Зудтай нутгийн охид, эмэгтэйчүүдэд туслахаар болжээ

НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын Засгийн газартай хамтран зудад нэрвэгдсэн бүс нутгийн охид, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэхээр боллоо. 24 сая төгрөгийн өртөг бүхий эрүүл ахуйн хэрэгслүүдийг эхний ээлжинд цаг хүндэрсэн зургаан аймагт өгөхөөр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсын 20 аймгийн 98 сум цагаан зудтай байна. Өвөлжилт хүндэрсэн, цас ихтэй бүс нутагт нийт 62 мянган иргэн байгаагийн 3300 нь бие давхар эмэгтэйчүүд байгааг Онцгой байдлын ерөнхий газрынхан хэлж байна.

2015 оны зун хуурайшилт ихтэй байсан. Мөн 12 дугаар сард зарим нутагт хөрсөн дээрээ 50 хэм хүрч хүйтэрсэн. Энэ нь малчдын бэлчээр хомсдож, өвс тэжээл барагдан зуд нүүрлэх шалтгаан болсон. Зудтай байгаа орон нутгийн малчин өрхүүдийн хувьд бэлэн мөнгөний хомсдол хамгийн хүнд асуудал байдаг. НҮБ-аас өгч байгаа энэ тусламж эмэгтэйчүүд болон өсвөр насны охидын өвөрмөц хэрэгцээг хангахад чиглэгджээ.

Энэ талаар НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “НҮБ-ын Хүн амын сангаас нийт 12 мянган долларын өртөг бүхий 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг багтаасан 120 багцыг зудтай аймгийн охид, эмэгтэйчүүдэд тусламж болгон илгээж байна. Эмэгтэйчүүд бол Монголын нийгмийн тулгуур хүч. Тиймээс зудын нөхцөлд тэдний аюулгүй байдал, нэр төрийг хамгаалах алхмыг бид энэхүү тусламжаар дамжуулан эхлүүлж байна” гэж ярилаа.

2010 оны зудад долоон сая мал хорогдсон. Энэ нь нийт малын 16 хувийг эзэлж, хөдөөгийн иргэдийг эдийн засгийн хүнд байдалд оруулж байсан. Өнөөдөр 113 сум зудархуу байна. Тиймээс Улсын нөөцөөс өвсийг үнэ төлбөргүй, малын тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болжээ.

НҮБ-ын Хүн амын сангаас өгсөн тусламж ирэх долоо хоног гэхэд эзэддээ хүрэх гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих