Монгол Улс 76 хаантай боллоо

УИХ-ын дарга Д.Дэм­бэрэл тэргүүтэй 76 хаан дараагийн сон­гуу­лиар дахин залгамж ха­­лаагаа үргэлж­лүүлэх хууль эрх зүйн орчин өн­­гөрсөн долоо хоногт бүрдсэн билээ. УИХ-ын 76 суудлын төлөө 48 хүн өрсөлдөж, харин үлд­сэн 28 суудалд намын нэ­рийн өмнөөс, ард түм­ний сонголтоос га­­дуур үл­дэгсэд тухлах юм.
Товчхондоо энэ удаа УИХ-д сууж буй гишүүдийн ихэнх нь дараагийн сонгуулиар дахин сонгогдох, гаднаас шинэ хүн орж ирэх магадлал тун багатай хуулийг батлав. УИХ-ын зарим гишүүн Сонгуулийн хууль батлагдсан пүрэв гарагийн /12 дугаар сарын 15/ өглөө архи нь гараагүй шахам чуулганд ирж, өөрсдөдөө ашигтай хууль баталснаа өмнөх орой нь тэмдэглэж ууснаа ойр орчмынхоо хүмүүст сайрхан ярьж байсныг нуух юун.
Ер нь энэ хуулиар одоогийн УИХ-ын ги­шүүдийн бүрэн эрхийг дээд цэгт нь хүртэл хамгаалж, харин бусдых нь эрх ашгийг дорд үзсэн маш олон зүйл, заалт батлагдсан юм. Наад зах нь ил тод хэлчихдэг хэвлэл мэдээллийнхний амыг хаах арга хэмжээг хуулиндаа ихэд сайн зохицуулсан байдаг. Мөн өөрсдийнхөө өрсөлдөгч буюу ирэх сонгуулиар нэр дэвших бодолтой яваа төрийн албан хаагчдыг нэгдүгээр сарын нэгнээс ажлаа өгөх заалтыг хуулиндаа тусгаж өгөв.
Тодруулбал “Улстөрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж хуулиндаа тусгажээ.
Төрийн албан хаагчид болохоор ажлаа өгдөг, улстөрийн албан тушаалтны хувьд сонгууль болтол ажлаа хийж байх ёстой юм уу. УИХ-ын гишүүд ажлаа хийх эрхтэй шиг төрийн албан хаагчдад ч гэсэн ажиллах, амьдрах эрх бий шүү дээ. Үүгээрээ Үндсэн хуулин дахь хүний адил тэгш ажиллах, амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна.
Хамгийн инээдтэй нь энэ удаагийн сонгуульд өрсөлдөөд унасан хүмүүс ч УИХ-д ороод ирэх бүрэн боломж бүрдчихлээ. Хэвлэлийнхэн энэ асуудлыг хангалттай баалсан ч дахин сийрүүлье.
УИХ-ын 76 мандатын 48-ыг тойрогт нэр дэвшигчээс, үлдсэн 28-ыг намуудын авсан саналд хувь тэнцүүлэн хуваарилах юм. Ингэхдээ тойрогт нэр дэвшүүлсэн 48 хүнээ намын листээр жагсах 28 хүнийхээ өмнө эрэмбэлнэ. Тойрогт өрсөлдсөн хүн олонхын санал авбал шууд сонгогдоно. Мөн тойрогт ялж чадаагүй ч намын листээр авсан саналаар УИХ-д орох боломжийг тойрогт нэр дэвшигчдэд  дахин олгоно. Энэ хууль ардчилсан Монголын шударга сонгуульд нийцэж байна гэж үү.
Нэр дэвшигч бүр сонгогдох, сонгуулах эрхтэй. Сонгогчид ч өөрийн итгэл үнэмшлээр хэн нэгнийг дэмжих, дэмжихгүйгээ шийднэ. Гэтэл тойрогт нэр дэвшсэн хүмүүс тойрогтоо ялагдсан ч намын нэрээр авсан саналаар шилжин сонгогдох, бүр листэнд байгаа 28 хүний өмнө эрэмбэлэгдэж сонгогдох боломжтой болсон нь ардчилсан нийгмийн шударга сонголт яавч биш. Нэг ёсондоо тойрогт нэр дэвших 48 хүнд тойрогтоо ялж сонгогдох, ялагдвал намын нэрээр сонгогдох хоёр дахь боломж нь байна. Үүнээс үзвэл сонгуулийн холимог тогтолцоо биш, зөвхөн 48 хүн л УИХ-д яаж ийгээд сонгогдох хоёр боломжийг нэгтгэсэн мажоритари тогтолцоо шиг харагдах аж.
Мэдээж ялна л гэж өрсөлдөхөөс хойш энэ УИХ-д сууж буй МАН, АН голцуу нөхөд дахин УИХ-д суухын тулд хамгийн боломжтй хувилбар буюу 48-д багтахын төлөө чармайна шүү дээ. Муу ч, сайн ч УИХ-ын гишүүн хийж явсан, тойрогтоо 3,5 тэрбум төгрөг зарцуулчихсан хүмүүс эхний удаа ялагдсан ч, хоёр дахь боломжийг атгачих хоншоортой байлгүй яах вэ. Хэн ч танихгүй Даш, Дорж нарт саналаа өгч байхаар өмнө нь бага ч гэсэн ажил хийснээр нь Дулмаа, Дондог нарын нэрийг сонгогчид дугуйлна. Ингээд нийт иргэдийн 28 хувьтай тэнцэх саналыг шүүрч чадвал Дулмаа, Дондог нар дахиад УИХ-д суучих юм.
Тэгэхдээ тойрогт ялагдсан нэр дэвшигч намын санал руу шилжихэд 28 хувийн босго тогтоожээ. Гэвч томсгосон тойрогт олон өрсөлдөгч үзэж байхад сонгогчдын 28 хувийн саналыг авсан нэр дэвшигч ялагдана гэдэг эргэлзээтэй хэдий ч хэдхэн оноогоор хожигдсон нэр дэвшигч намын листний 28-ын урдуур шууд дайрах боломжтой билээ. Эцэст нь эмхлээд хэлэхэд 2012 оны сонгуульд өрсөлдөх эхний 48 хүнд л бүх боломжийг олгосон Сонгуулийн хууль батлагдлаа.
Нөгөөтэйгүүр мөнгөний, луйврын сонгууль болох бүх гарцыг хаасан гэж УИХ-ын гишүүд ярьж байна. Үнэндээ 48-ийн төлөө өрсөлдөөд бараагүй ч саналыг нь хувааж, нийт сонгогчдын 28 хувийг ч болтугай өөртөө урвуулах гэсэн нэр дэвшигчид мөнгө, луйврын сонгуулийг хийж л таарна. Хий хоосон сурталчилгаа, өнгө, мөнгөний сонгууль 2012 онд бүр ч идэвхтэй, жинхэнэ мэргэжлийн хэмжээнд болно гэдэгт эргэлзэх юм алга.
Тэр байтугай 2012 онд гишүүн тус бүр гурав, гурван тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхтэйгээр төсвийг батлуулж орхисон шүү дээ. Нэг тэрбум нь гишүүдийн жилийн жилд авч заншсан мөнгө бол үлдсэн хоёр тэрбумыг өөрсдийн сонгогдсон тойрог, орон нутгийн төсвийг ерөнхийлөн захирагч нарынхаа төсөвт нууж багтаасан гэж болно.
2012 онд улсын төсвийн гурав, гурван тэрбумыг өөрсдийн амлалтаа биелүүлэхэд зориулахаар төлөвлөж, бэлтгэсэн УИХ-ын гишүүд үнэхээр нэг хөнжилд орчихоод байна. Хавар болохоор энд тэнд очиж, тууз хайчлаад, өөрийнхөө мөнгөөр бүтээн байгуулалт хийчихсэн мэт аяглаад эхлэхийг аяндаа харах биз ээ. Түрийвч, хөнжил нэгтэй хүмүүсийг янаглан, амраглаж байна гэж хардахаас өөр яах билээ.
Янаглал нь дэндсэн МАНАН-гийнхан 2012 оны сонгуулиар ямар ч тохиолдолд УИХ-д гарч ирээд, хамтарсан Засгийн газрыг дахин байгуулна гэсэн хатуу тохироог ч хэдийнэ хийсэн гэнэ лээ. Яагаад гэвэл 2013 оноос Монгол Улсын уул уурхай, том том “толгой”-нууд ашгаа их хэмжээгээр өгч эхлэх учраас яаж ийгээд энэ их орлогыг хүртэж, хэмжээлшгүй эрх дархаа улам баталгаажуулах зорилгыг агуулж байна.
Улсын мөнгийг өөрийн эд хөрөнгө мэт зарцуулж, ард түмэнд тал еэвэнг хоёр талаар нь үзүүлж хуурах жүжгийг хийж гаршсан энэ УИХ-ын гишүүд үнэхээр даварчихсан байгаа биз дээ. Өөрсдөө гурав, гурван тэрбумаар нь улсын төсвөөс дур мэдэн зарцуулж, сонгуулийнхаа PR-ийг хийхээр зорьж буй атлаа бусад нэр дэвшигчийг зургаан сарын өмнө ажлаа өгөхийг шаардаж, хяхаж хавчаад ч байх шиг.
Ийнхүү цагтаа Н.Энхбаярын хязгааргүй хаанчлалыг үгүй хийх хэрэгтэй хэмээж байсан Монголын ард түмэн үеийн үед УИХ-д сонгогдох эрхтэй 76 хаантай болчихлоо.
2008 оноос хойш ямар ч сөрөг хүчингүй явж ирсний гайгаар Монголын төр МАНАН-д автаж, 76 тол­гойтой атгаалжин хар мангасаар улсаа удирдуулах нь ээ. Өнөөдөр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж чадсан МАНАН-гийнхан ирээдүйд үр хүүхдүүддээ УИХ-ын гишүүний суудлыг залгамжлуулах хуулийн төслийг бэлтгэх нь ойл­гомж­той.
Юутай харуусал, юутай гутам­шиг вэ.


URL:

Сэтгэгдэл бичих