АСЕМ-д 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцоно

Улаанбаатар хотноо энэ оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад АСЕМ-ын гишүүн 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцохоор болоод байна.

1092

 

Энэ тухай болон хурлын бэлтгэл ажил, бусад айлчлалуудын талаар Гадаад хэргийн сайдЛ.Пүрэвсүрэн өнөөдөр ГХЯ-ны “Мэдээллийн цаг”-аар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж байгаа тул энэ удаагийн уулзалтыг “Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулна.

 

Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан  бөгөөд энэ сарын 12-ноос эхний зочид ирэх юм. Энэ удаагийн чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллага бүрэн төлөөлөлтэйгөөр оролцоно. Тухайлбал, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск, Европын комиссийн Ерөнхийлөгч Ж.К.Юнкер, Европын Гадаад харилцааны албаны Дээд төлөөлөгч Ф.Могерини нар хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байна. Мөн дээд түвшний уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нар зэрэг 4-5 улсын төр, засгийн тэргүүн нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна.

 

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө есөн дагалдах хурал болохоор төлөвлөгдсөний тав дахь хурал нь амжилттай зохиогдож дууслаа. Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 4-нд эхэлсэн  “Ази-Европын Түмний чуулган”-д 500 гаруй төлөөлөгч оролцсоны дотор гадаадаас 50 гаруй улсын 214 хүн ирж оролцжээ. Түүнчлэн 7 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд болох Залуучуудын чуулганд Монголын талаас шилдэг 50 залуу, гадаадын 51 орны шилдэг 100 залуу оролцоно. Мөн дөрөв дэх засаглал гэгддэг Сэтгүүлчид, редакторуудын уулзалт, Ази-Европын Бизнесийн уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.

 

Сонгуулийн үр дүнгээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн солигдож байгаа, харин төр залгамж чанараа хадгалж ажиллах ёстойг сайд Л.Пүрэвсүрэн дурдаж, ГХЯ, ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба энэ ажлыг цалгардуулахгүй АСЕМ-ыг амжилттай зохион байгуулахад бүх хүчээ чиглүүлэх болохыг онцлов.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих