Сахилгын шийтгэлээр гурван хүн цалингаа хасууллаа

Man's Hands Signing DocumentНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай” захирамж гаргалаа. Уг захирамжын дагуу гурван хүнд сахилгын шийтгэл ноогдуулахаар болжээ.

Тодруулбал, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, Багануур дүүргийн Засаг Дарга Б.Бямбадорж нарт дээрх шийтгэлийг ноогдуулжээ. Учир нь нийслэл, дүүргийн төсвийн ерөнхий захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитийн дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан байна.

Шийтгэл болгож цалинг нь нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулахаар шийдвэрлэжээ. Харин нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг анхааруулж, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шар карт өгөхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч  Н.Батаад үүрэг болголоо.

Мөн “Хариуцлага тооцох тухай” Б/129 дугаар захирамж гаргаж  Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан дөрвөн хүнд сахилгын шийтгэл ноогдуулахаар болсон байна.

Тодруулбал, Багануур дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Батням, нийслэлийн Авто замын газрын ахлах нягтлан бодогч Ж.Сүрэнжав, Халамж үйлчилгээний газрын ахлах нягтлан бодогч Б.Гэрэлтуяа, Эрүүл мэндийн газрын ахлах нягтлан бодогч Э.Нардандал нар сахилгын шийтгэл авахаар болжээ. Харин шийтгэлийн хариуг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны дотор мэдэгдэхийг дээрх дөрвөн албан тушаалтанд үүрэгдлээ.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих