Гуйх гэдэг гутамшиг

527-1415074978guilgaСохор, доголон хүмүүс гудамжид гуйлга гуйгаад сууж байх нь бий. Залуу сайхан хүмүүс хүүхдээ тэврээд гуйлга гуйж байна. Байдаг л зүйлс дээ.

Бүр цайчихсан бараг өсвөрийн залуус “Ээж өнгөрчихлөө. Очих гэсэн автобусны мөнгө байдаггүй” гээд зогсож байх юм уу аль эсвэл зүгээр л “Чухал юм асуух гэсэн юм. Би чамаас автобусны мөнгө гуйх гээд байна л даа” гэж пээдийх жишээний.

Ийм хүмүүст өглөг өгдөг хүмүүс байгаа болохоор л тэд ийм амьдралаас гарахгүй байгаа хэрэг. Гэтэл “ядравч газар бүү тул” гэж сургасан өвөг дээдсийн үр сад ингэж явааг харах ичгэвэртэй байна. Тиймээс нийтээрээ гуйлгад юм өгөхгүй байвал ямар вэ.

Нэгэнт хэн ч өгөхгүй бол гуйлгаар амьдрахгүйгээ ойлгоцгоох байлгүй. “Найрсаг Улаанбаатар” төсөл хэрэгжүүлж жуулчдыг татах ажил хийнэ гэж дээр дооргүй ярьж байгаа энэ үед жуулчид ирэхэд ч гуйлгачингүй болчихсон хоттой байх сайхан шүү дээ.

Яг үнэндээ жуулчид манай сайхан байгалийн тогтоц, найр наадмаас гадна архичин, гуйлгачны зургийг ихээр авч байгаа харагддаг.

Зарим хүмүүс “Хөөрхий хөгжлийн бэрхшээлтэй юм байна” эсвэл “Нялх балчир юм даа” гээд өглөг өгөх нь бий. Яг амьдрахын тулд биш эцэг, эхдээ архины мөнгөний багаж болчихсон хүүхдүүд л ихэвчлэн байдаг юм билээ.

Түүнээс гадна хараагүй ч гэсэн 100 гаруй хүн цалинжуулаад байгууллага толгойлж яваа хүн манайд бий. Тэргэнцэртэй атлаа англи хэлийг төгс эзэмшсэн “Оюутолгой”-д ажилладаг охиныг олон хүн мэдэх байхаа. Тэд гэр бүлээсээ гадна өдий төдий хүнийг цалинжуулаад амьдралыг нь үүрээд явж байна. Дутагдал бол боломж билээ.

Ж.Баяр

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих