Девид Камерон: Малид явуулж буй цэргийн ажиллагаа олон улсын эрх зүйг зөрчөөгүй
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Малигийн эргэн тойронд болж буй үйл явдал, өөрийн орны эдийн засаг болон олон улсад өрнөж буй үйл явдлын талаар сонирхолтой ярилцлага Англи дахь Францын “Le Monde” сонинд өгснийг орчуулан хүргэж байна.
-Мали улсад дахин цэрэг оруулах талаарх шийдвэрийг саяхан гаргалаа. Тус улсад явуулж буй цэргийн ажиллагаа хэзээ бүр мөсөн дуусгавар болох вэ?
-Малид өрнөж буй мөргөлдөөнийг намжаахаар Францын цэргийн хүчинд манай улс 330 цэргийн нэмэлт хүчээ илгээхээр шийдвэрлэсэн. Цэргийн бие бүрэлдэхүүнд 40 зөвлөх багтаж байгаа бөгөөд тэд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох үйл ажиллагаанд оролцохгүй. Харин сургах, зөвлөх үүрэг гүйцэтгэнэ. Франц болон Тус улсын цэрэг лалын шашинт алан хядагчдад эзлэгдээд байгаа Малигийн хойд хэсгийг чөлөөлөх энхийг сахиулах ажиллагаа ирэх сард дуусгавар болно гэдэгт найдаж байгаа. Гэхдээ дайнд хугацаа амладаггүй. Энхийг сахиулах ажиллагаа гэдгийг ойлгох ёстой.
-Таны бодлоор Мали улсад юунаас болж өнөөдрийн ийм байдал үүссэн юм бол?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн Мали улсад туарегээ үндэсний босогчид нутгийн хойд хэсэгт орших их хэмжээний газар нутгийг түрэмгийлэн эзлэн авсан. Зэвсэгт босогчдыг эрх баригчид нь хяналтандаа байлгаж, тэднийг дарж чадаагүй. Үүний ард ямар нэгэн террорист бүлэглэл байгаа болов уу гэсэн таамаглал ч бий. Учир нь газар нутаггүй болсон террорист бүлэглэл өөрсдийн үйл ажиллагааг явуулахын тулд Мали шиг орнуудын газар нутгийг ашигласаар ирсэн баримт олон байгаа.
-Францаас гадна Нигер, Нигери болон Буркин-Фасо зэрэг орнууд Малид цэрэг оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байсан. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?
-НҮБ-ын шийдвэрээр баталж, олонхи нь дэмжсэн л бол хүлээн зөвшөөрнө. Манай улсын хувьд цэргүүдийг сургах тал дээр анхаарч байгаа. Дайнд гар бие оролцоод, цэрэг армийн хүчээ дайчлах төлөвлөгөө байхгүй. Таны дөнгөж сая хэлсэн Нигер, Нигери болон Буркин-Фасо зэрэг орнууд Малитай харилцаа холбоо сайн гэдгийг бүгд л мэдэх биз. Тэр ч бүү хэл Африкийн Того улс гэхэд 500 цэргээ Мали руу илгээх талаар ярьж байгаа. Үүнээс ажиглавал Африкийн орнууд Малигийн дайнд оролцох хүсэлтэй байгаа нь тодорхой байна.
-Танай улсын Батлан хамгаалах яамнаас Мали руу “Boeing C-17, Globemaster III” цэргийн тээврийн хоёр онгоцыг илгээж, исламистуудын эсрэг цэргийн ажиллагаанд оролцож эхлэх талаараа саяхан мэдээлсэн. Энэ нь агаарын хүчнээр тусалж дэмжиж буй нэг хэлбэр гэж ойлгож болох уу?
-Агаарын нисэх хүчин бол энхийг сахиулах ажиллагаанд хамгийн чухал хэсэг байдаг. “Boeing C-17, Globemaster III” цэргийн тээврийн хоёр онгоц нь өөрөө Малиг чөлөөлөх дайнд чухал үүрэг гүйцэтгэх болно. Цэргийн тээврийн онгоц байлдааны биш гэдгийг анхаарна уу.
-Товчхондоо ажиллагааг “Сэрвал” хэмээн нэрлэсэн талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдсэн. Сая таны хэлсэнчлэн агаарын тээврийн болон байлдааны онгоцуудоор Дани, Бельги улс ч дэмжлэг үзүүлэх талаар мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Дани болон Бельги улс агаарын зэвсэгт хүчин болон зэвсэг тээвэрлэх онгоцуудыг гаргахаар болсон гэж би дуулсан юм байна. Одоогийн байдлаар яг ямар төрлийн онгоцууд Малид газардах талаар тодорхой мэдээлэл алга. Мали улсад явуулах цэргийн ажиллагаа олон улсын эрх зүйг зөрчихгүй бөгөөд Африкийн энхийг сахиулах хүчнийг тус улсад байрлуулах арга хэмжээг орлохгүй гэдгийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Мали улсын байдлыг хэлэлцсэн хаалтай зөвлөлдөөний дараа төлөөлөгчид санал нэгдсэн байгаа. Энэ улсад үнэхээр иргэд нь ядууралд ойрхон, эрх зүйн, эрх чөлөөт байдал дээрх зэвсэгт босогчдоор хязгаарлагдаж байгаа нь харамсалтай.
-Малигийн дайнд мэдээж хөрөнгө санхүү шаардагдана. АНУ, Канад, ХБНГУ зэрэг улс ч тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Үүний цаана ямар нэг бизнесийн далд явуулга байх вий гэсэн хардлага байгааг үгүйсгэхгүй шүү дээ?
-Тийм ээ. Бүхий л болж өнгөрсөн дайнд ямар нэг ашиг сонирхол дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Харин энхийг сахиулах ажиллагаа нь өөрөө иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байдаг. Харин түрэмгийлэл, хүчирхийлэл нь ямар нэг ашиг сонирхлоос үүдэлтэй байсаар ирсэн.
-Их Британийн эдийн засаг уналтад ороод байгаа гэсэн мэдээлэл цацагдсаар байгаа. Гэхдээ Европын эдийн засаг хурдацтай өсөж байна. Үүнийг дагаад эдийн засаг сайжрах, сэргэх төлөв ажиглагдаж байх шиг?
-Эдийн засгийн өсөлт, сэргэлт Европын холбоотой нягт уялдаатай. Тиймээс сэргэлт, уналт бүгд Европын орнуудын эдийн засгийн байдлаас хамааралтай. Манай улсын хувьд багагүй хямралтай байсан нь үнэн. Гэхдээ дараа жилийн өдийд эдийн засгийн байдал сэргэсэн, ажилгүйдлийн болон инфляцийн түвшин буурсан байх болно.
Б.Баатар

URL:




