бодлогын сан­хүүжилт-2» хөтөлбөрийн хү­рээнд 12 сая ам.долларын зээл авахаар болов. Гэтэл уг зээлийн 30 хувь нь сургалт семинар, гарын авлагад зарцуулагдах нөхцөлтэй аж. “Авчихсан байхад учиртай” хэмээн Сангийн сайд зүтгүүлсээр батлуулсан гэх. Хугацаа урт, хүү бага, нөхцөл боломжийн гээд Зас­гийн газар олон давуу талыг нь танилцуулж, хамгаалсаар УИХ-аар батлуулдаг. Ингэж батлуулчихаад л базаад халаас руугаа чихчихдэг, тэр нь хүрэх газраа хүрч, хийгдэх ажилдаа зарцуулагдаж байна уу, бүү мэд. Энэ талаар сайд нь мэдээлэл хийж, хууль тогтоогч нь асуулга тавьж, хянаж тооцож байгаа юм ч алга.
Буцалтгүй тусламж, хөнгө­лөлттэй зээлд олон давуу тал байдаг ч түүнээс ч дутахгүй сул тал бий. “Хэн мөнгөө төлнө, тэр хөгжмөө захиална” гэдэг шиг зээл олгож байгаа улсууд өөрийн бодлогоо тулгах энүүхэнд. Хамгийн ойр жишээ бол аль 2003 оноос л яригдаж эхэлсэн урд хөршийн 300 сая ам.долларын зээл. Энэ зээлийн тодорхой хэсгээр нь хятадууд “Мэдээлэл холбоо­ны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийг санхүүжүүлэх саналаа илэрхийлсэн. Гэвч энэ нь улс орны үндэсний аюулгүй байдал, мэдээллийн өв сантай холбоотой хэмээн хэсэг бүлэг хүн нэлээд хүчтэй эсэргүүцэж, төр засагт дуу хоолойгоо хүргэсний хүчинд арай өөр зүйлд зарцуулагдах болчихоод байгаа. Түүнээс гадна уг зээлийн санхүүжилтийн тавин хувиар нь тус улсын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах болзолтой.
Тухайлбал, урд хөршид үйлд­вэрлэгдсэн 20-25 морины хүч­тэй, хадлангийн зориулалттай ба­га оврын 1100 трактор, 30-35 морины хүчтэй, хүнсний ногооны зориулалттай дунд оврын 170 трактор, жилд 1000 ширхэг бага оврын тракторыг иж бүрдлийн хамт угсрах хүчин чадалтай үйлдвэр байгуулагдана. Мөн сургууль бүрт хоёр цахим хөдөлгөөнт лаборатори нэвтрүүлж, 60 хүртэл зөөврийн компьютер нийлүүлэн интернэтээр холбоно. Бас багш бүрийг зөөврийн компьютертэй болгож сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан цахим номын сан, бичил цахим эрүүл мэндийн шинжилгээний төв байгуулга гээд цааш үргэлжилнэ.
Манайд өгч байгаа зээлээр өөрс­дийн үйлдвэрлэл, ажилчдаа дэмжсэн бодлого барьж буй иймэрхүү жишээ цөөнгүй. Үгүйдээ л зарим орны хэрэглээнээс гарч буй технологи зээл нэрийн дор орж ирж, төд удалгүй “зэс” нь цухуйх тохиолдол нэг бус.
300 сая.ам долларын хөрөнгө оруулалт бүрэн шийдэгдэж ам­жаагүй байхад дараагийн 500 сая ам.долларын зээлийг мөн олгохоо амласан. Ингэхдээ санхүүжүүлэх банк, хэрэглэх тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчнийг тэд өөрсдөө шийднэ. Гэхдээ хөгжилд маань хөг нэмэхээр гараа сунгаж буй тэдэнд баярлах ёстой. Нөгөөтэйгүүр хэрэгтэй үед нүдээ олсон зээл байгаа л байх. Гэвч ихэнх нь иймэрхүү зээл нэрээр боловсон шахаа болж таарч байх шиг.
Манайх уул уурхайн арвин бая­лагтай, түүндээ түшиглэж томоохон бүтээн байгуулалт хийж, орлогоор нь эдийн засгаа тэтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн. Шаардлагатай цагт боломжийн нөхцлөөр зээл авч, зохих газар нь хүртээх нь буруу биш. Гэвч авч буй зээлийн цаана алсын үр ашиг, ард иргэдээ дэмжсэн бодлого байх ёстой.
Манай улсын гадаад өрийн хэмжээ дотоодын нийт бүтээг­дэхүү­ний 27 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл бий. Үүний дийлэх нь эргэн төлөгдөх зээл бо­лон хүү юм. Энэ нь байж болох өрийн хэмжээнээс хоёр дахин давж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд очсон нь анхаарлын төвд байх ёстой асуудал.
Э.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих