Улсын Дээд шүүхийн үүдэнд суулт зарлаж байна
Баянхонгор аймгийн иргэн Б.Дэнсмаа, Баянгол дүүргийн иргэн Ө.Туяацэцэг нар өчигдөр Дээд шүүхийн үүдэнд найман цаг суулаа. Тэд “Шүүхийн буруу шийдвэрээс болж хохирч байна” хэмээн ийнхүү сандал ширээ тавьчихаад сууж байгаа юм байна. Мөн тэд өөрсдөдөө тохиолдоод байгаа шүүхийн хууль бус шийдвэрийг иргэдэд танилцуулж, эсэргүүцсэн гарын үсэг цуглуулж байгаа аж. Тэдэнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.
Баянхонгор аймгийн иргэн Б.Дэнсмаа “Миний хүү Төрбат нь 2011 оны дөрөвдүгээр сарын 9-10нд шилжих шөнө багын найз Мөнх-Эрдэнэ, түүний хамаатан Соронзонгомбо нарт бүлэглэн зодуулаад, тархиндаа хүнд гэмтэл авч улмаар гавлын ясанд цууралт үүсч, баруун нүдний ухархайн дээд хана ташуу шугаман хэлбэрийн хугаралтай, хамрын хянга яс баруун талдаа зөрсөн хугаралттай, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд доод уруулын цус хуралт, нүдэнд цус харвалт, уруулын дотор салстад язарсан, нүүрний зөөлөн эдийн няцралт шарх гэмтэл аван эрүүл мэндээрээ хохирсон юм.
Тэгээд 2011 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл гаргасан. Энэ хэргийг тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Д.Батцэнгэл шалгаж прокурорт шилжүүлсэн байдаг юм. Энэ хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Д.Батцэнгэл шалгахдаа, хэргийн газар дүн шинжилгээ хийгээгүй, үнэн зөвийг тогтоогоогүй нэг талыг барин ажиллаж, хилс хэрэгт унагасан. Улмаар сэжигтэн Мөнх-Эрдэнэ гэгчийн ойрын төрөл садны хүмүүсээс үгсэн хуйвалдсан гэрчийн мэдүүлэг авч, Мөнх-Эрдэнийн буруутай үйлдлийг нуун дарагдуулсан юм. Энэ талаар тодорхой баримт хангалттай бий. Гэтэл шүүх үүнийг авч хэлэлцэхгүй байгаад харамсч байна. Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч хариу нь ирээгүй байна гэлээ.
Харин Баянгол дүүргийн иргэн Ө.Туяацэцэг “Би 1999 онд орон сууцаа алдсан юм. Одоо болтол авч чадахгүй байна. Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд орон сууцтай байсан юм. Тэгээд зун хөдөө амраад ирсэн чинь хорооны Засаг дарга байсан н.Бурмаа орон сууцыг маань зарчихсан байсан. Одоо болтол шүүх миний нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж байгаа” гэлээ. Тэд ийнхүү Дээд шүүхэд өгсөн өргөдлийнхөө хариуг хүлээж автлаа үүдэнд нь суухыгаа хэлж байсан юм.
Э.ХҮРЭЛБААТАР
URL:








