Амьтдад хазуулах нь галзуугаар өвчлөх шалтгаан болдог

04d8494bf0790ab76dbf7ac29a3aa097_LНийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх хэлтсээс амьтдад хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх, тэдгээрийн бохирлогдсон зүйлд хүрэхгүй байхыг зөвлөж байна.

Мөн уг өвчнөөр өвчилсөн юм уу өвчилсөн байж болзошгүй гэж сэжиглэсэн малын мах, сүү, бусад бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхгүй байх, нохойг уяж хашаатай байлгах, бүртгэлжүүлэх, гадагш хошуувчтай авч явах, золбин нохойг устгах, эрүүл нохойг галзуугаас урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулав. Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг зоонозын хурц халдвар юм. Галзуугийн вирус нь гадаад орчинд тэсвэргүй. Халаах, нарны шууд туяа, хэт ягаан туяаны үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын уусмалуудад 1 минутын дотор үхдэг. Мал, амьтны сэг, зэмэнд 5-90 хоног, 1 м гүнд булсан мал, амьтны сэгний тархинд 5 долоо хоногийн турш хоруу чанараа хадгалдаг. Галзуу өвчнөөр бог, бод мал, нохой муур зэрэг гэрийн тэжээмэл амьтан, сарьсан багваахай, чоно, хярс, үнэг, цөөвөр чоно гэх мэт хөхтөн амьтан өвчилдөг. Гэрийн мал, амьтад дотроос галзуу өвчинд хамгийн илүү мэдрэмтгий нь нохой, үхэр, хонь, адуу, гахай болон бусад амьтад юм. Тэдгээрийн бие махбодид галзуугийн үүсгэгч удаан хугацагаар хадгалагддаг аж.

Өвчтэй малын сүүгээр галзуу өвчний үүсгэгч гадагш бага хэмжээтэй, харин шүлсээр үлэмж хэмжээтэй ялгаран гардаг. Вирус нь хүний биед үүссэн янз бүрийн шарх, гэмтсэн салст бүрхүүлээр шүлсний хамт орж, мэдрэлийн ширхгээр тархаж, төв мэдрэлийн тогтолцоонд хүрч, уураг тархи, мэдрэлийн бөөмийг гэмтээснээр залгих, амьсгалын булчингийн таталт илэрдэг. Шүлс их гоожих, хөлрөх, улмаар зүрх судасны хурц дутмагшлын шинж тэмдэг илэрнэ. Хүн галзуугаар өвчлөх гол шалтгаан нь чоно, нохой зэрэгт уруулснаас болдог. Мөн галзуугаар өвчилсөн байж болох мал амьтны арьсыг өвчсөнөөс хүн халдварлан өвчилдөг болохыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулав.

Б.Туул

 


URL:

Сэтгэгдэл бичих