Өнгөрсөн хоёрдугаар сарын статистик мэдээллийг хүргэлээ

Өнгөрсөн хоёрдугаар сард улсын хэмжээнд татварын нийт орлого 27 тэрбум гаруй, татвар төлбөр хураамжийн орлого 50 гаруй тэрбумаар, гадаад үйл ажиллагааны орлого 3 тэрбумаар өмнөх оны энэ үетэй харьцуулахад дутсан үзүүлэлт гарчээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 250 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарсан байна.

Ер нь дэлхийн 105 оронтой худалдаа хийгдсэн нь 965 сая долларт хүрчээ. Эндээс экспортын хэмжээ 613 сая, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 139 сая доллараар буурсан. Импортын талдаа 352 сая долларын худалдаа хийгдсэн нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад 110 сая доллараар тус тус буурсан гэж УБСЕГ-ын Макро Эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан ярилаа.

Харин энэ оны хоёрдугаар сард улсын хэмжээнд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 552-оор буурчээ. Банк санхүүтэй холбоотой статистикаас хүргэвэл хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ 974 тэрбумд хүрчээ. Чанаргүй зээлийн хэмжээ 889 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Банкны систем дэх нийт зээлийн 11 хувийг ипотекийн зээл эзэлж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард ажил эрхлэгчдийн цалингийн хэмжээ тэр дундаа бага, дунд цалинтай иргэдийн цалин буурсан, өндөр буюу 1 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн цалингийн хэмжээ өсөлттэй дүн гарчээ.

Мөн Хүний хөгжил сангаас шинэ он гарснаар 18 хүртэлх насны 959 мянган хүүхдэд 38.8 тэрбум төгрөг олгоод байгаа зэрэг мэдээллийг УБСЕГ-ын Хүн ам нийгмийн статистикийн газрын статистикч Т.Уянга өглөө.


URL:

Сэтгэгдэл бичих