АМГ-ын сервер гадны хүчин зүйлгүй гацжээ

Энэ сарын 21-ны өдөр Ашигт малтмалын газраас зүүн аймгуудын нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг зохион байгуулсан. Гэвч тухайн өдөр серверт алдаа гарч, гацалт үүссэн юм.

Энэхүү асуудлаар Ашигт малтмалын газрын холбогдох дарга нар хуралдаж, өнөөдөр сервер гацсан шалтгааны хариуг нягталж, тодруулсан байна. Энэ талаар Ашигт малтмалын газраас “2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох явцад систем гацсан шалтгааныг тогтоохоор Тагнуулын ерөнхий газар, тус байгууллагын харъяа Кибер аюулгүй байдлын газар, Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн шуурхай ажлын хэсэг хуралдаж, шалтгааныг тогтоолоо.

Кибер аюулгүй байдлын газраас системд шалгалт хийгдсэн бөгөөд эцсийн дүгнэлтээр системийн кодод алдаа гарсан учраас системийн 2 дугаар сервер унтарч, ассан байна. Санаатайгаар хүний хүчин зүйлээс шалтгаалсан буюу халдлагын шинж чанартай зүйл байхгүй байна. Системийн хэвийн ажллагааг бүрэн хангаж, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох ажил амжилттай явагдав” гэжээ.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих