Халууны улиралд машин дотроо үлдээж болохгүй зүйлс

Цаг уурчдын баталж байгаагаар хэрвээ гадаа +30 °C байвал машины дотор салонд +60 °C-т амархан хүрдэг гэнэ. Өөрөөр хэлбэл салоны температур хоёр дахин нэмэгддэг гэсэн үг. Стэнфордын анагаах ухааны их сургуулийнхны судалгаагаар түүнчлэн наранд тавьсан машины дотор талын температур  80 %-иар нэмэгддэг болохыг олж тогтоожээ. Тэгэхээр ийм халуун орчин энгийн ахуйн хэрэгсэл, суудал, машины дэлгэц зэрэгт хэрхэн нөлөөлдөг нь ойлгомжтой. Тэгвэл халууны улиралд машиндаа үлдээж болохгүй эд зүйлс, ямар аюултай зэргийг хүргэж байна.

10. Лаазтай хийжүүлсэн ундаа

Машинд сэгсрэгдсээр халуун орчинд үлдсэн ундаа гэнэт тэсэрч, эргэн тойрныг завааруулж мэднэ. Автомашины салоныг чихэрлэг ундааны толбоноос цэвэрлэнэ гэдэг амаргүй аж.

9. Эм бэлдмэл

Эмийн заавар дээр эмийн ямар температурт хадгалахыг үргэлж заасан байдаг. Зарим төрлийн бэлдмэл, тухайлбал антибиотикийг хөргөгчинд хадгалах ёстой бол зарим эмийн хадгалах орчин +25 °C-аас ихгүй байх ёстой. Шинжээчдийн мэдээлж буйгаар халуунд эм бэлдмэлээ үлдээх нь эмчилгээ гэхээсээ илүү хор болох магадлал өндөр гэнэ.

8. Асаагуур

Асаагуурын анхаарулга дээр өндөр температурын үйлчлэлд өртүүлэхгүй, наранд удаан байлгаж болохгүй гэж заасан байдаг. Үүнд ч тодорхой шалтгаан бий. Машины салоны температур халуунд эрс өсдөг тухай бид дээр дурдсан. Харин үүнээс болж машинд үлдээсэн асаагуур дэлбэрэх аюултай аж. Үүний улмаас салоны хуванцрууд сэв зураастай болсон, суудал түлэгдсэн, шил хагарсан гээд л олон таагүй асуудал үүсдэг.

7. Нарнаас хамгаалах хэрэгсэл

Хачирхалтай нь бидний арьсыг нарны хурц туяанаас хамгаалах хэрэгсэл хүртэл халуунд их өртдөг ажээ. Нарнаас хамгаалах тосонд агуулагдах нэгдэл нь өндөр температуртай үед чанараа алддаг байна. Үүний улмаас үр дүн нь мууддаг. Мөн савлагаа нь тэсэрч, арилгахад хэцүү тосон толбо тогтоож мэднэ шүү. Тиймээс нарнаас хамгаалах хэрэгслийг +25 °C-аас ихгүй температурт хадгалах нь зүйтэй.

6. Нарны шил

Нарны шилийг машиныхаа салонд үлдээж болохгүй. Халуунд нүдний шилээ үлдээснээр хүрээ нь хэлбэрээ алдахаас гадна линз нь шатах аюултай. Америкийн нүдний эмгэг судлалын ассоциацийн мэдээлж буйгаар нүдний шилний линз нарны туяаг томруулдаг шилтэй адил татдаг гэнэ.

5. Савтай ундны ус

Энэ талын судалгааны үр дүн харилцан адилгүй. Нэг талаас үзэхэд температур нэмэгдэхэд усанд BPA (бисфенол А) ялгардаг байна. Харин нөгөө талаас баталж буйгаар энэхүү химийн бодисыг бага тунгаар хэрэглэхэд хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй гэнэ. Хамгийн гол нь задлаад, уугаад, халуун машинд үлдээсэн ус хамгийн эрсдэлтэй. Учир нь ууж байхад саванд орсон бактериуд өндөр температурын нөлөөгөөр үржиж, эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэдэг байна.

4. Дарс

Хэрвээ та оройн зоогтоо дарс хэрэглэх гэж байгаа бол эртнээ төлөвлөж, машиндаа хадгалалгүй, орой л худалдан аваарай. Учир нь хүчтэй халалтад дарсны амт өөрчлөгддөг байна. Үүнээс гадна бөглөө нь дээшилсээр асгарах аюултай. Судалгаагаар дарс дулааны үйлчлэлд этилкарбамат (ЕС) буюу хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг канцерогеныг ялгаруулдаг байна.

3. Ухаалаг гар утас болон бусад төрлийн цахилгаан хэрэгсэл

Ухаалаг гар утас болон цахилгаан хэрэгслүүд энгийн температуртай үед ч хэрэглээнээс болж халдаг. Тиймээс гаднаас нь халаах нь мэдээж таагүй байх нь ойлгомжтой. Тухайлбал, утасны зай халснаар хэрэглэх хугацаа нь богиносно. Мөн мэдрэгчтэй дэлгэц, хуванцар гадар, эд ангиудыг хооронд нь наасан цавуу гээд олон зүйлд сөргөөр нөлөөлнө.

2. Аэрозол баллон

Дезодорант, будаг, үсний лакнаас эхлээд баллонтой бүхий л бүтээгдэхүүнүүд орно. Шинжээчдийн баталснаар эдгээр зүйлс +48 °C-т хүрмэгц баллоны дотоод даралт нь нэмэгдэж, жинхэнэ дэлбэрэлт болно.

1. Шилний наалт 

Дээр дурдсан зүйлсээс харахад халуун, нартай үед ямар ч бүтээгдэхүүнийг машинд орхихдоо сонор сэрэмжтэй байх нь зүйтэй болох нь харагдаж байна. Тэгвэл хамгийн сүүлд нь ямар ч гэм хоргүй мэт хэрнээ жолоочий хөөрхөн дөнгөчихдөг нэгэн зүйлсийг хүргэж байна. Энэ бол дугаараа бичээд үлдээхдээ шилэн дээр наадаг сордог наалт юм.

Үүнийг цонхон дээрээ нааж үлдээснээр салоны дотор талыг түлж, үзэмжийг нь эвдээд зогсохгүй жинхэнэ гал үүсгэдэг гэнэ шүү.

 

Нэмэлт: Хүүхэд, амьтан

Сануулахад мөн л илүүдэхгүй байх. Учир нь хүмүүс машины салон халууны улиралд хэд дахин нэмэгддэгийг мэдсээр байж хүүхдүүд, амьтдаа цоожлоод үлдээдэг билээ.

2014 онд Dog Trust байгууллагаас 10 хүн тутмын нэг нь автомашины халсан салонд амьсгаадаж буй нохой харсан гэсэн судалгааг гаргажээ. Амьтны амь насанд нөлөөлөхөд ердөө л 20 минут л хангалттай.

Хүүхдүүдийн хувьд ч адилхан. +46 °C бол хүүхдийн эрүүл мэнд, амь насанд сөргөөр нөлөөлөх температур. Үүн дээр цонхоо онгойлгоод явчихвал зүгээр гэсэн ойлголт байдаг. Гэвч цонх онгорхой үлдээснээр салоны халах хугацааг удаашруулдаг л болохоос огт халаадаггүй гэсэн үг биш юм. Сүүдэрт тавьсан машины дотор ч бас халдаг гэдгийг санаарай.


URL:

Сэтгэгдэл бичих