Х.Дамдин анддаа хэлэх үг

damdin“Монгол кино” нэгтгэлийн ажлын талаар 1990-ээд оны дунд үеэс амтай болгон нь мэдэмхийрэн дайрч довтолдог нэгэн гажуу тогтолцоо нүүрлэсээр өнөөдөртэй золгож байна. Үүнд хэд хэдэн асуудал сөхөгдөж байгаагийн дотроос зарчмын чухал гэж үзсэн дээр тогтосхын авч үзье.
1. Монгол Кинo нэгтгэлийн ажлыг тухайн үеийн БСШУЯ-ны төрййн нарийн бичгийн даргын тушаалаар 2001 онд ажлын хэсэг томилж, уг ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд юуны түрүүнд 1990-1996 онд бүтээх ёстой байсан “Түүхийн хүрд” кино мэдээнээс 58 бүлэг эх негатив дүрс, дуу, дуутай позитивүүдийг огт хийгээгүй, улсын архивт шилжүүлээгүй байсан.

 

Уран сайхны гурван кино, 37 төрлийн баримтат киног дуусгаагүй дутуу орхисон 101,2 мянган метр кино хальс түүхий эд материалыг дээр дурдсан олон кинонд зарцуулж үнэ хөлсөө авч чадаагүй нь кино үйлдвэрийг эдийн засаг санхүүгийн хувьд туйлдахад хүргэсэн байна” гэж дүгнээд “Баримтат кино студийг тухайн үед удирдаж байсан хүмүүс мөн түүнчлэн бусад эздэд нь хариуцлага хүлээлгэх, асуудлыг хууль хяналтын болон эрх бүхий холбогдох байгууллагад өгч шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв” гэсэн маш тодорхой дүгнэлт гаргасан байна.
Харамсалтай нь энэхүү комиссын гаргасан дүгнэлт зөвлөмжийг ажил хэрэг болгох ажлыг БСШУЯ эзэнгүйдүүлэн орхиж тодорхой ажил хийлгүй хаяжээ. Баримтат кино бол тухайн улс орны хөгжил дэвшил, хоцрогдол доройтлын аль алиныг нь тольдон тусгаж хойч үедээ үлдээдэг, үнэн бодит баримтын чуулган, гэрч байдаг билээ.

 

Энэ үүднээс баримтат киног тасралтгүй бүтээж, түүхийн гэрчээр үлдээх нь улс орон бүрийн төрд ноогдсон нэг үүрэг, ийм үүргийг Монголын төр 1930-аад оны дунд үеэс үүрч ирсэн юм. Гэвч 1990-1996 онд энэ уламжлал тасарч Монгол Улсын эрс шинэчлэлийн үеүдийн түүхэн баримт, үйл явдал баримтат киноны хальсанд бууж үлдээгүй атлаа ихээхэн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж үрэн таран хийсэн хүмүүс нь хүртэл дураараа дургиж МКН-ийг дуртай цагтаа гутаан доромжилж гүтгэн муулсаар явааг юу гэж үзвэл зохих вэ.

 

Энэ зуур МКН-ийн техник техологи хуучирч шинэ үеийнх ч биш, хуучин чулуун зэвсгийн үеүдийнх шиг болж хоцрогдлоо. Гэвч 1997 оноос монгол улсын түүхэн гол гол үйл явдлыг “Түүхийн хүрд” 130 бүлэг кино мэдээ бүтээж “Кино гэрэл зургийн баримтат төв архив”-ын журмын дагуу хүлээлгэн өгсөн баримтыг хэн ч, яаж ч гуйвуулж мушгиад, гүжирдэн үгуйсгээд ч алга хийчихэж чадахгүй нь хэн хүнд ойлгомжтой биз ээ.

2. 2006 онд БСШУЯ, Төрийн өмчийн хороо хамтарсан ажлын хэсгийг байгуулж “Монгол кино нэгтгэл” (УУГ)-ийн үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцаад баримтат кино студийг бие даалган байгуулах тухай санал дүгнэлтээ гаргасан байдаг. Энэхүү байгууллагынхан төдийгүй нийт үзэгчид, олон түмэн андахаа больсон юм.

Х.Дамдин найруулагч яагаад ийнхүү Ж.Солонгын эсрэг загалмайтны эсрэг аян дайн өрнүүлж, залуу уран бүтээлчдээр “цусаа сэлбэх” гэж улайран, ичгүүр сонжуургүй, махран зүтгэх болсон шалтгаант учир явдлыг мэдэх хүмүүст нь илт байдаг. Чухам иймээс Х.Дамдин ганцхан өөрийгөө Монгол киноны төлөө халуун амь бүлээн цусаа зориулан тэмцэгчийн дүрд тоглуулан найруулж байдаг юм.

 

Үнэндээ бол Х.Дамдин 1991-1996 онд баримтат киноны эрх мэдлийг гартаа авчихаад, хамаг хөрөнгө мөнгийг нь үрэн таран хийчихээд улсад ихээхэн хохирол учруулж Монгол Улсын түүхийн тухай баримтат киног тасалдуулан Монголын түүхэнд нөхөж баршгүй хор хохирол учруулсан ганц эзэн нь билээ. Тэрбээр 58 нэрийн баримтат киног улсад өгөлгүй, 37 нэрийн киног дутуу орхиж өчнөөн их хохирол учруулсан талаар 2001, 2006 онуудад БСШУЯ-ны, Төрийн өмчийн хороо зэрэг газрын шалгалтын комисс тодорхой дүгнэлт гаргасан байдгийг дахин онцлон дурдалтай.

 

Х.Дамдин өөрөө л баримтат киноны дарга байхдаа энэ бүх алдаа завхралыг дэгдээчихээд, сүүлд ичсэн хүн хүн ална гэгчээр, 1997 онд ажлыг нь авсан Ж.Солонго руу уулгалан дайрсаар өнөөдөртэй золгож байна. 1996 оны гуравдугаар сарын 18-нд “Монгол Кино” нэгтгэлийн захирлаар томилогдож байсан МУУГЗ, найруулагч Ц.Наваан ийнхүү дурссан байдаг нь: “Намайг энэ албанд томилогдож ирэхэд “Монгол кино” үйлдвэр нь улсад 22 сая төгрөгийн өртэй, гадна үүднээсээ дотор өрөөнүүдээ хүртэл хавтгай архидсан эмх замбараагүй, өнгө үзэмжээ алдсан санхүүгийн сахилга бат нь санаатай зөрчилдсөн, жинхэнэ эх захгүй, эмх замбараагүй орчин байлаа. Би анхандаа архидалтын эсрэг хатуу тэмцэнэ гэж зорьсон боловч дийлээгүй юм. Ер нь их хэцүү орчин байсан даа” хэмээн дурссан нь байдаг.

Ийнхүү албан тушаалаа алдсан Х.Дамдин 15-16 жил “Хогийн зарга” дэгдээн ажлаа хийж яваа хүнийг гүтгэн доромжлохынхоо оронд өөрийн киноны нөхдөөсөө уучлал гуйвал өөрт нь хэрэгтэй баймаар. Гэвч даргын суудлын амтанд орсон Х.Дамдин найруулагчийн ухаан бодлыг самууруулан манантуулж, саруул ухаанаар эргэцүүлэх чадварыг нь алдагдуулсан бололтой.

 

Дамдин минь дээ. Албан тушаалаа авах өдөр байхад өгөх өдөр бас нэг ирдэг гэдгийг ухамсар лахгүй мунгинасаар л явна уу. Хөөрхийлөлтэй анд минь, бидний үе дуусаж буйг битгий мартаад залуучуудад гай болж тэднийг бурантаглах гэсэн хэзээ ч бүтэшгүй явдлыг орхиё л доо. Үүрэг тул олныг нуршиж “тайлбар бичиг” үйлдсэн анд нь.

Тайлбар бичигч С.ЛОЧИН (МУСГЗ, доктор, профессор)


URL:

Сэтгэгдэл бичих