Тусгаар тогтнолын талбайг нээлээ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан тохижуулсан Тусгаар тогтнолын талбайн нээлт өчигдөр боллоо.

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Тэнгис” кино театрын өмнөх Ялалтын талбайг Тусгаар тогтнолын талбай болгосон юм. Талбайн нээлтийн ёслолд Ерөнхий сайд С.Батболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд тэргүүтэй эрхмүүд оролцож талбайн голд байрлуулсан гэрэлт хөшөөний хөшгийг татсан.

19 метр 11см өндөр хөшөөний голд уйгуржин монгол бичгээр Төрийн дуулал, Чингисийн сургаалийг бичиж, оройд нь гал, нар, сарыг зэсээр талсжуулан гадуур нь алтан ялтсаар бүрэн, соёмбо тэмдгийг
тугны энгэр болох дугуйд байрлуулсан нь содон байлаа. Хөшөөний ерөнхий архитектурыг С.Цахиур, нар cap галыг Г.Хийморь зохиомжилж, ерөнхий инженерээр О.Жадамбаа ажиллажээ.

Талбайн төвд байрлах хөшөөний зураг төслийг боловсруулахдаа Монголын түүхийн уламжлалт онцлог болон үндэсний урлаг, соёл, архитектурын өв хэв загварыг хадгалахад анхаарсан гэнэ. О.Жадамба, чулууны ажлыг удирдан ажилласан н.Сүхбаатар, барилгын ажлын гүйцэтгэгч н.Ганзориг нарын уран бүтээлчдийн багт шагнал гардуулсан юм.

Нээлтийн үеэр О.Жадамбаа “Төмөр бетон зүрхэвчтэй, металл бүслүүр бэхэлгээтэй, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, босоо бие даасан шон хэлбэрээр хөшөөг босгохоор сонгож авч гүйцэтгэлээ. Зураг төслийг “Суурь бар зур” ХХК гурван сарын хугацаанд боловсруулсан. Хөшөөнд орсон чулууг Монголоосоо бэлтгэсэн. Гантиг, боржин чулуугаар урлалаа” гэв.

М.Мөнхтунгалаг http://www.niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих