Өмнөговь аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ

umnugovi-middleМонгол орны ихэнх нутгаар цас орсноос зарим аймагт онцгой байдал зарлах хэмжээнд хүрчээ.

Өнгөрсөн шөнө Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр цасаар шуурч хонов.

Өнөөдөр мөн Сүхбаатарын нутгаар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга үргэлжилж байна.

Өчигдөр 18.00 цагийн үед авсан мэдээллээр Өмнөговь аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ.

Тус аймагт мал осгосон, малчид сураггүй болсон дуудлага сум бүрээс ирж, аврагчид нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа аж.

Харин Дорноговь аймгийн хувьд долоон суманд цасаар шуурч, оройн алдад тэнгэр цэлмэсэн мэдээг дуулгалаа.

Сайншанд суманд хүн төөрсөн ч эсэн мэнд олжээ. Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн сумдад цас бага хэмжээгээр орсон ч шуургатай байгаа гэнэ. Одоогоор онц ноцтой хэмжээнд хүрээгүй байна.

Өнгөрсөн өдрүүдийн цас төвийн болон зүүн, говийн нутгаар орсон бололтой. Баруун аймгийнхны хэмжээнд цаг агаар тогтуун байгаа аж. Увс аймгийн онцгой байдлын алба цаг уурчдын мэдээллийн дагуу сумддаа үүрэг даалгавар, сэрэмжлүүлэг хүргүүлж бэлэн байдалд ажиллаж байгаагаа хэллээ.

Түүнчлэн Дархан-Уул аймагт байдал хэвийн байна. Ирэх өдрүүдэд цас үргэлжлэн орохыг цаг уурчид мэдээллээ. Говийн нутгаар салхи ширүүсэх төлөвтэй байгаа аж. Агаарын хэм хасах руу орсон хэвээр байх бол маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарах төлөвтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих