Хурандаа нар шүүх хурал хүртэл эмнэлэгт “сувилуулна”
-ХУРАНДАА НАРЫН АЧААР ИРГЭД ОЛОН ЗҮЙЛИЙГ МЭДЭЖ АВЛАА-
Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч цагдаагийн генерал, хурандаа нарыг эмнэлэгт үргэлжлүүлэн “хорьж”, эмчлүүлэх шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт гаргалаа. Мөн хурандаа нарын хүссэнээр шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх хууль зүйн үндэстэй эсэхийг судлахаар боллоо. Шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөхөөр бол шинээр томилогдсон шүүгчид 30 шахам хавтаст хэрэгтэй танилцах гэж дахиад хагас жил ч хүлээлгэж мэдэх нь. Тэр болтол хурандаа нар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ор бөглөж, сувилуулах нь. Дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, өвчтөнүүд ор хүлээн дугаарлаж байдаг. Гэтэл таслан сэргийлэх арга хэмжээ авсан хурандаа нарыг жирийн өвчтөнүүдийн өмнүүр оруулан байж эмчилж байна.
Хурандаа нарыг шүүх хурлын эргэн тойрон дахь үйл явдлаас иргэд олон зүйлийг мэдэж авлаа. Цагдаагийн даргыг хорих шийдвэрийг шүүх гаргасан ч, биелэлээ олох боломжгүйг харууллаа. Мөн хурандаа нарыг хорихын эмнэлэгт хэвтүүлж болохгүй байгааг харахад тэнд хүнийг эмчилдэггүй юм байна.
Ерөөсөө л хорихын эмнэлэгт даралт бууруулчих хэмжээний эмчилгээ хийх боловсон хүчин байхгүй бололтой. Тиймээс шоронд хоригдож байгаад эмчлүүлэх шаардлага гарвал хорихын эмнэлэгт найдаж л лав болохгүй нь. Үүнээс гадна дэлхий нийтэд чихрийн шижинтэй хүнийг хорьж болдоггүй хуультайг хурандаа нарын ачаар иргэд мэдэж авлаа. Мэргэжлийн хүний яриагаар урьд өдөр нь согтууруулах ундаа хэрэглээд, маргааш нь чихэрлэг ундаа уучихвал бие дэх сахарын хэмжээ ихэсдэг гэнэ. Хурандаа нарыг эмнэлэгт хэвтүүлсэн өдөр цагдаа нарын нэг архи бариад орж байсан нь ийм учиртай ч байж мэдэх. Чихрийн шижинтэй хүн хоригддоггүй, шинжилгээгээр сахарын хэмжээгээ их гаргаж болдог аргыг иргэд хурандаа нарын ачаар мэдлээ.
Ц.УЯНГА
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL:







