Г.Ганзориг: Манай улсын долоон иргэн Хонгконгод ял эдэлж байна

kosdfУлсын ерөнхий прокурор Д.Дорлигжав тэргүүтэй төлөөлөгчид Хонконгод айлчлаад иржээ. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Улсын ерөнхий прокурорын туслах, Сургалт судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзоригтой ярилцлаа.

- Өндөр хөгжилтэй орны хуулийн байгууллагатай танилцаад иржээ. Монголын прокурорууд мэдлэг, ур чадвараараа тэдэнтэй өрсөлдөж чадахаар байна уу?

- Хонконгийн ерөнхий прокурор Кэвин Зервосын урилгаар богино хугацааны ажлын айлчлал хийгээд ирлээ. Хонконгчууд 100 жилийн турш Английн мэдэлд байсан. Энэ утгаараа эрх зүйн тогтолцоо нь англи-саксоны хуультай юм билээ. Шүүх хурал нь хятад, англи хэлээр болдог. Ажиллаж байгаа хуульчдын дунд хятадаас гадна тэнд байнга оршин суух эрхтэй шинэ Зеланд, Австрали, АНУ, Английн зэрэг гадаадын иргэд ч олноор ажилладаг.

 

Ер нь тэндхийн прокурорын байгууллага олон жилийн туршлагатай, эрх зүйг өндөр хөгжүүлсэн нь анзаарагдсан. Прокурорууд нь ур чадвар сайтай. Үйл ажиллагаа нь жигдэрчихсэн газар юм билээ. Тиймээс манай прокуроруудад тэднээс сурах зүйл их байсан.

- Айлчлалын хугацаанд ямар ажил амжуулав даа?

- Хэд хэдэн чухал ажил ярилаа. Хамгийн эхэнд хоёр улсын хуулийн байгууллагын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Ингээд хэд хэдэн хяналтын прокурор, мөрдөн байцаагчийг Хонконгийн прокурорын газарт богино хугацаагаар дадлагажуулахаар боллоо. Манай прокурорууд мөнгө угаах болон үндэстэн дамжсан ноцтой гэмт хэргүүдийг шалгахад суралцаж, арга туршлагаа хуваалцах юм.

 

Эхний ээлжинд ирэх дөрөвдүгээр сараас гурван прокурор Хонконгод ажиллаж эхлэх байх. Мөн энд прокуроруудаа сургалтад байнга хамруулж, прокурорын ёс зүйн талаар шинэ сэргэг мэдээлэл өгдөг юм байна. Бид ч Хонконгоос багш урьж эл сургалтад хүмүүсээ хамруулж, ёс зүй гэж юу вэ, прокурорын ёс зүй ямар байх ёстойг заалгахаар тохирсон. Энэ тохиолдолд манайхан мэргэжлийн алдаа, ёс зүйгүй байдлыг ялгаж салгаж, тохирсон шийтгэлийг өгч сурах байх.

- Хонконгийн эрх зүйн тогтолцоо манайхаас өөр. Тиймээс сургалт, дадлага үр өгөөжөө өгөх үү?

- Хаана ч нэг л зарчим үйлчилдэг. Гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл оноодог. Гэм буруу нь нотлогдоогүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. Гэмт хэрэг гарч, түүнийг шалгаж байгаа зарчим аль ч оронд адилхан. Манай улсын хувьд эрх зүйн тогтолцоо нь холимог системтэй. Ялангуяа эрүүгийн эрхийн чиглэлийн олон зүйлийг англи-саксоны хуулиас авсан.

 

Жишээ нь, шүүх хурал мэтгэлцэх зарчмаар явна гэдгийг англи-саксоны хуулиас авч Эрүүгийн хуульдаа тусгасан. Ялгаатай нь Хонконгийн ерөнхий прокурорын газар нь Хууль зүйн яамдаа харьяалагддаг. Бид тэндхийн Хууль зүйн яаманд очиж уулзалт хийсэн. Уулзалтаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлыг голчлон тохирсон. Өмнө нь бид Хонконгийн хуулийн байгууллагаас эрх зүйн туслалцаа хүсэхэд түргэн шуурхай үйлчилж байсан.

 

Энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, шинээр гарч байгаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд дээр туслалцаа авахаар болсон. Манай прокурорын байгууллага эрүүгийн хэргийг мөрдөн шалгахад хяналт тавьдаг, албан даалгавар өгч, яллах дүгнэлт бичдэг. Харин энд мөрдөн байцаалтыг хянах эрх, үүрэг байдаггүйгээрээ өөр. Нөгөө талаар олон улсын хэмжээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг Монголд прокурорууд хариуцдаг бол Хонконгод хууль зүйн департамент нь хариуцдаг юм билээ. Ийм л ялгаатай.

- Манай прокуроруудыг ёс зүйгүй гэж их шүүмжилдэг. Тэгвэл энэ сургалт цагаа олсон ажил болох бололтой?

- Ёс зүйтэй, шударга, авлигад автдаггүй тийм л хүмүүс Хонконгийн прокурорт ажилладаг. Манайд прокурорын ёс зүй муухан байгаа нь үнэн. Дээрээс нь иргэд өөрсдийн эрх, үүргээ мэддэггүй. Тэд хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Прокурор хууль бусаар ажиллаж байвал хэнд, хэд хоногийн дотор гомдол гаргахаа мэддэг байх хэрэгтэй.

 

Прокурор ёс зүйгүй хандвал үүнийг нь дээд шатны прокурорт долоо хоногийн дотор мэдэгддэг хуулийн заалт манай улсад бий. Иргэд гомдлоо тэр даруй зохих газарт нь гаргаж эрхээ хэрэгжүүлээд байвал мөрдөн байцаагч, прокурорууд дураараа аашилж хууль зөрчихөө болино. Ер нь Хонконгод прокурорын үйл ажиллагааны менежмент их сайн юм билээ. Жишээ нь, Хонконгод долоон сая хүнтэй мөртлөө 240 прокурортой.

 

Харин Монголд 2.6 сая хүнтэй атлаа 450 прокурор ажиллаж байна. Хонконг, Монголд гэмт хэргийн гаралт адилхан. Тийм боловч Хонконгийн прокурорууд зөв менежменттэй учир ачаалал багатай ажиллаж, хэргийг зөв шийдэж байна. Цөөхөн хүнтэй ч сайн ажиллаж чадаж байна. Туслах ажилтнууд ихтэй, техник ажиллагаа бага юм билээ.

 

Гэхдээ тэнд зарим тохиолдолд олон жил ажилласан туршлагатай сайн өмгөөлөгч шүүх хуралд улсын яллагчаар оролцдог. Ерөнхий прокурор нь хүсэлт тавьж “Энэ хэрэг дээр та прокуророор ажиллаач” хэмээн яллагчаар шүүх хуралд оруулдаг. Гэхдээ хэрэг болгон дээр тэгэхгүй. Тодорхой том хэргүүд дээр урьж авчираад төлбөрийг нь төлөөд “Яллах дүгнэлт үйлдсэн хэрэг байна. Та шүүх хуралд яллагчаар орооч” гэдэг юм билээ.

- Хонконгод манай иргэд хэрэг зөрчилд холбогдох нь их байдаг. Энэ талаар мэдээлэл солилцсон уу?

-Тэнд манай улсын долоон иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байгаа. Мөн 10 орчим иргэн гэмт хэрэгт холбогдоод шалгуулж байна. Манай Хууль зүйн яам Хонконгийн Засгийн газар, Хууль зүйн яамтай хамтраад ялтан солилцох гэрээ хэлцэл хийхээр ярилцаж байгаа юм билээ. Үүний наана бид ажил төрлийн шугамаар гэмт хэрэгт холбогдсон хүнээ солилцох ямар боломж байна гэдгийг ярилцсан. Ялангуяа гэмт хэрэгт холбогдсон хүмүүс нь манайд хандах юм бол бид хөөцөлдөж нааштай шийдүүлэхээр ярилцаж болох юм. Ял эдэлж байгаа болон шалгуулж байгаа хүмүүсийн дийлэнх нь хар тамхи зөөвөрлөсөн юм билээ.

- Монголд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хангалттай хийж байгаа. Гэвч манай иргэд үргэлж л гадаадад хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдчихоод байх юм?

-Энэ их ойлгомжтой асуудал шүү дээ. Манай иргэд өөрсдөө мэдсээр байж энэ хэргийг санаатай үйлдэж байгаа. Жишээ нь, нэг монгол эмэгтэй тэнд хоригдож байсан. Энэ эмэгтэй гоо сайхны бараа зөөх нэрээр Хонконг уруу хар тамхи оруулаад баригдсан. Үнэн хэрэгтээ тэр бүсгүй хар тамхины төрлийн ургамал зөөж байгаагаа мэдэж байсан. Мөн үүнийг зөөвөл эрүүгийн хэрэгтэн болно гэдгээ ч мэдэж байсан.

 

Тэгэхээр энэ бол хувь хүний ёс зүй, өөрийнх нь ухамсарт үйл ажиллагаатай холбоотой. Хар тамхи зөөвөрлөж болохгүй, хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг өчнөөн жил ярилаа. Гэвч хөнгөн хялбар замаар мөнгөтэй болох гэсэн ашиг хонжоо хайсан хүмүүс энэ гэмт хэрэгт холбогдож байна. Хар тамхи зөөхөд Монголд ч, гадаадад ч адилхан л шийтгэнэ. Өөр оронд бол бүр илүү хатуу шүү дээ.

Д.Мягмаржаргал

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих