Инфляцийн өсөлт ба төлбөрийн тэнцэлийн алдагдал

 olloo_mn_1419556716_zsg919111Үндэсний Статистикийн Хорооноос нийгэм, эдийн засгийн дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа.

Инфляци улсын хэмжээнд  өмнөх 3 дугаар сараас 1.4 хувь,  оны эхнээс 3.1  хувиар өссөн байна. Ийнхүү инфляци дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Харин Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өсөхөд боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 23.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 Гадаад худалдааны тэнцэл  418.0 сая ам.долларын ашигтай гарлаа

Манай улс эхний дөрвөн сард дэлхийн 120 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2210.1 сая ам.доллар болжээ. Үүнээс экспорт 1347.4 сая ам.доллар, импорт 862.7 сая ам.доллар болсон байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ  өмнөх оноос 276.4 сая ам.доллар буюу 11.1 хувь, үүний дотор экспортын хэмжээ 104.9  сая ам.доллар буюу 7.2  хувь, импортын хэмжээ 171.5 сая ам.доллар буюу 16.6 хувиар буурчээ.  Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны эхний 4 сард 418.0 сая ам.долларын ашигтай байсан бол он гарсаар 484.6 сая ам.доллар байна.

Мөнгөний нийлүүлэлт 10.5 их наяд төгрөг хүрчээ

2016 оны эхний дөрвөн сарын байдлаар М2 мөнгөний нийлүүлэлт 10.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 411.5  хувиар өссөн бол жилийн өмнөхөөс 8.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 4 дүгээр сарын эцэст 745.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 86.5 тэрбум төгрөг буюу 13.1 хувь, өмнөх оны мөн үеэс 10.2 тэрбум төгрөг буюу 1.4 хувиар өсчээ.

Чанаргүй зээлийн хэмжээ 1064.6 тэрбум төгрөг болжээ

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 4 дүгээр сарын эцэст 1064.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 96.8 тэрбум төгрөг буюу 10.0 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 317.6 тэрбум төгрөг буюу 42.5 хувиар өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.2 хувийг эзэлж, өмнөх сараас 1.0 пункт, өмнөх оны мөн үеэс 3.1 пунктээр нэмэгдсэн байна.

Үнэт цаасны гүйлгээ 2.3 хувиар буурчээ 

Монголын Хөрөнгийн биржээр Засгийн газрын үнэт цаасны арилжаа хийдэг болсноор гүйлгээний хэмжээ өссөн. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 30.0 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар буурчээ. 2011 оноос хойш зах зээлийн үнэлгээ тогтмол буурч, 2014 онд эргээд өсч эхэлсэн ч 2016 онд  саарах төлөвтэй байна.

 Төлбөрийн тэнцэл 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Тодруулбал улсын төсвийн  орлого, тусламжийн нийт хэмжээ  1656.3 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2319.9 тэрбум төгрөг болжээ. Төсвийн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 418.8 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 1.1 хувиар буурч, зарлага 20.8 хувиар нэмэгдсэн байна.

 

Б.Заяа

unen.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих