Багахангайн удирдлагуудыг шалгахаар болжээ

Багахангай дүүрэгт өнгөрсөн долдугаар сараас эхлэн нинжа нар хууль бус, гар аргаар алт олборлосоор өдийг хүрчээ. Хууль бусаар олборлолт явуулж буй газарт өнгөрсөн сарын 28­ нд хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.

Асуудал ийнхүү даамжирсан тул Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр алт олборлож буй иргэдийн үйл ажиллагааг зогсоох захирамж гаргасан байна. Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн тасагтай хамтран 30 хоногийн хугацаатай 24 цагаар хяналтын цэг ажиллуулсан бөгөөд хувиараа ашигт малтмал олборлогчдод хийсэн шалгалтаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдэд зохих арга хэмжээг авсан ч төдийлөн ахиц гараагүй гэнэ.

Иймээс холбогдох төрийн захиргааны төв болон хууль хяналтын байгууллагуудаас зөвлөмж авах үүднээс дүүргийн Засаг дарга холбогдох газруудад албан бичиг хүргүүлжээ. Харин нийслэлийн Засаг даргын экологи ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Т.Бат-­Эрдэнэ үүнийг судлахад процедурын алдаа маш их байна гэв. Учир нь аливаа газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газарт хандаж, тусгай зөвшөөрлийг авах хуультай. Үүний дараа холбогдох яамдаас гаргасан шийдвэрийг үндэслэн ИТХ тогтоол гаргаж тэр тогтоолыг нь Засаг дарга үндэслэн шийдвэр гаргах зарчимтай аж.

Өнгөрсөн хугацаанд Багахангай дүүргийн иргэдийн төлөөлөгчид хуралдаад, үүссэн нөхцөл байдлыг яаралтай цэгцэлж, асуудлыг шийдэх үүргийг дүүргийн Засаг даргад өгчээ. Гэвч өнгөрсөн наймдугаар сарын 20­ноос Багахангай дүүргийн Засаг дарга захирамж гарган холбогдох хуулиас гадуур, иргэдэд зөвшөөрөл олгож эхэлсэн байна. Энэ чигээрээ иргэд дур мэдэж, хууль бусаар алт олборлоод байвал газрын хөрс эвдэрч, гүнзгий гуу жалга үүсэх эрсдэлтэйг холбогдох албаныхан учирлаж байв. Дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр “Таслан зогсоох арга хэмжээ гэхээр нэг хүнийг таван мянгаар торгодог эрх зүйн боломжтой.

Захиргааны арга хэмжээ авахад 8000­аар торгодог. Нийтдээ 70 гаруй хүнийг ингэж торгоод, захиргааны арга хэмжээ авсан. Машинаар дөхөөд очихоор хүмүүс шууд тараад зугтдаг. Араас нь хөөх ямар ч боломжгүй, зугтаж буй нинжа нар амь нас эрүүл мэндээрээ ч хохирч болзошгүй нөхцөлтэй” хэмээв.

Багахангай, Налайх, Хан­Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Дархан­Уул, Дорноговь аймгаас хувиараа алт олборлогчид ирж хоорондоо зодоон маргаан үүсгэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг байна. Иймээс нийслэлийн удирдлагаас асуудлыг цэгцлэхийн тулд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй, дүүргийн удирдлагуудыг шалгахаар болжээ.

Э.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих