ИРГЭД НОТЛОГООГОО ГАРГАЖ ЧАДДАГГҮЙГЭЭС ШҮҮХЭД ГОМДОЖ ХОЦОРДОГ

Өмгөөлөгчдийн ажиллах эрх зүйн орчны талаар Хохирогчийн эрхийн судалгааны төвийн захирал Ц.Одончимэгтэй ярилцлаа.
-Өмгөөлөгчийн ажиллах эрх зүйн зохицуулалт өнөөдөр манайд ямар байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад өмгөөлөгчийн эрх зүйн байдал ямар хэмжээнд байна вэ гэвэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хүрээнд мэтгэлцэх талууд болж байгаа яллагч болон өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг харьцуулахад илүү тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл «мэтгэлцээний талууд» гэсэн утгаараа яллагч ч өмгөөлөгч ч эрүүгийн байцаан шийдэх ажиллагаанд ижил тэгш эрхтэйгээр оролцох ёстой. Гэтэл өмгөөлөгч нарт тийм эрх байдаггүй. Яллагчид давуу эрх бий. Энэ нь юугаар харагддаг вэ гэхээр нэгдүгээрт яллагч хэрэг бүрдэх бүх шатанд хэргийн материалтай танилцаад яллах талын нотлох баримтаа бүрдүүлчихдэг. Харин өмгөөлөгч хэргийн материалтай мөрдөн байцаах ажиллагаа дуусаад яллагдагчид хэргийн материалыг нь танилцуулах үед л яллагдагчтай хамт үздэг. Тэгэхээр байцаан шийдэх ажиллагааны явцад яллах болон цагаатгах талын нотлох баримтыг ижил тэгш хэмжээнд бүрдүүлж чаддаггүй. Мэтгэлцээний талуудын эрх нь шүүх хуралд мэтгэлцэж байгаа атлаа эрх нь харилцан адилгүй зохицуулагдсан байдаг. Өмгөөлөгчид Эрүүгийн байцаан шийдэх хуулиар өөрөө үйлчлүүлэгчтэйгээ буюу сэжигтэн яллагдагчтай ганцаарчлан уулзах эрхийг олгосон. Өөрөөр хэлбэл сэжигтэн яллагдагч нь өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхтэй. Гэтэл одоогийн байдлаар урьдчилан хоригдох төвд сэжигтэй яллагдагч шүүгдэгчийн ганцаарчлан уулзах эрх хангагдаж байна уу үгүй юу гэхээр хангагдахгүй байгаа. Ямар түвшинд уулзалт болдог вэ гэхээр кабинчилсан шилэн хоргоны цаана нарийн зурвас гаргасан /цаас багтах хэмжээний/ нүхээр өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ харилцдаг тул ганцаарчлан уулзах, хэргийн нууц, өмгөөлөлийн нууц гээд алдагддаг. Жишээ нь би өөрийнхөө өмгөөлөгчтэйгээ уулзаж байлаа гэхэд цаана нь хохирогчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгчтэй ярьж буйг сонсох боломж бүрдсэн байдаг. Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцаа бүрэн үзүүлэх нөхцөл нь хангалттай биш, ганцаарчлан уулах эрх нь зөрчигддөг.
-Ажиллах эрх зүйн орчинг сайжруулахад юу саад болдог юм бол, мэдээж боломж байгаа байх… -Боломжтой. Мэтгэлцээний явц дахь талуудын эрх тэгш харилцааны хувьд хуулиар зохицуулах шаардлагатай асуудал. Харин үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах нь зохион байгуулалтын хувьд зөрчигдөж байгаа юм. Хуулиар «ийм тийм кабинд уулзаж ярилцана» гэж заагаагүй. Одоогоос 4,5 жилийн өмнө өмгөөлөгч жижигхэн өрөөнд үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломжтой байдаг байлаа. Харин урьдчилан хорих төв иймэрхүү зохион байгуулалт хийж, хязгаарлалтай болгосон. Энд төрийн нууцтай холбогдсон үйлчлүүлэгч ч байдаг, гэтэл тэнд тухайн хэргийн нөхцөл байдлын талаар ярих боломж л хязгаарлагдмал. Энэ мэт зөрчилтэй зүйл бий.
-Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар өмгөөлөгчдийг иргэд «муу ажилладаг, мөнгө нэхэхээс өөрөөр үүргээ сайн гүйцэтгэдэггүй» гэсэн байна. Та үүнтэй санал нийлэх үү? -Үйлчлүүлж байгаа хүмүүс өмгөөлөгчөөрөө бүх асуудлаа яв цав шийдүүлэхийг хүсдэг. Өнөөдрийн манай тогтолцоогоор өмгөөлөгч шийдвэр гаргах түвшинд ажилладаггүй. Харин шийдвэр гаргахад тодорхой хэмжээгээр хууль зүйн талаасаа нөлөөлөл үзүүлэх, өөрөөр хэлбэл мэтгэлцээний нэг тал болоод «миний үйлчлүүлэгчийн хувьд ийм гарц байна» гэж эрх зүйн туслалцаа үзүүлэх замаар л оролцдог. Өмгөөлөгчид тухайн үйлчлүүлэгчтэй уулзах эхний түвшинд үйлчлүүлэгч өөрийнхээ байр сууринаас асуудлыг ярина, энэ хэмжээнд нь нотолгоо хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орох боломжтой юм гэж үзсэний үндсэн дээр үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулдаг. Гэтэл явцын дунд нотолгооны асуудал өмгөөлөгчөөс хамааралтай бус болохоор өмгөөлөгч хууль зүйн хүрээнд туслалцаа үзүүлээд нотолгоо хийхээр үйлчлүүлэгчийн гаргаж тавьж байгаа үйл баримт нь нотолгоогоороо эсрэг болдог ч юм уу ийм тохиолдолд үйлчлүүлэгч гомдолтой үлддэг. Үүнийгээ «өмгөөлөгчийн буруутай үйл ажиллагаа, өмгөөлөгч ажиллаагүй» ч гэх гомдрл тавьдаг. Нөгөө талаас өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг үгүйсгэх аргагүй юм. Зарим нэг өмгөөлөгчийн хариуцлагагүй байгаа асуудлыг ч гэсэн сонин сэтгүүлээс харж байна. Ер нь тухайн асуудлаасаа л үнэхээр зөв үү, буруу юу гэж дүгнэхээс шууд өмгөөлөгч буруутай гэж үнэлэх боломжгүй. -Манайд өмгөөллийн ямар хэлбэрүүд байдаг вэ?
-Иргэн ч бай хуулийн этгээд ч бай байнгын хуульчтай байж, асуудал гарангуут хуульчдаа ханддаг хэлбэр нэлээн хөгжиж байгаа. Мөн асуудалд холбогдонгуутаа сайн өмгөөлөгчийг олж, үйлчилгээ авах хэлбэр ч бий. Ямар хэлбэрээр өмгөөлөгчөөс туслалцаа авах боломжтой бүх хэлбэрүүд манай улсад байгаа.
-Байнгын өмгөөлөгчтэй байхын давуу талаас хэлбэл…
-Асуудалд орчихоод өмгөөлөгчөөс туслалцаа авахын оронд өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, ямар нэгэн асуудал үүсгэхгүй явах нь тухайн хүнд эрх зүйн хувьд давуу. Байнгын үйл ажиллагаагаа хууль зүйн дагуу явуулахын тулд өмгөөлөгчтэй гэрээ хийн, түүнээс туслалцаа аваад явбал эрх зүйн эрсдлээс ангид байна.
-Хүмүүсийн дийлэнх нь «өмгөөлөгч хэрэгтэй юм» гэцгээдэг. Гэсэн хэдий ч үнэ ханшнаас нь болгоомжилдог. Үнэлгээний талаар тодорхой ярина уу?
-Өмгөөлөгчид өөрсдийгөө «сайн», «муу», «дунд» гэх байдлаар ажлынхаа үнэлгээг тогтоодогггүй, тухайн ажил маань ямар цар хүрээтэй, ямар хэмжээнд ажиллах боломжтой байна гэдгээрээ тогтоодог байх. Үнэ тарифийн хувьд тогтоосон үнэлгээ байхгүй. Үйлчлүүлэгч өмгөөлөгч хоёр харилцан ярилцан үнэлгээгээ тогтоодог. Тэгэхээр менежменттэй хүмүүс тарифаа өндрөөр тохирдог байх. Харилцан адилгүй л дээ. Төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчлэх журам байдаг. Энэ журмаараа өмгөөлөгчид тодорхой нотлох баримтын үндсэн дээр үнэ төлбөргүй хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг.
-Сүүлийн үед иргэд ихээр хууртагдан мөнгө төгрөгөө алдах явдал гарч байгаа нь хуулийн мэдлэггүйгээс үүдэлтэй. Ер нь эрх зүйн мэдлэгийг системтэйгээр олгох нь зөв үү, тухайн хүн өөрөө судалж суралцах уу?
-Миний бодлоор бол зайлшгүй системтэйгээр олгох ёстой. Хүүхэд ахуйн цагаас нь эрх зүйн мэдлэг олгоод эхэлбэл эрх зүйн соёл, ухамсар эрт төлөвшинө. Гэтэл өнөөдөр үнэхээр дутагдалтай байгаа. Хууль зүйн сургуулийн оюутнуудад л эрх зүйн мэдлэг олгож байгаагаас бус бусад их, дээд, техник мэргэжлийн сургуулиудад эрх зүйн хичээл огт байдаггүй. Ер нь зарчмын хувьд юу болох, болохгүй гэдгийг хүүхэд ахуй цагаас нь ойлгуулаад өгвөл тодорхой хэмжээгээр төлөвшсөн иргэн болно гэж боддог. Өнөөдөр энэ нь эцэг эхийн хүмүүжлийн түвшинд л явж байна.
-Өмгөөлөлийн ач холбогдлын талаар…
-Иргэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр эсвэл хариуцагчаар ордог. «Би энэ хэнд мөнгө төлөх ёсгүй» л гээд байхаас биш яагаад өгөх ёсгүй юм вэ гэдгээ нотлох асуудал дээр зайлшгүй эрх зүйн мэдлэг дутаад ирдэг. Тэгээд л шүүхэд гомдоод үлддэг. Нэгэнт нотолгоогүй болохоор шүүх шийдвэрлэмэгц нөгөө хүн шүүхийг «авлига авдаг, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг» гэх зэрэг яриа гаргадаг. Гэтэл энэ маань иргэн эрх зүйн туслалцаа аваад, өөрийнхөө тайлбар буюу шаардлагаа нотлох асуудалд эрх зүйн үүднээс хандаагүйгээс үүдэлтэй хэрэг. Өөрийхөө эрхийг 100 хувь шүүхээр хамгаалуулахын тулд өмгөөлөгчөөсөө туслалцаа аван, нотолгоогоо зөв гаргаж чадвал асуудлаа үнэн зөв шийдүүлнэ.
-Шүүх хуралд өмгөөлөгч яллагдагч мэтгэлцэж оролцох эрх нь тэгш байдаг уу?
-Мэтгэлцээн гэдэг чинь үгийн агуулгаар ижил тэгш талууд мэтгэлцэх ёстой. Гэтэл нэг нь дээшээ эрхтэй, нөгөө нь дор нь болохоор мэтгэлцээн жинхэнэ утгаараар хэрэгжиж байна гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ нэг үеэ бодвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явц дахь мэтгэлцээн хөгжиж байгаа. Шүүх талуудад мэтгэлцэх эрх боломжийг олгож байгаа.
-Манай улсын өмгөөллийн түвшинг гадны орнуудтай харьцуулбал?
-Манай хувьд бусад орнуудаас тогтолцоогоороо өөр. Америк гэхэд англи- саксоны эрх зүйн тогтолцоотой. Тэдний нотолгоо манайхаас үйл явцаараа /процессоороо/ шал өөр. Талууд нотолгоогоо бүрдүүлээд шүүхийн өмнө мэтгэлцдэг. Мэтгэлцээн гэдэг тэнд жинхэнэ утгаараа хэрэгждэг. Манай хувьд мөрдөн байцаагч гэж субъект хэргийн нотлох баримтыг бүрдүүлээд, харин өмгөөлөгч тэнд өчүүхэн эрхтэйгээр оролцож байгаад шүүхэд очдог. Тэгэхээр тогтолцооны хувьд ялгаатай болохоор хөгжлийн ямар түвшинд байгааг хэлэх боломжгүй. 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэргийг хянан шийдвэрлэх хуулиудаар өмгөөлөгчийн мэтгэлцэх эрх боломжийг өмнөхөөсөө илүүтэй гаргаж тавьсан.
Д.Сувд


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.