Хорооны ажилчдыг автомат машинаар солъё
Нэг хэсэг төр засгаас иргэдэд үйлчлэх анхан шатны засаг захиргааны нэгж болох хорооны ажилчдыг чадваржуулах, тэдний ажлыг хөнгөвчлөх, иргэдэд тулгарч байгаа асуудлыг цэгцлэх үүднээс автомат машин суурилуулах талаар ярьж байсан.
Иргэд хороо, сумын захиргаан дээрээ очоод, өргөдөл гомдлоо машин руу хийчихдэг байх асуудлыг хөндсөн хэрэг. Харамсалтай нь одоо болтол энэ яриа ажил хэрэг болоогүй л байна. Тиймдээ ч иргэд хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, цаашлаад Засаг дарга гэх хүнд сурталтай хүмүүсийн ая талыг харах гэж зүдэрсээр л.
Уг нь шинэ засаг гарснаар төрийн албаны хүнд суртал арилж, жинхэнэ утгаараа үйлчилгээний байгууллага болно гэж байсан ч одоохондоо өөрчлөлт алга. Хорооны нийгмийн ажилтан гэдэг ажлын байр өөрийгөө хаан гээд бодчихсон, их зантай, иргэдийг загнасан, хямсгар зантай авгайчуудаар дүүрчихсэн. Хүмүүс очиж зөвлөгөө авах гэхээр загнадаг. Өргөдөл гомдлыг нь хүлээж авдаггүй. Танил тал хардаг, авлига авдаг. Наад зах нь л утаагүй зуух авах гэж хөөцөлдөж байгаа хүнийг зад загнаж явуулчихаад, танил талдаа давхардуулж өгөх байдал гарсаар л байна.
Хаанаасаа хаалгач нь гэдэг шиг хорооны Засаг дарга, нийгмийн ажилтантай уулзаж, өргөдөл гомдлоо өгнө гэдэг Ерөнхий сайдтай уулзахаас хэцүү болчихож. Арай гэж уулзаж, өргөдөл гомдлоо өгдөг юм аа гэхэд, тамга тэмдэг дарах, танилцана гэдэг хол хэвтэнэ. Жаахан мөнгө төгрөг муутай, амьдралын боломж тааруу хүнд бол нохой мэт хандаж байгаа нь үнэн. Ард түмэнд хүрэх ёстой төр захиргааны хамгийн бага нэгжид ажиллаж байгаа хүмүүс нь нэг иймэрхүү л байна. Тиймээс өнөөх автомат машинаа хурдан ажиллуулж, иргэдэд зардал чирэгдэлгүйгээр үйлчилдэг болох хэрэгтэй байна.
Ганц өргөдөл өгөх, тодорхойлолт авах гэж нийгмийн ажилтан нэртэй хямсгар хүүхнийг хүлээж цөхөж суухаар машинд хийчихээд яваад өгдөг бол аятай юу. Нөгөө талаар хүмүүс авах гэсэн зөвлөгөө, мэдээллээ ч гэсэн автомат машинаас авчихдаг бол хэчнээн аятай, тухтай байх вэ дээ. Яах вэ, одоо бол хорооны байранд нэг самбар гаргаад, түүн дээр нь иргэний үнэмлэх, халамжийн мөнгө авахад ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг бичээд тавьчихсан байдаг юм билээ. Гэхдээ цөөн хэдхэн мэдээлэл л байгаа. Иргэд түүнээс их мэдээлэл авах, хууль журам асуух гээд үйлчилгээ авах шаардлагатай болдог. Тэр болгоныг аятайхан хэлээд өгчихдөг хүн одоохондоо хороодод алга.
Тиймээс автомат машинаас шаардлагатай гэсэн мэдээллээ авчихдаг бол аятай биз дээ. Эсвэл компьютер дээрээс интернэтээр хайчихдаг бол бас л зүгээр. Үгүй ядаж том телевиз дээр хүмүүсийн хамгийн их асуудаг зүйлүүдийг оруулаад, шаардагдах бичиг баримт, хууль зүйн зөвлөгөө энэ тэрийг гаргадаг байвал сайнсан. Энэ мэтээр тодорхой хэмжээнд автоматжуулж, аль болох асуудал бага үүсгэмээр байна. Тэгэхгүй бол хорооны нийгмийн ажилтны их зан тэнгэрт гарч, хамар нь нүдээ таглах нь.
Н.Пунцагболд

URL:













