Дорноговь аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна

…Ар цээлийн говийг
Аргамагхан хараараа туулав
Агь нь буурал ээжээсээ
Арайхан хол ирэв үү… (Хөвчийн өндөр)

… хэмээн XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг үндэслэгч, буддын шашны нууц тарнийн их бясалгагч, говийн тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутаг Дорноговь аймгийн зүг Говьсүмбэрээс хүлгийн жолоо заллаа.
Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг аялал жуулчлалын бүс нутгийн амар амгалан амьдралыг сахин хамгаалж буй цагдаагийн байгуулагаас сурвалжилснаа хүргэе.

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Ууганбаяр “Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах бодлогын шинжтэй томоохон ажлуудыг энэ оны эхний арван сард хийж гүйцэтгэлээ. Эн тэргүүнд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон ажил хийсэн. Мөн алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ажлын байрандаа засвар хийж тохижуулсан. Автомашины зогсоолыг хоёр дахин нэмэгдүүллээ. Түүнчлэн манай цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн цаг завыг хөнгөвчлөх үүднээс угтах үйлчилгээ шинээр нэвтрүүлсэн. Мөн иргэн бүрт ногдох 0.07 га газраа өмчлөн аваагүй алба хаагчдын судалгаа гаргаж, Сайншанд сумын IV багийн нутагт Цагдаагийн гудамж байгууллаа. Мөн гэмт хэргийн гаралтаар улсын хэмжээнд хоёрдугаар зэрэглэлд ордог. Жилд дунджаар 800-900 гаруй гэмт хэрэг бүртгэгддэг юм. Үүний дийлэнх нь нууц далд аргаар үйлдэгдсэн байдаг. Зохион байгуулалттайгаар хулгай хийх хэрэг зонхилдог. Энэ нь манай аймгийн дэд бүтэц, зам харилцаа хөгжсөнтэй холбоотой. Хэргийн илрүүлэлт 63.5 хувьтай байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 13.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хяналтын камер 64 ажиллуулж эхэлсэн. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд тус дөхөм болох нь дамжиггүй” хэмээв.

Дорноговь нь хилийн хоёр боомт ажилладаг, стратегийн орд газрууд бүхий онцлог аймаг. Аймгийн төвдөө нийт гэмт хэргийн 33, Замын-Үүд суманд 30 гаруй хувь үйлдэгддэг, бусад сумдадаа харьцангуй тайван байдаг аж. Говь нутгийн онцлогоос шалтгаалан малчид ус даган нүүдэллэхдээ өвөлжөө бууцандаа эд хөрөнгөө хараа хяналгүй үлдээдэг нь хулгайн хэргийг нэмэгдүүлэх шалтгаан болж байгаа. Энэ онд 483 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Эрүүгийн цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн нууц далд аргаар үйлдэгдсэн 157 хэргийг илрүүлжээ. Ингэхдээ Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагч нартай хамтран хэд хэдэн бүлэг этгээдийг баривчилсан байна.

Жишээлбэл, аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 87 гар утас, долоон ширхэг зөөврийн компьютер хулгайлсан гэмт бүлэглэлийг илрүүлэн баривчилсан байна. Энэ талаар тус хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, ахмад Ч.Ганзориг “Өнгөрсөн есдүгээр сард Сайншанд сумын хэмжээнд эзэн нь тогтоогдоогүй таван хэрэг бүртгэгдсэн. Нууц далд аргаар үйлдэгдсэн эдгээр хэргийн мөрөөр шалган, баримтжуулахад Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Г нь хүмүүстэй бүлэглэн зохион байгуулалттайгаар үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэмт этгээд нийслэлийн Хан-Уул дүүрэгт дээрмийн хэрэг үйлдэж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа хохирлоо нөхөн төлөх зорилгоор уг хулгайн хэргийг зохион байгуулсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Тэрбээр хэрэг хийснийхээ дараа тэр өдөртөө нийслэл хотод очин хулгайлсан эд зүйлсээ зарж борлуулдаг байжээ” гэв.

Улаанбаатар-Чойр-Замын-Үүд-Сайншанд чиглэлийн 462 км автозамаар өдөртөө 800-1000 тээврийн хэрэгсэл зорчдог. Үүнээс шалтгаалан тус автозам дээр осол гарах нь элбэг. Дулааны улирлын үеэр Хамрын хийд, Энергийн төв зэрэг түүх дурсгалын газрыг зорих иргэдийн тоо олширдог. Энэ үеэр осол ч нэмэгддэг аж. 2015 он гарсаар зам тээврийн 64 хэрэг, осол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.2 хувь буюу хоёр хэргээр өссөн үзүүлэлт аж.

Ийнхүү ажилсаг, найрсаг, жавхаалаг хамт олны ажил, амьдралын сайхныг сурвалжиллаа. Тэдний зарим нь өссөн төрсөн нутаг, ар гэрээсээ хол байвч өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард олныхоо амар тайвныг сахин хамгаалж буй жирийн нэгэн алба хаагчид юм.


URL:

Сэтгэгдэл бичих