Хурц баатар М.Дугаржав шоронд амьсгал хураахдаа “Эр бор харцага”дууг дуустал дуулжээ

image002Хурц баатар Магсар Хурцын Дугаржав нь 1942 онд чанга дэглэмтэй шоронд арван жилтэй суухдаа цусан суулгаар өвчилж шоронгийн нааран дээр амьсгал хураахдаа “Эр бор харцага” хэмээх монгол ардын уртын дууг дуустал дуулсан байдаг.
Эл алдарт дуучин болбоос одоогийн Сүхбаатар аймгийн Мөнх-хаан сумын уугуул нэгэн бөгөөд улс төр, урлаг соёлын нэрт зүтгэлтэн. Монгол улсын “Гавьяат дуучин” цолыг 1935 онд анх удаа хүртсэн. Улаан тугийн болон Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнагдсан.
15 наснаасаа хошуу тамга, аймгийн яаманд бичээч, 1917-1913 онд Гадаад ба Цэргийи яаманд бичээч, 1921-1923 онд Ардын цэргийн бригадын дарга, Сэцэн хан аймгийн тохинуулах сайдын онцгой үүрэг хүлээн гавьяа байгуулсан учир “Хурц баатар” цол шагнагдсан. 1922-1928 онд Хотын намын хороонд нарийн бичгийн дарга, 1923-1926 онд Цагдан сэргийлэхийн дарга, 1929-1932, 1937-1941 онд Тагна Тува улсад суух Бүрэн эрх барих төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. 1932 оноос Гадаад яамны дэд сайд, 1936 оноос Засгийн газрын тусгам хэлтсийн эрхлэгч, Улсын драмын театрт дуучин зэрэг ажил хийж явжээ. 1940-өөд онд шоронд тарчилж үхсэн.
“Улаан туг”, “Таван эрдэнэ” зэрэг дууны үг, ая зохиож, “Идэр жинчин”, “Баян Монгол”, “Үхэрчин хүү” зэрэг дууны хөгжим бичсэн. Түүний тухай Ардын уран зохиолч Л.Түдэв “Хувьсгал танаа өчье” түүхэн роман бичжээ. 100 жилийн ойг нь 1993 онд тэмдэглэж, төрсөн нутагт нь хөшөө босгожээ. Тавин насандаа 1943.04.05-ны өдөр Дээд шүүхийн Шүүн таслах газрын шүүх бүрэлдэхүүний тогтоолоор 10 жил хорих, сонгох, сонгогдох эрхийг дөрвөн жил хасах, хувьд ногдох хөрөнгийг хураахаар шийтгүүлсэн байна.
Хөвчин дэлхийд төрөөгүй суут алтан гургалдай Хөөрхий зайлуул амьтан,
Магсар хурцын Дугаржав
Тува-Тагна улсад элчин сайдаар томилогдож
Тусгаар Монгол ын сүлдийг өргөж явсан дипламат
Морины нуруун дээр магнаг үсэгтийг нижигнүүлж
Монголын зүүн хязгаарыг засан тохинуулсан партизан
Таван эрдэнэ сүргээ хөгжим, шүлэгт оруулж
Тамирлаг тунгалаг хоолойгоор аялан дуулсан авьяастан
Атан тэмээний алхаагаар“Идэр жинчин”-ээ зохиож
Ар монголын түүхэнд үүрд мөнхөрсөн гавьяат
Аяын дугараа барин, найрын хоймроос шуранхайлахад нь
Алаг хоёр нүдээрээ мянгаН бүсгүй ирмэсэн юм
Эгшиглэн уянгалах хоолойд нь өөрийн эрхгүй автагдаж
Энгэр захтай дээлээ түмэн авхай норгосон юм
Чандлан хорих газар өвчтэй тарчилж хэвтэхэд нь
Чамд би хайртай гэж нэг ч хүүхэн хэлсэнгүй
Орон шоронгийн нааранд нойр хоолгүй зовоход нь
Оточ маарамбын тан аваачиж нэг нь ч өгсөнгүй
Эсэргүүн боллоо гэнгүүт нь хайртууд нь бүгд зуггсан юм
Эрэлхэг сайхан дуучин хайраар дутаж нөхцсөн юм
Цагаантан Баронтонд зүтгэсэн
Цэвээн тэргүүний ганц охин л
Чанга дэглэмийг давж эргэж тойрсныг мартамгүй
Өдөр дундын тэнгэр ингэж нэг тэсэрсэн юм
Өндөр тунгалаг хоолой тэгж нэг тасарсан юм
Бас ингээд бодохоор дөчөөд оны хүүхнүүдэд
Байж сууж тэвчилгүй хуурай агсам тавьчихдаг юм
Нартад тэгэхэд төрөөгүй залуу охидыг ч зэмлэчихээд
Намжир тамжир хаяхад нь хөмсөг зангидаж догширдог юм
Уйлаад ч тайтгарамгүй харууслын  алийг нь эргэж тоочих вэ
Улс Монголын минь эмгэнэл яасан ч зузаан юм бэ
Далай хэдий гүнзгий ч адилтгаж түүнтэй жишимгүй
Дарс хэдий гашуун ч аягалж хөнтрөхөөс буцамгүй.
Магсар хурцын Дугаржав бол мал сүргийн тухай алдарт гарамгай дуунуудын ая данг хийсэн агуу их дуучин. 1893 оны харагчин могой жил Цэцэн хаан аймагт Сүхбаатар жанжинтай нэг хавар цөөхөн хоногийн зөрөөтэй төрсөн, учрал ерөөлт суут хүн.
Түүний тэнгэрт мөргөж, Бурхан багшид, Ардын засагт сүжиглэдэг, мал сүргийг магтан дуулдаг сэтгэл зүрхээ дагаж, 1923-1926 он гартал цагдаагийн дарга байхдаа авдар саванд хадгалж болдог эд хогшлыг яах вэ бодох л хэрэгтэй, атар сэлүүн бэлчих мал сүргийг гол нь хамгаал гэдэг гэсэн.
Магсар хурцын Дугаржав
Манай Монголын бахархал
Магсар хурцын Дугаржав
Манай Монголын эмгэнэл
Авьяас, билиг хоёрыг нь
Алтан гургалдайтай ч зүйрлэмгүй
Алаг эрээн амьдралыг нь
Анхаарч бодохоор тайтгарамгүй
 Үндэс язгуурынхаа төлөө
Үзэж тарсан толгой
Үхээнц явцууг жигшиж
Үрэгдэж хийссэн малгай
Дээр дооргүй хуйвалдаан
Дэргэд хажууд ч хуйвалдаан
Дэлхийд содон Монголд
Дэн дун хуйвалдаан
Эрдэнэт таван сүргээ
Эгшиглэн дуулсан билиг
Эрээн бараан явдалд
Элгээ эмтэлсэн гуниг
Исгэрэн шуугих сумнаас
Эмээж яваагүй баатар.
Хэрэгтэй бүхнийг хийгээд
Хэлмэгдэж зовсон нь хөөрхий
Хэт хувьсгалч талцаанд
Хэмжигдэж живсэн нь хайран
Харсаар байтал суут ч
Хасагдаж орхигдсон нь тоогүй
Харалган сохор хүмүүст
Хаягдаж ялгагдсан нь таагүй
Бадран мандах сэтгэл нь
Бачимдаж цухалдамгүй уужим
Бат сийрэг ухаан нь
Барагдаж дуусамгүй уудам
Дээр дооргүй хуйвалдаан
Дэргэд хажууд хуйвалдаан
Дэлхийд содон Монголд
Дэн дун хуйвалдаан
Харсан бүгд биширмээр
Халхын нэгэн шаштир
Хар дарсан зүүдэнд
Халаглаж уйлам намтар
Хуйвалдаж илбэдсэн дарамтад
Хулчийж айгаагүй тархи
Энэ манай Монголд
Эргэж төрөмгүй зүрх
Эрхэм бүхнээ гадуурхсан
Эрин жаран гутамшиг
Авьяас, эрдмийг таньдаггүй
Ард түмэн муухай яа
Агуу ихийг өргөдөггүй
Араншин зан хоохой ёо
Атаа жөтөөнд идэгдсэн
Амьдрал нийгэм харанхуй яа
Арга залинд хүлэгдсэн
Ахуйн түүх бурангуй яа
Дэлхийд хосгүй Монголд
Дэн дун хуйвалдаан
Цээжин дунд минь уянгалах
Цэцэн хааны Дугаржав
Мартагдаж орхигдомгүй эгшиглэх
Магсар хурцын Дугаржав
Харагчин могой жилийн
Хаврын сар дурсгал
Дамдины Сүхбаатар төрсөн
Даяар олны бахархал
Харагчин могой жилийн
Харьяа тоолол дурсгал
Магсарын Дугаржавын төрсөн
Магадын онцгой бахархал
2014.03.25. Бөхийн өргөө. Булган аймгийн өдөрлөг
Төрийн Шагналт зохиолч З.Дорж

URL:

Сэтгэгдэл бичих