Ц.Болдбаатар: Төр, хувийн хэвшлийнхэн маргаж, найзлаад л явж байна

“Бизнес, хөгжил” ярилцлагын буланд “Очирдагинас” компанийн дэд захирал Ц.Болдбаатарыг урилаа.

-“Очирдагинас” компанийг байгуулаад 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд шинэ технологи нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаж ирснийг мэднэ. Гэхдээ энэ түүхийг бүтээх тийм ч амархан байгаагүй болов уу?

-Намайг сургууль төгсч ирж байхад Монгол Улсын хэмжээнд махкомбинат дөрөвхөн байсан. Улаанбаатар, Дорнод, Дархан, Завханд ийм үйлдвэр байлаа. Тиймээс тухайн үед хиамыг мөнгөтэй хүмүүс л иддэг тансаг хэрэглээ гэсэн ойлголттой байсан. Тиймээс бид “Хиам тансаг хэрэглээ биш байтал монголчууд яагаад өдөр болгон идэж болдоггүй юм бэ” гэсэн бодлоор анх үйлдвэрээ нээж байлаа. Одоо өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болжээ. Өнгөрсөн 10 жилд бид аль болох шинэ, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ нийлүүлж, Европын технологийг Монголдоо нутагшуулах зорилгыг өвөртөлж, хичээж ирсэн. Төв Европынхон, ялангуяа германуудын хэрэглэдэг тэрхүү тансаг амтыг Монголын хэрэглэгчдэд амтлуулж, бүтээгдэхүүнээр дамжуулан хүргэлээ. Гэхдээ бидэнд хийх ажил их бий. Сүүлийн үед гэхэд л адуу, үхрийн махан нөөшилсөн бүтээг­дэхүүнийг хөрш зэргэлдээ улс, мөн гуравдагч оронд экспортлохоор ажиллаж байгаа. Нөөшилсөн бүтээгдэхүүн хадгалалтын хугацаа нь урт, тээвэрлэлт даадаг. Хаашаа ч гаргасан зах зээл, эрэлт нь байдаг. Урд, хойд хөрш хоёулаа манай улсаас мах, махан бүтээгдэхүүн авах сонирхолтой. Бидний хувьд дулааны аргаар боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргахад болохгүй зүйл үгүй.

-Та нарын хувьд чадлаараа хичээж ажиллаж байгаа нь сайн тал. Бэрхшээлтэй нь гэвэл манай улсын хувьд бүхэлдээ шүлхийтэй гэдэг статуст орчихсон. Энэхүү ангиллаас гаргахын тулд дээд төвшиндөө ажиллаж байгаа юм билээ. Хурд нь жаахан удаан байх даа?

-Ер нь малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн ажил нэлээд орхигдож байсан л даа. Харин сүүлийн үед энэ талаар нэлээд анхаарч эхэллээ. Бид хамгийн түрүүнд малаа эрүүлжүүлж, урьдчилан сэргийлэх тарилгыг зохистой хугацаанд нь хийлгэж хэвших хэрэгтэй. Ингэж байж л шүлхий мэтийн элдэв өвчнөөс гүйцэд сална шүү дээ. Монгол малын мах амт чанараараа дэлхийн хаана ч гологдохгүй. Тоо толгой хөөх биш малыг чанаржуулах нь өнөөдрийн хувьд тулгамдаж байгаа асуудал болж байна. Жилээс жилд мал давжаарч, махны гарц багасч байгаа. Тиймээс малын генийн асуудал сэтгэл зовоодог. Бид бол бүтээгдэхүүнээ хийж чадаж байна. Зах зээл нь бэлэн. Хамгийн их тээг болж байгаа зүйл нь малын өвчлөл юм. Аймгуудад малын өвчлөл тасрахгүй гарч байна. Үүнийг л даруйхан зогсоох хэрэгтэй байгаа юм.

-Мал эрүүл байвал түүхий эдийн хомсдолд орно гэж байхгүй. Уг нь энэ статусаасаа Монгол Улс гарчихвал наад зах нь хойд, урд хоёр хөршдөө мах, махан бүтээгдэхүүн чөлөөтэй экспортолно доо?

-Бид Герман, БНХАУ-ын хамтарсан том үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашигладаг. Мөн Солонгосын талтай хамтран техник технологио шинэчилж байгаа. Гол түүхий эд маань дотоодын зах зээлд бэлэн байна. Туслах материал буюу амтлагч, гадна талын бүрхэвч хальсыг л импортолдог. Үүнийг Монголд үйлдвэрлэх хэцүү. Үйлдвэр барилаа гэхэд зах зээлийн багтаамж хэт баг учраас ашиггүй. Харин нөөшилсөн бүтээгдэхүүн хийдэг лаазны хоёр ч үйлдвэртэй болсон. Бид тэднээс лаазаа авч байгаа. Аль болохоор л “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бараа бүтээгдэхүүнийг авч бие биеээ дэмжиж, дэлхийн зах зээлд гарах нь бидний гол зорилго юм.

-Сүүлийн үед төр засгийн болон эдийн засгийн оновчгүй бодлогын үр дагаврыг бизнес эрхлэгчид илүү үүрч байна уу даа?

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэж ярьдаг болохоос биш яг үнэн чанартаа тэр болгон дэмжлэг авч байгаа нь ховор л доо. Наад зах нь зээл авахаар банкны хүү их, өндөр барьцаа хөрөнгө нэхнэ. Татварын хувьд бол бид тэртэй тэргүй төлөх ёстой гэж боддог учраас үүн дээр эмзэглэдэггүй. Гэхдээ махыг НӨАТ-аас чөлөөлчихсөн. Тэр махаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бид болохоор НӨАТ төлдөг. Энэ мэтийн маргаан дагуулахуйц бодлогын шийдвэрүүд дунд бор зүрхээрээ явсаар өдийг хүрлээ. Төр, хувийн хэвшлийнхэн маргах үедээ маргаж, найзлах үедээ найзлаад л явж байна. Бодлогын алдаан дээр бид ажлаа хийж яваа төрийн албан хаагчдыг буруутгадаггүй. Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан их зөв бодлого барьж ажиллаж байна уу даа гэж харж байгаа. Өмнө нь юм л бол торгоно гэдэг байлаа. Харин одоо хамтарч ажиллаж байна. Зөвөлгөө өгдөг, алдаагаа засах хугацаа өгдөг болж байгаа нь амьдралд илүү ойрхон шийдвэр болдог. Импорт, экспортын тал дээр төрийн бодлогын алдаа байна. Бид Вьетнам улс руу нөөцөлсөн бүтээгдэхүүн гаргахаар хоёр жил дараалан очиж уулзаад зөвшилцөлд хүрч тохиролцсон. Энд ирээд гаргах гэтэл бичиг баримтын асуудал үүсээд экспорт зогссон. МИАТ болохоор “Бид хүн явдаггүй газар руу онгоц нисгэхгүй” гэдэг. Аваад ир, авмаар байна гэсэн газар ганц Вьетнам ч биш. Яаж авах вэ гэсэн улс өчнөөн байна. Бидэнд төр засгийн жаахан дэмжлэг байхад л бизнес урагштай, ажил хэрэг амжилттай болно. Харилцан ойлголцож, бие биеэ дэмжье. Бид өөр юу гуйх вэ.

-Танай компани эдийн засгийн хямралд хэр ширвэгдэв. Хүнсний үйлдвэр учраас гайгүй тэсч чадаж байна уу?

-Хямрал наадмаас хойш эрс мэдэгдэж байна. Хямрал эхэллээ гэж нэлээн эртнээс яригдсан. Ний нуугүй хэлэхэд хүмүүс яг одоо л хямралтай нүүр тулж байна. Уурхайнууд зогсч, хүмүүс мөнгөгүй болжээ. Манай компани 14 аймагт хүргэлт өгдөг. Одоо Өмнөговь, Дундговийн чиглэлийн борлуулалт бараг зогсчихлоо. Яагаад гэвэл, тэнд уурхайнууд ажиллахгүй учраас хөдөлгөөн зогсч, бүр эл хуль болчихсон байна. Үүнийг дагаад манай борлуулалт ч багассан. Өмнө нь бид өдөрт 3-4 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байлаа. Одоо хоёр тонн хүрэх, үгүйтэй бүтээгдэхүүн гаргаж байна. Гэхдээ бидний үйл ажиллагаа зогсохгүй л дээ. Зах зээлд эрэлт байгаа учраас амт, чанартай бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байх болно. Бид хямралд өртлөө гэж ажлын байрыг цомхотгоогүй. Харин ч эсрэгээрээ. 10 жилийн ойгоо тохиолдуулан ажилчдынхаа цалинг 30-40 хувиар нэмсэн.

-Нэг хэсэг хүн бүр л уул уурхай ярьж цэцэрхдэг, зарим нь “Энэ шал хэрэггүй. Үүнийхээ оронд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх хэрэгтэй” гээд л чичдэг байлаа?

-Манай үйлдвэр хөдөө аж ахуйн салбараас л тэжээгддэг. Бид махаа мал аж ахуй, амтлагчаа газар тариалангийн салбараас авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бидний гаргасан бүтээгдэхүүнийг уул уурхайн салбарт ажиллагсад төдийгүй бусад нь ч авч хэрэглэдэг. Ингэхээр бүх салбар хоорондоо холбоотой. Тиймээс би Монголд уул уурхайн салбар хөгжих ёстой гэж үздэг хүний нэг. Бид хөрсөн доорх тэр их баялгийг зөв зохистой ашиглах хэрэгтэй шүү дээ. Үүнийхээ хажуугаар Монгол хөдөө аж ахуйн орон гэдгийг байнга санаж, салбарын бодлогоо орхигдуулахгүй авч явахгүй бол болохгүй. Зөвхөн уул уурхайн салбарт л хамаг хөрөнгөө оруулчихвал эдийн засаг ямар болдог вэ гэдгийг бид одоо мэдлээ шүү дээ. Манайхан нэг зүйл рүү хэтэрхий хошуурч туйлширдаг гэмтэй. Үүний уршгаар одоо аймаг болгон уурхайтай. Мал нь бэлчих газаргүй болчихсон. Энэ чинь бодлого буруу явж байна л гэсэн үг. Төрийн бодлого тэнцвэртэй байх ёстой. Зөв зохистой ашигласан газартаа нөхөн сэргээлт хийж 5-10 жилийн дараа малын бэлчээр болгох хэрэгтэй байна. Гэтэл энд тэндгүй ухсан нүх, овоолсон шороо үлдлээ.

-Төрийн тэнцвэр, тооцоогүй бодлогын уршгаар уурхайнууд зогсохдоо эдийн засгийг бүхэлд нь чирээд унагаачихлаа гэж үү?

-Ерөөсөө тийм л байгаа шүү дээ. Мөнгөтэй болгон нь уурхай нээж, зарим нь асуудал үүсгэхэд бүгдийг зогсоочихсон. Валютын ханш яаж өсөв, хэчнээн хүн ажилгүй болж, амьжиргаа нь доройтов гэдгийг одоо бүгд харж байна. Одоо энэ алдаагаа засч ашиглах газраа ашиглаж, зарим нэгийг нь л ашиглахыг төрийн бодлогоор хориглох хэрэгтэй. Гэтэл ардчилал нэрийн дор хүн болгон дуртайгаа хийж байгаа нь дэмий. Дэндүү задгайрч ирснээс л өнөөдрийн хямрал нүүрлэсэн.

-Уг нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ардчилал жинхэнэ утгаараа хөгжсөн бол өнөөдөр Монголын иргэд чинээлэг амьдрах ёстой. Гэтэл ихэнх нь ядуу байна?

-Манай герман түнш, найзууд “Германд 70 сая хүн сайхан амьдарч болж байна. Харин танай нутаг асар их баялаг, гуравхан сая хүнтэй ч ихэнх нь ядуу амьдарч байна. Баян нь дээшээгээ тасарч, ядуу нь бүр ёроолдоо хэвтчихлээ. Энэ хоёр туйлын хооронд ямар их зай байна вэ. Энэ чинь төрийн бодлого буруу яваагийн шинж” гэдгийг шууд хэлдэг. Германд ухах баялаг юу ч үгүй болсон. Олон зуун жилийн туршид ухаж хэрэглээд дуусгачихсан юм. Гэхдээ тэд одоо сайхан амьдарч байна. Хөгжлөөрөө хэнээс ч дутахгүй. Гэтэл манай хоёр талд том хөрш гүрнүүд байна. Ийм том зах зээл рүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргачихаж чадахгүй байна шүү дээ. Тэрүүхэн тэндээ сэтгэчихээд, жижигхэн тойрогтоо эргэлдээд байдаг.

-Манайхан “Хятадууд манай эдийн засгийн бодлогыг ил, далдаар атгачихлаа” гэж шүүмжилдэг. Энэ нь манайд сөрөг нөлөөтэй. Харин Хятаддаа бол зөв. Наад захын жишээ гэхэд Замын-Үүд, Эрээн хоёрыг хүн болгон мэддэг шүү дээ. Тэгсэн хэр нь гайхаж шогшрохоос өөр юу ч хийхгүй өдийг хүрлээ? 

-Тийм ээ. Төрийн зөв бодлого гэдэг чинь энэ л байхгүй юу. Монголчууд ажил хийж чаддаггүй. Архи уудаг л гэнэ. Үүнийг чинь зохицуулж болдог л байхгүй юу. Энэ чинь бидэнд уламжилж ирсэн дадал биш шүү дээ. Ер нь барилга, уул уурхайн салбарт хэчнээн монголчууд ажилладаг болоод ингэж ярьдаг юм бэ. Муу ард түмэн гэж байдаггүй. Харин муу удирдагч байдаг юм. Тиймээс сүүлийн үеийн хүнд нөхцөлд төрийн зөв бодлого мөн ч их үгүйлэгдэж байна даа. Зөв бодлогоор ард түмнээ дэмжвэл улс хөгжинө. Төр нь намаа дагаж ханараад байгаа. Гэтэл төр намын дээр л байх ёстой шүү дээ. Одоо Монголын төр намуудын ажлыг л хийдэг юм шиг харагдаж байна. Салбарын ажил нь овоо зүгшрээд явж байтал нөгөө нь гарч ирээд сайдаа ч түлхэж, ажлаа ч унагаадаг. Бүхэл бүтэн салбарыг тэр чигт нь бужигнуулчих юм. ХХААЯ гэхэд л сайд, дэд сайдаа мөн ч олон солих юм даа. Бүр огт өөр чиглэл, мэргэжлийн хүн сайд болно. Тэр нь салбараа бүхэлд нь унагааж дампууруулдаг. Миний хувийн бодлоор зөв бодлого, чиглэлтэй ажилласан сайдууд гэвэл Ш.Гунгаадорж, Д.Тэрбишдагва. Тэд мэргэжлийн хүмүүс болохоор салбарын бодлогоо зөв чиглүүлдэг байжээ.

-Бас нэг доголдол нь хуульч, эдийн засагчийн дипломгүй л бол хүн биш болжээ. Ямар ч ажилд орсон хуульч, эдийн засагч байвал давуу тал болох жишээний. Дээрээс нь нэмээд англи эсвэл солонгос хэлтэй, мэргэжлээрээ хоёр болон түүнээс дээш ажилласан байх гээд манай нөхцөлд нэг л тохиромжгүй шалгуур тавих юм. Үнэхээр ийм өндөр чадвартай боловсон хүчний нөөцтэй байсан бол Монгол аль хэдийнэ хөгжих байсан биз? 

-Одоо бидний хийх ёстой нэг ажил бол салбар бүртээ хүний нөөцөө маш сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тэд чинь бидний залгамж халаа шүү дээ. Манайх шиг орон хүнээ сургаж авна уу гэхээс биш зэрэг цол, туршлага заах нь жаахан оновчгүй. Манай компанийн хувьд анхнаасаа энэ тал дээр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилласаар ирсэн. Бид шинээр ажилтан авахдаа мэдээж боловсролын төвшин, мэргэжил харна. Гэхдээ тэдэнтэйгээ зэрэгцүүлээд сургаж авах тохиолдол ч байсан. Бүр анх манайд гарынхаа үсгийг ч зурж чадахгүй ирж байсан хүүхэд бий. Манай компанид 10 жил ажиллахдаа хаана ч гологдохооргүй хүнсний технологич болтлоо өсч дэвжсэн. Бүх бурууг хүүхэд рүү чихэх гээд байдаг. Хичээлээ хийхгүй, бар хэсээд явдаг ч гэх шиг. Гэтэл тэр нөхцлийг бүрдүүлж өгөөд л байгаа биз дээ. Өнөөдөр хамгийн олон оюутантай нийслэлд хэдэн номын сан, хэдэн бар байна вэ. Хөдөөнөөс орж ирж байгаа хүмүүс хэцүү шүү дээ. Хүүхдүүд нь сургууль засвардчихсан. Хэдэн малаа бараад ажил хийх санаатай л орж ирдэг. Гэтэл тэр хүүхдүүдийг сургаж авахаас аргагүй. Үүний зэрэгцээ манай боловсролын тогтолцоонд бас асуудал байна. Залуу мэргэжилтнүүдийн толгойд байгаа мэдлэг үнэхээр хангалтгүй. Тэгээд энд тэнд очихоороо гологдоод явдаг. Гэтэл үнэхээр өндөр боловсролтой сайхан залуучууд эх орондоо биш дэлхийн том компаниудад ажиллаж байна. Тэд Монголдоо байсан бол их зүйл хийнэ дээ. Ерөөсөө л манайд салбар бүрт л бодлогын тэнцвэр алдагдчихаад байна.

-Би ч таныг нэлээн хадууруулчих шиг боллоо?

-Өнөөдөр хүмүүс аль нэг сэдвээр ярих гэж байгаад л улс төр, уул уурхайг заавал ярьдаг болжээ. Ингэж хальтирч орохгүй л бол бидний ажил нэг л урагшаа явахгүй байна шүү дээ. Энэ чинь бидний амьдралд энэ хоёр салбар ямар ихээр нөлөөлж байгаагийн л илрэл. Айл гэрийн оройн хоолон дээр хүртэл иймэрхүү сэдэв хөндөгдөж байгаа нь нууц биш. Компанийн захирлууд яагаад УИХ-ын гишүүн болоод байгаа юм бэ. Ингэхгүй бол болохгүй гаж тогтолцоо байгаа учраас тэд тийшээ зүтгээд байгаа юм. Түүнээс биш тэдэнд 1.5 сая төгрөгийн цалин чухал биш. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө бизнесийг хамгаалах гээд байна аа даа. Хэрэв зөв бодлоготой байсан бол тэд бизнесээ л хийнэ. Тиймээс дахиад хэлэхэд төр засаг маань зөв бодлогоор ард түмнээ дэмжиж чиглүүлээч. Манай ард түмэн юуг ч хийж чадна шүү дээ.

Г.Ганчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих