Х.Цагаанбаатарын мэс засал амжилттай болжээ

Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар жил гаруйн өмнө баруун өвдгөндөө бэртэл авч шөрмөс нь сунасан хэмээн оношлогдож байсан билээ.

Бэртэлтэй байсан ч олимпийн эрх авах олон улсын тоглолтуудад гавъяат маань оролцсоор байсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард бэртэл нь сэдэрч улмаар яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон байна.

Тиймээс Х.Цагаанбаатар хоёр хоногийн өмнө БНСУ-д шөрмөс холбох мэс засалд оржээ. Энэ талаар Жүдо бөхийн холбооны менежер н.Баясгалантай холбогдож тодруулахад “Х.Цагаанбаатарын мэс засал амжилттай болсон. Он гартал тэмцээн, уралдаанд оролгүй гам барих төлөвлөгөөтэй байгаа” гэсэн юм.

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар одоогоор дэлхийд чансаагаараа дөрөвт бичигдэж байгаа. Тэрбээр он гарсны дараагаар олимпод оролцох эрхээ авахын тулд олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнд оролцох шаардлагатай байгаа юм байна.

Б.Тэлмэн


URL:

Сэтгэгдэл бичих