Төрийн нарийнуудаас болж, төрийн ажил гацаанд орох ёстой юу

uls_549a0dbe2b32e_1

Засгийн газар байгуулагдаад дэд сайд нараа томилсон нь саяхан. Хэдийгээр дэд сайд нарынхаа тоог  хоёроор нэмэгдүүлж, үүнээсээ болж маргалдаж байсан ч томилж чадсан юм. Гэтэл өнөөдөр төрийн ажил Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохоос болж гацаанд орлоо. Учир юу гэвэл Ардын намынхан засагт хамтарч орж, ачааг нь үүрэлцэж байгаагийн хувьд Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яам, хөдөлмөрийн яамыг удирдахаар болсон. Энэ утгаараа дээрх салбаруудад ахиц дэвшил гаргахын тулд тухайн салбарт ажиллаж байгаа сайд нь гар нийлж ажиллах багаа бүрдүүлэх ёстой гэж Ардын намынхан үзсэн. Ажлаа явуулахын тулд Төрийн нарийн бичгийн дарга нарыг яаралтай томилох ёстой, мөн салбарын сайдтай нь зөвшилцөх ёстойг ярьж байна.

Гэвч Засгийн газар дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг салбар хариуцсан сайдтай нь зөвшилцөлгүй Ардын намынхны итгэлийг алдсанд тэд шүүмжлэлтэй хандаад байгаа нь энэ гэж тайлбарласан. Төрийн нарийн бичгийн дарга нарыг Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох ёстой гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлж, алхаа цохисон. Төрийн албаны тухай хуульд зааснаар бол Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн жинхэнэ албан хаагч юм. Тэгэхээр уг хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчид ажиллахаар материалаа өгсөн бол мэргэжлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар албан тушаалд томилно. Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөх хүмүүс мэргэшлийн шалгалт өгч, авсан онооны дэс дарааллаар албан тушаалд томилогдох хуультай. Түүнээс биш аль нэг улс төрийн намын төлөөлөл намуудын зөвшилцлийн дүнд Төрийн нарийн бичгийн дарга болохгүй хуулийн дагуу явагдана гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн.

Тиймээс Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтыг явуулж, тэнцсэн хүний нэрийг Засгийн газарт мэдүүлэх юм. Мөн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, улс төрийн намын гишүүн бол намаасаа түдгэлзэж, албан тушаалд томилогдсноосоо хойш долоо хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Энэ зарчмаар явсны эцэст яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар 2015 он гарсны дараагаар л нэг юм ажилдаа орохоор байна.

Төрийн нарийн бичиг нь томилогдоогүй яамдын газрын дарга нар ч томилогдолгүй хүлээлтийн байдалд орчихсон. Яамдын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа гээд олон эрх Төрийн нарийн бичгийн даргад ирдэг. Яамныхаа үйл ажиллагааг “базаж” ажилладаг хүн нь томилогддоггүй. Үүнээс болж яамдын газрын дарга нь томилогддоггүй. Ийм байхад яамдын ажил ч оноос өмнө хүлээлтийн байдалд шилжчихлээ. Ер нь Төрийн нарийн бичгийн даргаас болж яамдын ажил гацаанд орно гэдэг байж боломгүй хэрэг. Засгийн газрын тэргүүнээ томилж, засгаа бүрдүүлэх гэж, сайд нар, дэд сайд нараа томилох гэж парламент хэдий хэр цаг хугацаа алдсан гэдгийг бид бэлхнээ харж байгаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд ирэх оны төсөвт тодотгол хийж, эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд тодорхой алхмуудыг хийхээ илэрхийлсэн. Үүнийгээ ч УИХ-ын гишүүд болон ард түмэндээ мэдэгдсэн. Аль болох бүсээ чангалж, танаж болох төсвийг танах хэрэгтэйг ч анхааруулсан. Мөн Оюутолгой, Тавантолгой, төмөр зам, эрчим хүч гээд томоохон төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Үүний эхлэл болгож Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, менежментийг нь хийх Монгол, Япон, Хятадын гурван компанийг шалгаруулсан. Компаниудаа сонгон шалгаруулсан учир ажил ч эхэлнэ. Энэ мэт ажил хөдөлж эхэлчихээд байхад Засгийн газрын яамд Төрийн нарийн бичгийн даргаас үүдэлтэй гацаануудад цаг алдаж боломгүй баймаар.

Ц.Гэрэл uls


URL:

Сэтгэгдэл бичих