Ким Жөн Ун: Америкийг устгах чадалтай цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр байна

99423983_hi043792947-600x337Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун он гарахын өмнө телевизээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ “Америкийг бүхэлд нь устгах чадалтай цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр байгаа. Энэ бол заналхийлэл биш, бодит байдал” хэмээжээ.

Ким Жөн Уны хэлсэн үгний талаар сурвалжлагчид АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Флорида дахь Мар-а-Лаго дахь амралтын газартаа шинэ жилийн баяраа тэмдэглэж байх үеэр сэтгэгдлийг нь асуухад тэрээр “Харж л байя” гэсэн байна.

Хойд Солонгос өнгөрсөн оны хувьд цөмийн зэвсгийн хөтөлбөр гаргаж, пуужингийн туршилтууд хийсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж, хатуу хориг арга хэмжээ авахуулахад хүрсэн.

Ким хэлсэн үгэндээ “Манай улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилтдоо хүрэхэд хэдэн алхам үлдсэн. Нэмж хэд хэдэн баллистик пуужин болон пуужингийн толгойн хэсгийг үйлдвэрлэнэ. Харин энх тайвны асуудал зөрчигдөхөөс нааш эдгээр зэвсгээ ашиглахгүй” гэсэн.

Харин хоёр Солонгосын асуудлын талаар хэлэхдээ “Бид Өмнөд Солонгост болох Өвлийн Олимпод тамирчдаа илгээж магадгүй. 2018 он хоёр Солонгосын хувьд ач холбогдолтой жил болно. Солонгосын хойгт үүсээд буй зөрчлийг намжаах арга хэмжээнүүд авна” хэмээсэн байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Хойд Солонгостой хэзээ ямагт энх тайвны хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Пёончанд болох Өвлийн Олимпыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ли Хи-бёом “Хойд Солонгосын тамирчид ирж магадгүй байгааг сонсоод баяртай байна. Энэ бидэнд шинэ жилийн бэлэг шиг л санагдаж байна” гэжээ.

Өмнөд Солонгосын Пусаны Их Сургуулийн улс төрийн ШУ-ы профессор Роберт Келли “Америк Хойд Солонгосыг бусад орноос зааглах хандлага үзүүлсэн энэ үед Ким Жөн Ун Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах талаар үг хэлсэн нь ухаалаг үйлдэл боллоо” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих