Хоёрдугаар ээлжнийхэн “ЭРДЭНЭС МОНГОЛ”-оос хооллоод эхэлчихжээ

17918

Цагаан сарын өмнөх завгүй өдрүүдийг далимдуулан Засгийн газрын хуралдаанаас нэгэн хачирхалтай шийдвэр гаргажээ. Тодруулбал, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийг даргалахаар болов. Ингээд тодорхойгүй шалтгаанаар тус компанийнн удирдлагыг ийнхүү сольж, давхар дээлтэй дарга ТУЗ-ийг толгойлохоор болсон аж.

Хамгийн гол нь, Б.Бат-Эрдэнэ гэгч нөхрийг өнгөрсөн нэгдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон. Гэтэл сар хүрэхгүй хугацааны дараа дахин томилгоо хийж, Монголын уул уурхайн салбар дахь төрийн мэдлийн томоохон компаниудын толгой байгууллагын дарга болгосон нь энэ. Харин хэн ч харсан асуудалтай гэдэг нь илэрхий энэ шийдвэрийг Засгийн газраас үхэн хамгаалж байгаа.

Тэгэхдээ энэ шийдвэрийнхээ үндсэн шалтгааныг ЗГХЭГ-ын дэд дарга төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийг удирддаг гэсэн хачирхалтай тайлбараар хаацайлах юм билээ.

Байгуулагдсанаасаа хойших 10 жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх, ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлэх, компаниудын үйл ажиллагааг Засгийн газрын бодлоготой уялдуулах зэрэгт анхаарч ирсэн. Үүний харъяанд “Эрдэнэс Оюу Толгой” ХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК багтдаг. Монголчуудын амьдралд олон талаар хамааралтай, эдийн засгийн онцгой үр нөлөө бүхий газрууд гэсэн үг.

Тэгвэл энэ газрыг давхар дээлтэй даргаар удирдуулах сонирхол хэнд байв. Мэдээж Б.Бат-Эрдэнэ шиг туршлага нимгэн, залуу хүнд ар татаас байгаа болоод л ийм өндөр сэнтийд сууж таарна гэх хардлага түлхүү явагдаж байгаа.

Харин эх сурвалжийн мэдээлснээр, Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын дэд дарга, дараа нь “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн даргаар томилох шийдвэрийн цаана ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар бий гэнэ. Үүнээс улбаалан асуудлыг хөөн судлахад Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан аж. Тэгэхдээ энэ хугацаанд У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай ойртож чадсан сүйхээтэй нэгэн бололтой.

Түүнээс гадна тэрбээр С.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөх нь байсан гэдэг. Тэгэхээр эхнээсээ албан тушаалын дардан замаар ах нарын дэмжлэгтэйгээр торох юмгүй урагшилсан түүнийг чухал ач холбогдолтой дарга нарын суудалд аваачсан нь яав ч санамсаргүй хэрэг биш болж таарах нь. Уг нь улстөрөөс тун ч хол, түүх судлаач мэргэжилтэй, сүүлд агаарын тээврээр мэрэгшсэн юм билээ. Гэхдээ ямар мэргэжил, мэргэшилтэй байх нь дарга болохтой өчүүхэн ч холбоогүй гэдгийг энэ томилгоо батлан харууллаа.

Хамгийн гол нь, хэдийгээр томилгоог Цагаан сарын өмнөхөн хийсэн ч бүр эртнээс ярьж тохирсон байсан тухай мэдээлэл бидэнд ирсэн. Тодруулбал, он гарсны дараахан л ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамбыг сольж, Г.Занданшатарын хүнийг уг албанд томилох гэж байгаа тухай яриа Саарал ордонд тархсан. Гэтэл удаа ч үгүй Б.Даажамба өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах өргөдлөө бичсэн. Ингээд шинэ дэд дарга ирсэн нь НАМЗХ-д байсан Б.Бат-Эрдэнэ болж таарсан. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын хүн гэдэг нь эргэлзээгүй, өөрөө ч түүнийгээ нуудаггүй нэг нөхөр дэд дарга болоод ирсэн хэрэг.

Ингээд байж байтал хоёрдугаар сар гарч, “Эрдэнэс Монгол”-ийн ТУЗ хуралдаж, Б.Бат-Эрдэнийг даргаар сонгох шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын Засгийн газар хэлсэн амнаасаа ухарч, давхар дээлтнүүдээр төрийн албыг дүүргэлээ.

“Эрдэнэс Монгол”-ийн хувьд хэзээдээ сайн нэртэй байгаагүй. Үе үеийн дарга нар нь шахааны бизнесээр хөлжсөн гэх шүүмжлэл, хардлагад өртдөг. Төрийн өмчийн компаниудыг нэгтгэсэн энэ байгууллага Засгийн эрхэнд гарсан намуудын халаасыг дүүргэх гол хэрэгсэл болдог ч гэгддэг. Харин энэ удаагийн яаран гаргасан шийдвэр, томилгоо дээрх хардлагыг яах аргагүй баталж байна.

Тэгээд ч дээр дурдсан төрийн өмчит компаниуд ямаршуу байдлаар ажилладгийг хүн бүр мэддэг болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, “Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын ашиглалт, ашигт ажиллагаа, өгөөж, засаглал, өмч хувьчлалын бодлогыг шинэ шатанд гаргана” гэсэн маш том зорилт дэвшүүлсэн. Гэтэл уг үндсэн чиглэлийн төсөлд дээр дурдсан том зорилтын хүрээн зөвхөн баримт бичгийг боловсруулах ажил тусгагджээ. Ийм зорилт байж болохгүй гэж үзэж байна. Учир нь төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг сайжруулах, өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр эдийн засгийн маш том боломж байна. Өнөөдөр төрийн өмчит компаниудад 45 мянган хүн ажиллаж байна. Гэтэл компаниа өрөнд оруулчихаад өндөр цалин авч, өндөр оффис түрээслэн, хамгийн үнэтэй машин унадаг хариуцлагагүй захирлууд байж болохгүй. Хариуцлага тооцох ёстой. Тиймээс төрийн өмчит компаниудын менежмент, засаглалыг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Эрдэнэс Монгол ХХК-ийн асуудлыг авч хэлэлцлээ. Монгол Улсын гурван сая иргэн энэ компанийн хувьцааг эзэмшдэг. Энэ компанийн тухайд маш хүнд нөхцөл байдал үүсчээ. Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компаниудын нийт өр зээл 4 их наядад хүрсэн байна. Энэ бол 10,4 их наяд өрөөс гаднах өр. Төрийн өмчит компаниудын өрийн удирдлага, менежмент, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Одоогоор төрийн өмчит 100 орчим компани үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд төрийн өмчит компаниудын өр өмнөх жилүүдийнхээс 3,3 дахин нэмэгдсэн буюу 10,8 их наяд төгрөгт хүрчээ. Эхний эхнээс өнөөдрийг хүртэл төрийн өмчит компаниудын өрийг барагдуулах талаар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд 9,5 их наяд төгрөгийн өртэй болсон бөгөөд энэ богино хугацаанд 1 их наяд 300 тэрбум төгрөгийн өрийг барагдуулаад байна” гэсэн юм.

Энэ бол маш том баримт. Өөрөөр хэлбэл, төдийгөөс өдийг хүртэл намуудыг халаасыг дүүргэж ирсэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагыг Г.Занданшатар өөрийнхөөрөө дэглэж байгаа нь, хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо нэгэнт орчихсныг харуулж байна.

“НИЙГМИЙН ШУУДАН” сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 22 February 2018

Арай ч дээ. Хэлэх үг алга.

Сэтгэгдэл бичих