Бөөсөнд хутга хэрэггүй бодлого хэрэгтэй

  • Цэцэрлэгийн хүүхэд бөөстөж байгаагийн цензурыг хэнтэй ярих вэ?

  • Хүүхэд бөөсдөв. XXI зуунд, хананаасаа халуун ус авдаг орчин үеийн сууцанд амьдардаг айлын хүүхэд бас бөөсддөг байх нь. Хүүгийнх нь үсэн дотор “амьтан” үржиж байгааг мэдсэн эцэг, эх эхлээд ичихийн дээдээр ичиж. Гэртээ “соёлын довтолгоо” өрнүүлж хамаг хөнжил гудсаа ариутгаж, нарийн ширхэгтэй сам хайж Улаанбаатарыг бараг дуусгасан байх юм. Амьхандаа ангийнхнаас нь нуугаад байж байтал цэцэрлэгээс нь угаагаад ирээрэй, боломжтой бол шинэ даавуугаар солиод авчраарай, таних тэмдэг хадаарай гэж хөнжил, гудасны даавуу өгч явуулжээ. Боломж гарвал гэж тодотгосон нь эцэг эхчүүдээс багш эд материал, мөнгө төгрөг нэхэж болохгүйтэй холбоотой. Таних тэмдгийн хувьд тэр бүлгийнхний хөнжил гудас нь тэр гэхийн тэмдэггүй, холилдсон байдаг юм байна. Тэмдэггүй болохоор чиний миний ялгаагүй таарсан хөнжил даавуунд хүүхдүүд унтана. Ер нь тэр эцэг, эх бөөсний эх үүсвэрийг даавуу гэж сэжиглэж байгаа юм. Бөөсдсөн “товарищ” Хан-Уул дүүргийн 72 дугаар цэцэрлэгийн гурван настнуудын бүлэгт “алба хаадаг” юм. Тэр даавуу нь өнгөө алдаж элэгдсэн, нимгэрч бөөсдсөн /чанаргүй даавууны материалын бөөгнөрөл/, тэгээд угаахгүй удсанаас айхтар үнэр танартай болсон байж. Хүүгээ ийм юманд унтаж байсан гэж бодохоор л өрөвдөөд байх юм гэж ээж нь дуу алдана. Ингээд болоогүй, шинэ даавуу аваачаад гайгүй хөнжилд хийчихье гээд хайтал тэр цэцэрлэгийн хөнжилүүд нь элэгдээд гарын аясаар урагддаг болчихож. Татахаар л тарр хийгээд үйрнэ. Энэ эрчээрээ эрхлэгч дээр нь ороод хүүхэд бөөсдсөн, бөөсдөхөөс ч аргагүй даавуунд унтаж байна гээд гомдоллотол эрхлэгч өмнөөс нь улсаас даавуу солих мөнгө бүү хэл халбага сэрээний ч мөнгө өгдөггүй. Танай хүүхдийн ангийн хоёр багшийг хоёуланг нь сольсон одоо гайгүй болох байлгүй дээ гэж учир байдлаа тайлбарлажээ.
БАГШИЙГ НЬ СОЛЬСОН БАЙДАЛ ДЭЭРДЭХ БИЗ…

Ангийн багш сольсон учир нь эцэг эхчүүдээс хэд хэдэн гомдол ирснээс үүдэлтэй аж. Нэг хүүхэд цэцэрлэгт орсноосоо хойш дөрвөн кг турсан байна. Ер нь хүүхдүүд цэцэрлэгт явах дургүй болсон. Өглөөний дасгал хийлгэдэггүй гэхчлэн асуудлууд багш нарын  халагдах шалтгаан болжээ.

Ингээд бодохоор багш нарт их учир байгаа биз. Хүний хүүхдийг хайнга хардаг, хараа хяналт байхгүй. Ариун цэврээр тааруу, ажилдаа муу гээд гоочилбол гоочлохоор. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Нөгөө талаас нь аваад үзвэл бас ч аргагүй дээ гэж бодогдоно.

Тэр анги 60 хүүхэдтэй. 60 хүүхдийг хоёрхон багш “маллана”. Хоёр хүнд 60 хүүхдээ даатгачихаад араас нь хариуцлага ярина гэдэг бас өрөөсгөл л дөө.Энгийн бид ижил насны хоёр хүүхэд харахдаа яадаг билээ, жишиж үзэх л асуудал. Гэтэл тэр хоёр багш хэл, хөлд чүү чай орсон, хэл үг ойлгохтой үгүйтэй,80 чавганцын ажлыг нэг дор хийдэг 60 хүнийг нэг зэрэг харна гээд бод доо.Ганц харах ч биш, хооллоно, унтуулна, босгоно, хувцаслана, дуу шүлэг заана, биеийн тамиржуулна гээд цэцэрлэгийн багшийн ажил үүргийн хуваарьт түмэн юм бичээстэй байдаг. 60 хүүхэд харж байгаа хүнд бол юун тэр сургалтын хөтөлбөр, өнгө, дүрс ялгах, хэл ам зүгшрүүлэх дасгал сургууль. Ёстой орой эцэг эхэд нь бүрэн бүтэн хүлээлгэж өгч байгаа нь их юм болдог биз.

Бөөс гэдгийг бараг устсан гэж бодтол цэцэрлэгийн хүүхдийн толгойноос олдсон гэхээр шорон, цэцэрлэг хоёрын ариун цэвэр ижилхэн байна гэсэн үг үү гэсэн асуулт гарч ирсэн. “Ариун цэвэр маш муу” гэж дүн тавьж болох ч 60 өөр орчноос ирж байгаа хүүхдүүд шүү дээ. Нэг нь авчирлаа гэхэд нийтэд тарах бүрэн боломжтой. 60  хүүхдийг өдөржин дагаж, цэвэрлэж, угааж арчина гэдэг туслах багшийн хувьд хүнд даваа.

Бөөсдсөн нөхрийн ээж “манай хүүхдийн үсний боолтыг дандаа сольж боосон байдаг, хөөрхий хувцсаа өөрөө өмссөн бололтой, дотуур өмдөө буруу харуулчихсан, өмдөө татахдаа хэд дахин эргүүлчихсэн ирдэг, багш нь хардаггүй юм байхдаа” гэж байнга гомдоллодог байсан юм. Аргагүй юм байна, тэр олон хүүхэд босгож хувцаслаж, цайлж байгаа хүмүүс яаж ч нэг бүрчлэн тулж ажиллахав. Хоолоо иддэггүйг нь идүүлэх гэж, хувцсаа өмсдөггүйг нь өмсүүлэх гэж, уйлдагийг нь аргадах гэж явсаар өдрийг бардаг байлгүй дээ. Өдрийн бараг талыг авдаг нэг ажил нь аяга шанага угаах. Цэцэрлэгийн дүрэмд туслах багш цэвэрлэгээ үйлчилгээ хариуцдаг ч жорлон угаасан гараар аяга угааж болохгүй гээд үндсэн багш аяга таваг угаах ажил хийх ёстой байдаг. Энэ ажилдаа багш нар хамаг цагаа бараад хүүхдүүдээ хүмүүжүүлэх, дуу шүлэг заах цаг гардаггүй гэж гомдоллодог юм билээ. Хоёр гурван ч цэцэрлэгээр сурвалжлага хийж явахад яг л ийм дүр төрх харагдсан. Үдийн хоолны дараа үндсэн багш ёстой цахилгаанд залгагдсан юм шиг хурдан угаагаад байгаа боловч хүүхдүүдийн унтах цагтай уралдаж дуусгаж байгаа юм. Юун тэр хичээл заах барих. Ингээд бодохоор тэр гологдсон багш ч бас л аргагүй 60 хүүхдийн тавгыг ганцаараа угаах гэсээр байтал хамаг цаг нь явчихдаг байсан байлгүй.

ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ЯВАХЫН САЙН ТАЛ  ХООЛНЫ ДУРШИЛ НЬ НЭМЭГДЭХ

Энэ нийтлэлийг бичих шалтгаан олгосон “нөхрийн” хувьд цэцэрлэгт явснаас нь хойш гарсан хамгийн том өөрчлөлт хоолны дуршил. Орой гэртээ орж ирэхдээ юм идье, өлсөөд байна гэдэг үгтэй болсон байна. Нэг талаас цэцэрлэгийн хоол муу байж болно, нөгөөтэйгүүр багш нар хэн, юу идэж байгааг нэг бүрчлэн анхаардаггүй ч байж болох, 60 хүүхэд нэг дор хооллож байгаа юм чинь.

Ер нь хоёр багш 60 хүүхдийг хооллож, унтуулж, хувцаслаж, тарьсан новшийг нь цэвэрлэхдээ хэр хугацаа зардагийг цаг харж байгаад хэмжиж үзмээр юм.Тэгээд дараа нь цэцэрлэгийн багшаа нэмэх үү, эсвэл муу ажиллаж байна гэж шүүмжлэх үү, хүүхдээ хасах уу эсвэл цэцэрлэгээ томосгох уу гэдгээ шийдмээр.

Цэцэрлэгт өвчин хууч, ханиад томууны тархалт их байгаа тухайд бол шүүмжлээд ч хэрэг алга. Жаран  амьсгал холилдож байгаа газар ямар л бол ямар вирус хялбархан тархана. Нэг ээж эмчид хүүгээ үзүүлэхдээ цэцэрлэгт явахаараа л болохоо больчих юм гэж учирлахад урьдаас нь цэцэрлэгт өгөөд багшид даатгаад хаячихаар яаж өөдөлдөг юм, хүүхдээ гэртээ хар гэж зөвлөсөн байх юм. Эмч хүртэл ингэж хэлэхийг бодоход цэцэрлэгийн даац арай л хэтэрчээ.

Тэгэхээр ер нь эцэг эхчүүд эхлээд хүүхдээ ямар орчинд, юу идэж, юу сурч, юун дээр унтаж байгааг нэг өдөр цэцэрлэг дээр нь өнжөөд харчих хэрэгтэй. Багш нар ч байгаа байдлаа ний нуугүй далдалж нуулгүйгээр харуулчих хэрэгтэй.Бага насны хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлэх чадваргүй, юу дутагдалтай, юу илүүдэлтэйд нь энэ мэтээр  анхаарал тавихгүй бол хэн ч мэдэхгүй. УИХ-ын гишүүд тэр цэцэрлэгт хөнжил хэрэгтэй байгаа гэж санаачлагаараа төсөв батлахгүй нь тодорхой.

Эцэг эхчүүд нь цэцэрлэг олдохгүй байна гэж гомдоллоод, төр нь цэцэрлэг яаж барих вэ гэдэг дээр төвлөрчихөөд, цэцэрлэгүүд нь ямар байдалтай  ажиллаж байгааг анхаарахаа байчихаж. Осолдохгүй л хүүхдийн хоолны мөнгийг нь өгч байгаа бололтой. Харин тэнд хөрөнгө оруулалт, ариун цэвэр, зохион байгуулалт, ажиллах хүч, дэг журам гээд олон юм хэрэгтэй. Хүүхдээ бөөсдүүлсэн эцэг эхийн тухайд бол бууж өгчээ. Цэцэрлэгт явахаараа л ерөөсөө өөдлөхгүй өвдөөд ханиад нуснаас салахгүй, сүүлдээ бөөсдүүлж хүртэл үзсэн болохоор ээж нь ажлаасаа гарч, хүүгээ харах шийдэлд хүрсэн байна. Улс маань ажилтай орлоготой Монгол хүн болцгооё гээд л рекламдаад байдаг. Хэрэг дээрээ ажилтай орлоготой болоход наад зах нь хүүхдийн цэцэрлэгийн асуудал утгаараа тээг тавьж байна. Ингээд нэг өрхийн орлогын тавин хувь зогсч, энэ айлын эдийн засгийн эргэлт тал хувиар саарна. Зөвхөн нэг Монгол айлаар жишээлэхэд улс орон ийм байдлаараа хурдан хөгжих үү. Эхлээд суурь асуудлаа шийдье, дараа нь том ярья, улч төрчид, улс орон минь.


URL:

Сэтгэгдэл бичих