Н.Энхбаяр: “Чи зайл, би улстөрд эргэж орно”

-----_500x500

     Шадар сайд Д.Тэрбишдагва О.Баасанхүүг намаасаа гарахыг зөвлөж, МАХН-ын гишүүд түүнийг утсаар дарамталж, сайтын сэтгэгдлээр доромжилж гээд хоёр оны зааг дээр юм юм л болов. Мань эр ч яаран сандран Солонгос улсад эмчлүүлж байгаа намынхаа дарга дээр хов зөөж очвол цаадхи нь эргэж улстөрд орохоо илэрхийлэв. Намынхаа гишүүнийг хов зөөж, өмөөрүүлэх санаатай очиход нь огт тоохгүйгээр үл барам “би эргэж улстөрд орно” гэж хэлж байгаа нь яагаад сонирхол татахгүй гэж. Шуудхан хэлэхэд “Чи зайл, би улстөрд эргэж орно” гэсэн үг юм биш үү. Юутай ч Н.Энхбаяр их улстөрд орж ирэхэд хэн нэгнийг золионд гаргах нь дамжиггүй. Ийнхүү шуудхан л зайл гэж хэлж байхад О.Баасанхүү “О.Баасанхүү хүчгүй байвал Н.Энхбаяр хүчгүй байна гэсэн үг. Н.Энхбаяр даргыг хүчгүй байлгахын төлөө хэсэг, бүлэг хүмүүс ажиллаад байна. Н.Энхбаяр даргыг биологийн насаараа биш ч оюун ухаанаараа ирэх 20 жилд улс төрд байх боломжтой гэж харж байна” гэх зэрэг тал зассан ярилцлага энд тэнд өгөөд явах юм. Арга ядсан л хүний ажил бололтой.Хэн ч гэсэн энэ том карьераа алдахыг хүсэхгүй л дээ. Түүний амьдралд олдсон алтан боломж бол энэ. Магадгүй, ахиад хэзээ ч ийм боломж олдохгүй байх. Тэгэхээр өөрийгөө авч үлдэх арга бүхнийг л хайж таарна. Хамгийн гол нь Н.Энхбаяр улстөрд орно нь л гэсэн бол ямар ч асуудалгүй МАХН-ын хэн нэг нь золионд гарч таарна. О.Баасанхүүг намаас нь гаргах энэ тэр бол түүнд юу ч биш. Болохгүй зүйл алга. Намын жагсаалтаар УИХ-д суусан нөхөр намаасаа татгалзвал автоматаар УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хууль байгаа. Иймээс Н.Энхбаяр МАХН-аас жагсаалтад орж УИХ-д суусан Ч.Улаан, Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нараас сонголт хийнэ. Тэгэхээр энэ хоёроос ам авч таарна. Аль болох зөөлхөн боорцог авахыг л хичээх байх. Өнөөдрийн байдлаар бол Н.Энхбаяр О.Баасанхүүг амлаж авсан бололтой шуугиж байна. Түүнийг тойрсон элдэв месэж, захиалгат нийтлэлүүд ч ар араасаа хөврөх болов.

Тухайлбал, “УИХ-ын гишүүн Ж.Батзандан намын жагсаалтаар УИХ-д суусан гишүүдийг эргүүлэн татдаг болох тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Энэ хууль нь хэрэгтэй хийгээд намын нэрээр УИХ-ын гишүүн болчихоод бусдын үгэнд ордоггүй, тэр тусмаа намынхаа даргын үгийг ч үл ойшоодог нөхдүүд олон болжээ. Тэгэхээр намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийн энэхүү хууль айлгаж байна” хэмээх захиалгат нийтлэл байна. Үүнийг уншихад л цаад эзэд нь тодорхой харагдаж байна лээ. Энэ хууль хэзээ өргөн баригдаж, хэзээ батлагдахыг бүү мэд. Зүгээр л О.Баасанхүү нарт хаягласан гэдэг нь хэнд ч ойлгомжтой харагдана. Энэ мэтээр О.Баасанхүүг эхлээд оролдоод авав. Магадгүй, Н.Энхбаяр цаг нь ирэхээр З.Баянсэлэнгээ ч амлаж болох юм.

Уг нь бол Ц.Оюунбаатарыг амлаад авбал алс хэтдээ хэрэгтэй л байх. Учир нь улстөрийн карьер нь өсч, сонгогч иргэдэд гайгүй ойр, намд нэг суудал чирээд ирэх магадлалтай З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарыг амлаад дэмий л юм. Эрхэм хоёрын хувьд 2016 оны сонгуулиар нэг нэг тойрог өгчихвөл нэлээд бужигнуулна. МАХН-аас өрсөлдөөд суудал авчих магадлалтай хүмүүс бол яах аргагүй энэ хоёр. Түүнээс биш, Ц.Оюунбаатар халхын хаанаас ч гарахгүй. Ч.Улаан ч жагсаалтад орж амь хоохойлохгүй бол амжихгүй. Д.Тэрбишдагва ч байхгүй. Өнгөрөгч сонгуулиар, Сонгинохайрханаас сандарч байж гурваар гарч ирсэн. Л.Цог энэ тэр бол бүр байхгүй. Ерөөсөө шуудхан хэлэхэд 2016 онд хоёр суудал чирч ирэх магадлал бол З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар. Тэгэхээр карьер нь дууссан нөхдүүдээ шахсан нь уг нь бодлогын хувьд зөв юм.С.Баяр  


URL:

Сэтгэгдэл бичих