Оны хамгийн, хамгийн гишүүн

Энэ оны хамгийн, хамгийн гишүүдийн хамгийн үглээ гишүүнээр Н.Ганбямба тодроод байгаа аж. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ямар ч асуудал хэлэлцсэн тэр бүгдэд хошуу дүрдэг нэгэн. Зарим гишүүд эрчим хүч бол эрчим хүч, хууль бол хууль гээд л өөрийн мэддэг салбартаа өндөлздөг. Гэтэл Н.Ганбямба гишүүн тийм биш ээ. Энэ нь түүний хувийн онцлог ч байж болох. Өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн чуулганы үеэр байнгын хороодын дарга нарыг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Дөрвөн байнгын хорооны даргыг хэлэлцэж байхаар бүгдийг нь нэг дор хэлэлцэх ёстой” гэсэн юм. Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Та өөрийгөө хамгийн үглээ гишүүн гээд тодорхойлчихсон байна билээ. Үүнийгээ нотлох гэж байгаа юм шиг ийм зүйл яриад байх юм” хэмээн танхимд байгаа ангийнхныгаа инээлгээд авсан. Энэ оны хавар, намрын чуулганы хамгийн идэвхтэй гишүүнээр Ж.Сүхбаатар, Д.Ганхуяг, Я.Батсуурь, Р.Буд нар тодорсон аж. Энэхүү судалгааг vip76 сайтаас гаргасан байна. Мөн УИХ-д хамгийн их чөлөө авсан, томилолттой байсан гишүүд бол УИХ-ын гишүүн С.Баяр, Г.Занданшатар нар юм. УИХ-ын гишүүн С.Баярын хувьд биеийн байдлаасаа болж үе үе УИХ-ын даргаас чөлөө хүсэн АНУ руу эмчлүүлэхээр явдаг. Тэрбээр эрүүл бол эр хүний замын хүзүү урт гэж үздэг учир Ерөнхий сайд, намын даргынхаа суудлыг С.Батболдод шилжүүлсэн нэгэн. С.Баяр гишүүн энэ оны сүүлийн чуулган болох намрын чуулганыг өндөрлүүлэхийг хүлээж чадалгүй саяхан АНУ-д эмчлүүлэхээр ээлжит чөлөөгөө УИХ-ын даргаас авсан байна. Харин УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд гадаадын улс руу томилолтоор хамгийн их явдаг аж. Энэ жилийг хамгийн дуулиантайгаар үдсэн гишүүн бол УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт. Тэрбээр Төсвийн нэгдсэн төслийг чуулганаар хэлэлцэж байх үед зам хальтиргаатайн улмаас яамныхаа байрнаас Төрийн ордон хүртэл хагас цаг түгжирсэн юм. Түүний энэхүү үйлдэл УИХ-ын даргыг нэлээд бухимдуулж Ерөнхий сайдад сануулга өгөхөд хүргэсэн. Арга ч үгүй, машинд суулгүй, хэд алхаад орчих газар сайд даргынхаа өөдөөс “түгжирчихлээ” гэж хэлсэн нь оны дуулиантай хоцролт болсон юм. Өөрийн санаачилсан хуулийн төслөө батлуулах гэж уйгагүй зүтгэсэн гишүүд бол УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, БОАЖ-ын сайд Л.Гансүх нар. Д.Балдан-Очир гишүүн энэ онд “Монгол мал” хөтөлбөрөө чамгүй сайн “рекламдсаны” эцэст батлуулж чадсан бол сайд Л.Гансүх айхтар хөрөнгө шаардсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрөө утаагүй Улаанбаатарыг бий болгохын төлөө авч хэрэгжүүлэх алхам гэсээр гишүүдийн дэмжлэгийг авсан. Тэгэхээр энэ онд хөрөнгө шаардсан томоохон төслөө батлуулж чадсан азтай гишүүд гэж нэрлэхэд буруудахгүй болов уу. Харин оны хамгийн их хэл ам дагуулаад байгаа гэрээ бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ. “Монголын эзэмшлийн 34 хувь долоо болтлоо буурлаа” хэмээх мэдээлэл нь Оюутолгойгоос их зүйлийг хүлээж байсан хүмүүсийн гайхшралыг тө­рүүлсэн юм. Энэ мэдээлэл нь Оюутолгойн ТУЗ, Засгийн газрынхныг ч хөдөлгөөнд оруулаад амжсан. Уг мэдээллийг нийтэд дэлгэсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Батбаяр ч багагүй “од” болсон. Хэл ам дагуулсан энэхүү гэрээ он гараад ч үргэлжлэх нь лавтай. Дараагийн хэл ам дагуулаад байгаа хууль нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль юм. Алтны шороон ордын 254 лицензийг хүчингүй болгосон хуулийн зорилго нь байгаль дэлхийгээ аварч үлдэх. Харин энэ нь эргээд бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, тэнд ажиллаж буй иргэдийг хохироож байна, улс иргэдээ бодох хэрэгтэй гэх маргааныг дагуулаад байгаа. Цаашлаад оны дуэль хэрэлдэгчдийг тодруулах үлдлээ. Үүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нар зүй ёсоор орно. Хэрэлдэх болсон шалтгаан нь С.Эрдэнэ гишүүний хүчин зүтгэдэг Ардчилсан хүчний холбооноос болсон юм. Э.Бат-Үүл гишүүн уг холбоог хуучнаар МАХН-ын захиалгат урвагчид юм биш үү гэсэн нь С.Эрдэнийн зэвүү дургүй хоёрыг нь зэрэг хөдөлгөсөн. Ингээд л дуусашгүй маргааны эхлэл тавигдсан юм. Да­раа­гийн сонирхолтой, оны мартагдахааргүй “дуэль мэтгэлцэгчид” бол залуу хуульч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой цэц булаацалдсан явдал. Ж.Сүхбаатар гишүүний хувьд Ц.Нямдорж сайдад заамдуулсан гэдгээрээ дуулиан тарьсан бол Х.Тэмүүжиний хувьд байнгын хороо, чуулганы хуралдааны үед чи, би дээрээ тулан хэрэлддэг нь оны хамгийн дуэль хэрэлдэгчдийн эгнээнд багтахад хүргэлээ. Мөн Оюунтолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслөөс болж чамгүй хэрүүл үүсгэсэн гишүүд бол УИХ-ын гишүүн, хэрэлдэж, маргахдаа гаргуун Н.Батбаяр, Сангийн сайд С.Баярцогт хоёр. УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нарын маргааныг хамгийнд онцолж байна. Сайд Д.Зоригт хүнд суртал гарган Ц.Батбаяр гишүүнд хэрэгтэй материалыг нь өгөөгүйгээс болж энэ хоёрын дуусашгүй хэрүүл эхэлсэн. Хэрүүл цааш үргэлжилсээр Ц.Батбаяр гишүүн Д.Зоригтыг шалгуулж, сайдын суудлаас огцруулахын төлөө ажиллахаа мэдэгдэхэд хүргэсэн. Үүний хариуд Д.Зоригт сайд “Шалгуул, шалгуул” гэснээр дуэль хэрүүл он дамжин улам сонирхолтой өрнөхөөр харагдаж байна.

Ц.ЭНХЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих