70 мянган ажлын байр бий болно

“Зам тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт ажлын байр нэмэгдүүлэх нь” сэдэвт семинар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт боллоо. Эл семинарт ЗТБХБЯ, НХХЯ-ны харьяа агентлагийн төлөөлөл оролцсон юм.

Семинараар зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт байнгын болон түр ажлын байр бий болгох боломжийг тодорхойлж, шинээр бий болсон ажлын байрыг хөдөлмөр зуучлалын үйлчилгээтэй холбох, хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлоготой уялдуулах талаар ярилцсан юм.

Семинарын үеэр НХХЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын орлогч дарга Б.Алимаа “Улсын хэмжээнд зам тээвэр, аялал жуулчлал, эрдэс баялаг, эрчим хүч, хот байгуулалт зэрэг томоохон салбаруудад улсын хэмжээнд 51700 ажлын байр бий болохоор байгаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны зүгээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж, түр болон байнгын ажлын байр болгох зорилтод томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 16500 ажлын байр бий болгоно. Улсын хэмжээнд нийтдээ 70 орчим мянган ажлын байр бий болно гэсэн үг.

Одоогийн байдлаар 14 мянга орчим ажлын байр шинээр бий болоод байна. Орон сууц, зам барилга, эрчим хүчний компаниудын ажил идэвхиж байгаатай холбоотойгоор эдгээр ажлын байр бий боллоо. Жилийн зургаа, долдугаар сард ажлын байр огцом өсдөг хандлага байдаг” хэмээн ярьсан юм.

Сүүлийн гурван жилийн дунджаар аваад үзэхэд, Монголд ажиллаж байгаа гадаадын иргэдийн тоо буурч байгаа аж. 2008 онд 30 орчим мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бол 2010 оны эцэст 18-19 мянга болон буурчээ.

Т.Энхбат


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих