Монгол, Солонгосын барилгын ассоциацууд санамж бичиг байгууллаа

25871184b41301e278c12a4e4b1be5a1-550x300Монголын барилгын үндэсний ассоциаци /МБҮА/ БНСУ-ын Барилгын ассоциацтай хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслол өнөөдөр  /2018.05.03/ боллоо. МБҮА шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх стратегийн хүрээнд БНСУ-ын Барилгын ассоциацитай холбоо тогтоосны дагуу дэд ерөнхийлөгч Жон Бён Юнь тэргүүтэй төлөөлөгчид МБҮА-ийн ерөнхийлөгчдийн урилгаар энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

БНСУ-ын Барилгын ассоциаци нь 1945 онд үүсэн байгуулагдсан, өдгөө 70 гаруй жилийн түүхтэй, нийт 7000 гаруй гишүүн байгууллагатай томоохон мэргэжлийн холбоо бөгөөд МБҮА-тай санамж бичиг байгуулснаар хот төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлт, ухаалаг орон сууцны шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулан хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашлаад олон улсын мега төслүүд дээр хамтран ажиллаж, манай улсын барилгын салбарыг олон улсын тавцанд гаргах үндэс суурь болж байгаа юм. Санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээнд МБҮА-ийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, Б.Хүрэлхүү, Б.Нэмэхбаатар болон Удирдах зөвлөлийн гишүүд, БНСУ-ын Барилгын ассоциацийн талаас дэд ерөнхийлөгч Жон Бён Юнь, Бодлогын хорооны дарга, “Doosan Engineering and Construction” группын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Те Вон, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кан Ён Гиль нар оролцлоо.

БНСУ-ын Барилгын ассоциацийн удирдлага Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нартай уулзаж, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, Улаанбаатар хотын дэд бүтэц, орон сууцны төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах боломжуудыг судлахын зэрэгцээ дээрх чиглэлээр хөрөнгө оруулалт хийх талаар санал солилцох юм байна. Монголын барилгын үндэсний ассоциац (МБҮА) нь 2009 онд байгуулагдсан, манай улсын бүтээн байгуулалтын 70-80 хувийг барьж байгуулсан, барилга, хот байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй гишүүн байгууллагатай аж.

Б.БАТ


URL:

Сэтгэгдэл бичих