СЭТГҮҮЛЧДИЙГ СӨХРҮҮЛСЭН «ТОМ АХ» НАРЫГ ЗОРГОНД НЬ ТАВИХ УУ

сэтгүүлчХүний нэр төрд халдаж, гүтгэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт шүүгдэж буй сэтгүүлчийн бодит жншээн дээр үндэслэн “Глоб интэр-нешнл” төрийн бус байгууллагын захиалгаар тавигдсан “Том ах” нэртэй жүжиг бий.

Уг жүжигт онгон охидын биеийг үнэлүүлж бизнес хийдэг этгээдүүдийн талаар нийтлэл бичсэн сэтгүүлч Хурцтуяа хэрхэн ял сонсч, эцэст нь түүний зөв байсан нь батлагдан цагаатгагдаж буй үйл явдал өрнөдөг.

Жүжгийн эхлэлд охидын биеэр бизнес хийгч “Том ах”-ын долларт амаа үдүүлсэн гэрчүүд мэдүүлгээ өөрчилсөн учир сэтгүүлч хүн гүтгэсэн хэргээр яллуулдаг. “Миний гэрчүүд яагаад мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээсээ татгалзсаныг шийдвэр гаргахдаа шалгаж үзнэ гэж найдаж байна” гэж сэтгүүлч хүсэлт тавьсан ч шүүгч Итгэл ойшоож үздэггүй. Үнэний төлөө явсан сэтгүүлч ял сонсохдоо “Охидоо хаана нуух вэ, шүүгч ээ” гэж сэтгэл эмтэртэл асуух ч шүүгч хадны цуурай сонссон мэт тоомсоргүй царайлсаар гарч оддог…

Үүрийн 06 цагт нойрноосоо сэрсэн Итгэл шүүгч охиноо гэртээ хоноогүйг мэдэн гайхаж бухимдан суутал охин нь ирнэ. Өрөөндөө орж хаалгаа түгжсэн охинтойгоо Итгэл шүүгч ярилцахыг хүсэх ч охин уйлсаар. Гэвч аавдаа үнэнийг хэлдэг. “Таны хайртай, ухаантай охин одоо охин биш болсон…тэр ахыг тийм юм хийнэ гэж бодсонгүй…” гэж уйлан үхэхийг хүсч буй охиныхоо дэргэд ‘Тэр ах гэдэг чинь хэн юм бэ” гэж хоолой мэдэн орилох шүүгч Итгэл сая л нэг ‘Том ах” гэгч аймшигт үнэнтэй нүүр тулна. Өөрийнх нь амьдралд ингэж тохиолдсоноор шүүгч охидын биеийг бузарлагч ‘Том ах” байдаг баталгааг олж авна, эрүүл ухаант хүний санаанд оромгүйг үйлддэг ‘Том ах” байгааг нийгэмд илчилсэн сэтгүүлчийг ч цагаатгана. Гэвч хэргийн эзэн ‘Том ах” сураггүй…

Одоогоор манай улсын практикт сэтгүүлч хүн гүтгэсэн гэх хэргийг шалгаж шийдвэрлэхдээ бичсэн нийтлэл нь үнэн үү, худлаа юу гэдгийг хуулийн байгууллагуудын аль ч шатанд шийдвэр гаргахдаа ойшоож үздэггүйг “Том ах” жүжиг хөнддөг юм.

Өөрөөр хэлбэл, сэтгүүлч үнэхээр хэн нэгнийг зориудаар гүтгэж, гүтгэлгийг санаатай тараасан уу гэдгийг нотолдоггүй. Гагцхүү гүтгүүлсэн гэх хүний гомдлыг л чухалчилж үздэг. Уг нь юуны өмнө сэтгүүлч ямар асуудал хөндсөн байна, эхлээд тэр асуудлыг шалгаж тогтоогоод дараа нь сэтгүүлч хүн гүтгэсэн үү гэдгийг авч үзэх ёстой аж. Олон улсын жишиг ч ийм байдаг байна. Гэтэл манайд эсрэгээрээ үйлчилж, эцэст нь сэтгүүлчид хүн гүтгэсэн муу нэр зүүж, харин ‘Том ах” нар хождог байдал ноёрхох хандлагатай болжээ.

Гүтгүүлсэн гэх асуудлыг шүүхээр шийдсэн практикийг судалж үзэхэд нийгэмд нэр нөлөөтэй, хөрөнгө чинээтэй, албан тушаалтай, эрх мэдэлтэй хүмүүс ихэвчлэн гомдол гаргаж, шүүх ч гомдлыг нь хангаж өгсөн байх бөгөөд гомдол гаргасан хүний 80-аас дээш хувь нь албан тушаатан, эрх мэдэлтнүүд гэнэ.

Ерөнхий сайдын эзэмшлийн амралтын газар бохир усаа Туул гол руу нийлүүлж байгаа тухай эрэн сурвалжилсан нийтлэл нийгэмд хүргэсэн Амжилт.ком цахим хуудсыг саяхан хааж, сэтгүүлчид нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

Хэд хоногийн өмнө Инфо.мн цахим хуудсын эрхлэгч С.Баттулгыг нийтлэл бичсэн сэтгүүлч мөн үү, биш үү гэдгийг нягталж тогтоолгүйгээр “Ноёд” группийн эзэн Г.Буяндоржийн захиалгаар хүн гүтгэсэн гэж үзэн цагдан хорьж, эрхийг нь зөрчсөн үйл явдал болсон.

Энэ мэтчилэн нийгэмд хоточ нохой байх үүрэгт ажлаа гүйцэтгэснийх нь төлөө сэтгүүлчдийг хүн гүтгэсэн, албан тушаалтны нэр төрт халдсан гэж хавтгайруулан шийтгэж,  айлган сүрдүүлдэг хэрэг явдлууд бишгүй гарах болж.

Өнөөдөр л гэхэд манай сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт Зам тээврийн яамны газрын дарга Б.Жаргалын гомдлоор эрүү үүсгэн шалгасан хэргийн шүүх хурал болох гэж байна.

Сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэг авто машины улсын дугаар, улсын бүртгэлээр бизнес хийж буй үе үеийн дарга нарын тухай мэдээллийг тухайн салбар дотор нь ажилладаг хариуцлагатай албан тушаалтнуудаас авч, улмаар тэрхүү мэдээлэл дээрээ үндэслэн 2011 онд “Дугаарын бизнес дундраагүйгээр барахгүй улам нарийн, цадиггүй болон хөгжиж байна” гарчигтай нийтлэл сониндоо гаргасан. Үүний дараа сэтгүүлчийг бичсэн нийтлэлтэй нь холбогдуулж Б.Жаргалын гомдлоор эрүү үүсгэн шалгаад, шүүхээр оруулсан. Эдүгээ гурав дахь жилдээ явж буй энэ хэргийг анх анхан шатны шүүхээр авч хэлэлцээд сэтгүүлчийг цагаатгасан. Дараа нь хохирогч гэгдэх Б.Жаргалын гомдпоор давж заалдах хурал болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүний дараа дахин анхан шатны шүүхээр хэргийг оруулж манай сэтгүүлчийг хүн гүтгэсэн гэм буруутай гэж ялласан бөгөөд өнөөдөр сэтгүүлчийн гомдлоор давж заалдах шатны шүүхээр-хэргийг дахин хянах гэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчийг хэрвээ үнэн юм бичсэн бол эх сурвалжаа илчил гэж цагдаа, прокурор шаардаж, улмаар сэтгүүлч ч эх сурвалжаа хуулийн байгууллагад илчлэн, гэрч болгосон юм.

Гэрчүүд ч манай сэтгүүлчид мэдээлэл өгснөө хуулийн байгууллагад мэдүүлсэн байдаг. Гэвч хоёр дахь удаагаа хэрэг анхан шатны шүүхээр ороход дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх сэтгүүлчийг ялласан. Гэтэл үүнээс өмнө анх удаа хэрэг анхан шатны шүүхээр орох үед / сэтгүүлч энэ үед эх сурвалжаа илчлээгүй байсан/ хүн гүтгэсэн нь тогтоогдохгүй байна гээд цагаатгаж байсан юм. Сэтгүүлчийг анх цагаатгасан төдийгүй хугацаа өнгөрөх тусам сэтгүүлч албан тушаалтан Б.Жаргалыг гүтгээгүй гэдгээ нотлох баримтаар хангаж байхад дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх хохирогч гэгдэх Б.Жаргалын хүсэлтээр шүүх хурлыг хаалттай хийж сэтгүүлчийг ялласан нь хачирхалтай байгаа юм. Тиймээс ч сэтгүүлч давж заалдах шатны шүүхэд хандсан билээ.

Өнөөдөр мөн Германд Элчин сайд байсан Даваадоржийг гүтгэсэн гэх асуудлаар “Өглөөний сонин”-ы сэтгүүлчийг шүүх гэж байна. Шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно. “Өглөөний сонин”-ы сэтгүүлчид “Эх сурвалжаа хэл” гэх ял тулгасаар нэг жил гаруй болж байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал өнөөдөр болох гэж байгаа юм байна.

Сэтгүүлчид албан тушаал, эрх мэдэл, бүлэглэлийн хүч чадал, мөнгөө ашиглан нийгэмд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн эрх ашгийг хохироож байгаа “Том ах” нарыг илчлэхийн төлөө явдаг. Тэгж явахдаа мэдээлэл авахад саад учирсан, мэдээлэл олдохгүй байсан, албан тушаалтнууд өөрсдөө мэдээлэл өгөхөөс татгалзсан зэрэг янз бүрийн бэрхшээлээс болоод нотлох баримтаар дүүрэн нийтлэл гаргаж чадахгүй байх нь бий. Үүн дээр нь “Том ах” нар ч чадмаг дөрөөлж, сэтгүүлчид эс хүссэн ч эрх мэдлийн өмнө сөхөрч байна. Төр засаг, албан тушаалтнуудын хууль бус хуудуутай үйл ажиляагааг олон нийтийн хяналтад оруулах үүргээ биелүүлж чадахгүйд хүрч байна.

Захиалгаар бичдэг, санаатай хүн гүтгэдэг, нэр төрд халддаг гэх асуудал сэтгүүлзүйн салбарт байдаг ч энэ бүхэн дийлэнхдээ редакцийн эзэд, өмчлөгчдөд л хамаатай өрнөдөг. Гэтэл цагдаа, прокурор, шүүх зэрэг хуулийн байгууллагууд ‘Том ах”-ын гомдлыг тайлахыг л хичээдэг. Улмаар бүх асуудлыг нэг л өнцгөөс нь харж, олон нийтийн өмнөөс албан тушаалтнуудад хяналт тавих үүрэгт ажлаа бор зүрхээрээ хийж яваа сэтгүүлчдийг хоморголон шүүж, яллаж, цагдаж, байцааж байна. Энэ бүхэн сэтгүүлчдийг айдаст автуулж, улмаар нийгэмд хууль бус явдлыг гааруулах, ‘Том ах” нарыг зоргонд нь тавих саар нөхцөлийг бүрдүүлэх гол шалтгаан болох билээ.

 

 

Ц.ЧИНСАНАА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих