Монголчуудыг цэнхэр, ягаан тасалбараар молигдсон Да.Ганболд улстөрд зүгээр ч нэг шунаагүй

Монголын улстөр, нийгэм, эдийн засгийн хүрээнд гар бие оролцож, улс орны хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулдаг, хэлсэн ажлаа дуустал нь хийж, үр дүнг нь үздэг гэх зэргээр тэнгэрт тултал нь магтуулсан Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд улстөрд юуны учир шунав гэдэг асуултыг сонгогчид дор бүрнээ тавих болжээ.

Магадгүй, ичих нүүр гэж байдаггүй учраас ийнхүү УИХ- ын сонгуульд өрсөлдөж яваа нь энэ бололтой. Уг нь Да.Ганболд нь Монголын ард түмнийг 90-ээд оны эхээр элгээр нь мөлхүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн гэдгийг захын хүн мартаагүй суугаа юм шүү гэдгийг уламжилъя. Өнөөдөр та болон танай намынхны улиглан яриад байгаа эх орны баялгийг иргэн бүрт хүртээх бодлого чинь элсэнд асгасан ус болохыг Шадар сайдаар ажиллаж байхдаа харуулсан. Өлгийтэй нялхсаас өтгөс буурал хүртэл нь долоо мянган төгрөгийн цэнхэр ягаан тасалбар өгч «Хүн бүр хувийн өмчтэй боллоо. Капитализм руу » гээд дал мөрөн дээр нь алгадаад ард түмнийг мунхруулж байсан. Гэвч цэнхэр, ягаан тасалбарын үр шимийг АН-ынхан л хангалттай хүртсэнээс ард түмэн сураг дуулаад л өнгөрсөн. Өнөөдөр та бидний цэнхэр, ягаан тасалбар чухам хэний халаасанд орсон нь тодорхойгүй замхарчээ.

Тэр ч утгаараа Да.Ганболдын эхлүүлсэн өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбар зөвхөн АН-ын тодотголтой гишүүдийн хөрөнгө болсноос ард түмэнд хүртээлгүй өнгөрснийг өдгөө Монголын ард түмэн хэлнэ. Тэгвэл дээрх байдлаа давтахын тулд дахин тэрбээр улстөрд орохыг санаархан, УИХ-д Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшжээ. Магадгүй аз дайрвал сонгуульд ялалт байгуулж, Монголын ард түмний тархийг дахин угааж, Таван толгойн хувьцааг олгох нэрийдлээр улсын хөрөнгөөр туйлахыг хүсэмжлэн ийнхүү гэмгүй дүр эсгэж суугаа ч юм бил үү, хэн мэдэх вэ. Гэхдээ ард түмэн дахин хууртах нь юу л бол доо.

Мөн таны магнайлан оролцсон алт дилерийн хэрэг гэгчийг балгаар Монгол Улсын төсөв хувхайрч байсныг тэр үеийн шадар сайд Да.Ганболд лавтай мартаагүй байх. Дэлгүүрийн лангуун дээр бор давснаас өөр гялтайх ч юмгүй хоосорч, ядуурал, өлсгөлөн нүүрлэж байх үед Монгол Улсын тэргүүн шадар сайдын сэнтийд заларч суусан Да.Ганболд ард түмний хөрөнгөнөөс 100 сая долларын 4.5 тонн алтыг салхинд хийсгэсэн. Алт дилерийн хэрэг гэгчийн гол ТОЛГОЙЛОГЧ нь тэрбээр байлаа.

Ингэж ард түмний хөрөнгийг үрэн таран хийх дуртай Да.Ганболд дахин улстөрд санаархаад, Сонгинохайрханд таваргаж яваа нь ямар ашиг сонирхол байж болох вэ. Энэ хүнд ичих нүүр гэж байдаг ч болоосой. Үгүй ядаж л дөрвөн жил нийслэлийн удирдах албанд ажилласан, хийсэн ажилтай, хэлэх үгтэй гэж өөд уруугүй магтуулах танд өөрийн гэж санаачлаад хийж бүтээсэн зүйл нийслэлд байна уу. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн ажлаа тайлан гэж гаргачхаад, ард түмний толгойг эргүүлээд яваагаа арай ажил хийсэн гэж тодорхойлоод байгаа юм биш биз дээ.

Харин ч хамтарсан Засгийн газрын буянаар албан тушаалын бялуу багагүй хүртсэн нэгэн гэдгээс өөрөөр та ямар нийслэлд ажил хийж гийгүүлсэн нь яг үнэндээ тодорхойгүй шүү дээ.

Б.Туяацэцэг


URL:

Сэтгэгдэл бичих